Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/suwd-1.jpg

Жил бүрийн гуравдугаар сарын 27-нд дэлхийн “Театрын өдөр” тохиодог. Энэхүү өдрийг УДЭТ хэрхэн угтаж байгаа тухай болоод урлаг уран бүтээлийнх нь талаар тус театрын уран сайхны удирдаач, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувдтай ярилцлаа.

-“Театрын өдөр”-ийг угтаж Улсын драмын эрдмийн театр үзэгчдэдээ ямар бэлэг барьж байна вэ?

-1962 оноос хойш дэлхийн “Театрын өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй юм. Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрт байх театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч бүхний баяр байдаг. Манай театрын зүгээс энэхүү баярын өдрөө угтаж жил бүрийн гуравдугаар сарыг “Сонгодог жүжгийн өдрүүд” болгон зарлаж өөрийн урын сан дахь дэлхийн сонгодог бүтээлүүдээс сор болсон жүжгүүдээ дээжлэн авч үзэгч түмэндээ өргөн барьдаг. Энэ жилийн “Сонгодог жүжгийн өдрүүд” маань гуравдугаар сарын 6-наас эхлэн энэ сарыг дуустал тоглогдох болно. Харин баярын өдөртөө зориулж дэлхийн сонгодог бүтээлийн гурван ноён оргилын нэг У.Шекспирийн “Гамлет” жүжиг тайзнаа тоглогдох юм.

Мөн театрын баярын өдрийг тохиолдуулан Дорнод Сибирийн Соёл урлагийн их сургуулийн профессор ОХУ болон Буриад улсын гавьяат жүжигчин Төрийн шагналт “Алтан маск” наадмын шагналт найруулагч Бадагаева Туяна “Орчин үеийн театрын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, “Театрын судлал, шүүмжлэл” сэдвүүдээр сургалт зохион байгуулахаар бэлтгэж байна. Тэрээр манай сонгодог жүжгүүдийг үзэж, мэргэжил нэгт нөхөдтэйгөө дугуй ширээний уулзалт хийн, хамтарч ажиллаж байна. Түүнчлэн ОХУ-ын гавьяат жүжигчин, Буриад улсын ардын жүжигчин, Төрийн шагналт С.Д.Норбосампилович энэ өдрүүдэд манай театрт ажиллах болно. Ер нь бид өнгөрсөн жилээс эхлэн туршлага солилцох сургалтуудыг явуулж байгаа. Хамгийн анх бидэнд Германы мэргэжилтэн ирж сургалт явуулж байсан. Тус сургалтад найруулагч, судлаач, хөдөө орон нутгийн төлөөлөл, оюутнууд маань ирж оролцож байгаа юм. Ийм арга хэмжээнүүд дор театрын өдрөө тэмдэглэж байна.

-Та хэд дэх удаагаа “Театрын өдөр”-ийг тэмдэглэж байна вэ. Ер нь манай Монголын театрынхан энэ баярыг хэзээнээс тэмдэглэх болсон юм бол?

-Манай театр 1992 оноос эхлэн “Театрын өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн. Түүнээс хойш л тэмдэглэж байна даа. Мөн би олон улсын Драмын хороонд Монгол орноо төлөөлөн 1997-2010 оны хооронд дэд ерөнхийлөгчөөр сонгогдож ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа Монголд олон улсын театрын фестивалиуд зохиож байлаа. Энэ фестивалиудын үеэр болон 2001 оноос эхлэн олон улсын сургалтыг зохион байгуулж эхэлсэн. Тухайн үед Олон улсын театрын институтын ерөнхийлөгч ирж манай театрын амьдралтай танилцаж байлаа. Харин манайд 1992 онд Олон улсын театрын институтын Монголын төв байгуулагдсан юм. Ер нь бол олон улсын хэмжээнд Монголын театрыг сайн мэддэг болсон. Манай театр олон улсын сургалтыг зохион байгуулах, гадныхантай хамтарсан уран бүтээл хийх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэх мэт арга хэмжээнүүдийг хийдэг. Энэ ажлыг одоо залуучууд маань маш сайн үргэлжлүүлэн авч явж байна.

- Театрын уран бүтээлчид ирэх сард хөдөө орон нутгаар аялан тоглолт хийнэ гэсэн. Ямар бүтээлүүд тоглогдох вэ?

-Монголын төрөөс баримталж буй соёл урлагийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдэд хүрч үйлчлэх, театрын урлагийг сурталчлах зорилготой “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолтыг 2002 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Энэ удаад Монгол Улсын томоохон хотууд болох Дорнод аймгийн Чойбалсан, Дархан-Уул, Орхон аймагт театрын өдрүүд болох юм. Тодруулбал, Дорнод аймагт У.Шекспирийн “Ромео Жульетта”, Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын “Царцаа Намжил” хүүхдийн жүжиг тоглогдох бол Дархан-Уул, Орхон аймагт оны өмнөхөн нээлтээ хийсэн Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжиг болон “Царцаа Намжил” драмын жүжгүүдээ тоглоно. Бид драмын театрын тайзнаа тавиад удаагүй байгаа энэ том жүжгүүдээ хөдөө орон нутгийнхаа үзэгчдэд халуунаар нь хүргэж байгаа юм. Аль болох хугацаа алдахгүй шинэхэн дээр нь л хүргэхийг зорьж байна. Харамсалтай нь бүх аймагт тоглож чадахгүй юм. Учир нь тайзны бололцоо нөхцөл бүх аймагт ижил биш байна л даа. Бололцоотой газарт бол бид очиж тоглох болно.

-Та сүүлийн үед тайз, дэлгэцийн уран бүтээлд тоглосон уу?

-Би нэг их уран бүтээлд ороод байдаггүй. Ер нь уран сайхны удирдаач гэх ажлыг авснаас хойш тайз дэлгэцийн бүтээлд тоглосон нь их бага. Яахав, ажлынхаа зав зайгаар л цөөхөн жүжигт тоглосон болов уу.

-Та Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг дүүргэсэн. Багш нар тань юу гэж зааж, зөвлөдөг байв?

-Миний мэргэжлийн багш Борис Андреевич Бабочкин гэж ОХУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин хүн байлаа. Манай үзэгчид Чапаевын дүрээр нь сайн мэддэг. Амьдрал дээрээ ч яг Чапаев шиг хүн. Энэ мундаг хүний хатуу гараар хүмүүжсэн учраас гайгүй суурь тавигдсан юм болов уу гэж найдаж байна.

-Таны хувьд тайз, дэлгэцийн бүтээлээс тань хамгийн сэтгэлд үлдсэн дүр аль вэ?

-Сайн ч бай, муу ч бай бүх л дүрүүд маань надад ойр байдаг. Учир нь жүжигчин хүн оюун санаа, сэтгэл зүрх бүх зүйлээ зориулж ажилладаг. Хүн бүхий л зүйлээ зориулж үр хүүхдээ өсгөдөг шүү дээ. Уран бүтээлд ч мөн ялгаагүй дүр бүхнээ ингэж л бүтээдэг. Ингэж чин сэтгэл гаргасан дүрүүд үнэ цэнэтэй байх нь дамжиггүй. Тийм учраас би бүх дүрдээ хайртай байдаг юм. Яахав, зарим дүр минь муугүй болоод шагнал, урамшуулал, магтаал, сайшаал сонсож л байсан. Зарим санаанд хүрээгүй дүрүүд ч бий. Энэ дундаас нийтэд үнэлэгдсэн нь Ибсений “Нора”, В.Вешневский “Үхэвч үнэн ялна”, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн “Атга нөж” жүжгийн Өүлэн эх зэрэг дүрүүдээр шилдэг дүрийн шагнал хүртэж байлаа.

-Харин дэлгэцийн уран бүтээлүүдээс тань “Мандухай” болон “Хань” зэрэг киноны дүрүүд их үнэлэгдсэн гэдэг...

-Тийм шүү. Дээрх тайз, дэлгэцийн дүрүүд маань шагнал авч, олон улсын наадам, фестивалиудад оролцож байсан. “Мандухай” кино 1988 онд хийгдсэн гэхээр одоо бараг 30 жил болох гэж байна. Энэ гучин жилийн хугацаанд үзэгчид энэ киног анхааралтай үзэж, сонирхож байна гэдэг надад ирж байгаа хамгийн том шагнал. Энэ кинонд ажилласан зохиолч, найруулагч, жүжигчид, оператор, нүүр будагч, хувцасны зураач, сийлбэрчин, мужаан гээд бүх л хүмүүсээр бахархаж байдаг юм. Энэ хүмүүсийн ачаар өнөөдөр ч гэсэн “Мандухай” кино маань үзэгчдийн сонирхлыг татсан уран бүтээл хэвээрээ байгаад би баяртай байна.

-Мөн та “Анхны хайрын дууль”, “Моторын дуу” гэх мэт дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн. Тэр үеүдийнхээ тухай дурсаач?

-Тухайн үеийн энэ сайхан бүтээлүүдийг алтан үеийнхэнтэйгээ хамтарч хийж байсан. Тэр л хүмүүсийн ач буянаар бид өдий зэрэгтэй явж байгаа гэж би боддог. Бид ээж, аавыгаа дагаж л хүн болдог шиг тэр мундаг хүмүүсийг харж жүжигчин болсон. Жүжигчин гэх диплом авах нь жүжигчин болчихож байгаа хэрэг биш. Үнэхээр энэ урлагийн гал тогоонд орж загнуулж, уйлж, инээж, магтуулж, зэмлүүлж, унаж, босож байж л сая нэг жүжигчин болдог. Тийм учраас тэр л ахмадууд болоод хамт олны хүчээр бид жүжигчин гэдэг нэр дуудуулах эрхтэй болдог гэж хэлмээр байна. Гэхдээ жүжигчин гэх мэргэжлийг төгс эзэмшдэг гэж хэлж мэдэхгүй юм. Үхэн үхтлээ л сурч байх ёстой мэргэжил болов уу.

-Та театрынхаа залуу уран бүтээлчдийн хувьд ямар үнэлэлт, дүгнэлттэй явдаг вэ?

-Манай залуучуууд мэргэжлийн хувьд зохих түвшинд очсон гэж боддог. Гэхдээ бид залуучуудаа уран бүтээлийн хувьд биежиж, уран бүтээлч хүн болгохын тулд эхлээд театрын дэргэдэх студидээ бэлтгэдэг. Энэ анхан шатны студид жилд арав гаруй жүжигчинг авдаг юм. Харин нэгээс хоёр жилийн дараа жинхлүүлдэг ийм уламжлалтай. Тэгэхээр энэ уламжлалын дагуу олон залуу уран бүтээлч театрт минь ажиллаж байгаа. Харин тэд маань үр бүтээлтэй, сайн ажиллаж байгаа гэж би ам бардам хэлж чадна.

-Та мэдээж залуучууддаа заавар зөвлөгөө өгдөг байх...

-Тэгэлгүй яахав. Заавал хөгшин, залуу, алдар цолтой гэж ялгахгүй. Хэлмээр зүйл гарвал хэлдэг. Ер нь албан тушаал, алдар нэр гэдэг тайзанд огт хамааралгүй. Бүгд л ижилхэн байдаг. Тиймээс бид нэг нэгэндээ хэлж, түүнээс нь сурч байдаг юм.

-Та Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийг хөтөлж байгаа. Нэвтрүүлэг хөтлөх саналыг хэрхэн хүлээж авав?

-Нэвтрүүлгийн хөтлөгч хийх саналыг их удаан хугацаанд тавьсан. Баатар найруулагч өөрийн биеэр ирсэн. Мөн Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн хүсэлтээ тавьсан. Би энэ нэвтрүүлгийг хөтөлж байна гэж ам бардам хэлж чадахгүй л дээ. Миний туршиж үзэж байгаа нэг шинэ алхам. Ер нь бол жүжигчний мэргэжил гэдэг хүнийг болоод хүний амьдралыг судалдаг мэргэжил шүү дээ. Тэгэхээр энэ судалгааны минь ажилд сонирхолтой, нэмэртэй зүйл л гэж би бодож байна.

-Таныг хүмүүс сайхан эмэгтэйн үлгэр жишээ гэлцдэг. Ер нь сайхан эмэгтэй байхын нууц юунд байдаг бол?

-Тэгж боддог бүх хүнд баярлаж байна. Тэр хүмүүсийн итгэл найдвар, хүндэтгэлд би урамшиж явдаг. Гэхдээ сэтгэлд нь нийцдэггүй, таалагддаггүй хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн хүчээр би өөрийнхөө болох, болохгүй зүйлээ олж хардаг. Ер нь хүнд тохиолддог бүхий л эерэг, сөрөг зүйлс надад байгаа. Жаргалгүй зовлон гэж байдаггүй, зовлонгүй жаргал гэж байдаггүйн үлгэрээр амьдрал эрээн бараантай л байдаг. Үүнийг бусдын л адил туулж байна. Бид амьдралаас сайнаас нь ч муугаас нь ч сурах юм бий. Тиймээ ч би амьдралд суралцсаар л яваа хүний нэг.

 

О.АРИУНЦЭЦЭГ

Өдрийн сонин

 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

IrgenN

[202.21.116.66]

2017-04-05 11:13:26

Ih goe engiin ugtei uhaalag, saihan baharhal bolson hun. Zuun erhemiig Zov hun hotloh ni.