Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/2016080802-696x464.jpg

Энэ удаагийн ярилцлагын хойморьтоо хурандаа Д.Ганхуягийг онцолж байна. Зэвсэгт хүчний үүх түүхийг бичилцэж яваа тэрээр Монгол Улс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцуулахын төлөө гар бие хичээн зүтгэж явсан офицер. Хурандаа Д.Ганхуяг Батлан хамгаалах яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажилладаг юм.

-Зэвсэгт хүчинд хэд дэх жилдээ ажиллаж байна. Таныг Зэвсэгт хүчний бүхий л албыг дамжсан, шат дарааллаар нь өгсөж ажиллаж яваа хурандаа гэж онцолдог? -1992 онд 10 жилийн сургуулиа онц дүнтэй төгссөн гээд Цэргийн Их Сургуульд урилгаар орж суралцах эрх авч байлаа. Түүнээс хойш Зэвсэгт хүчинтэй миний ажил, амьдрал холбогдсон түүхтэй. Одоо санахад, 21 аймаг, нийслэлээс манай онжавууд болсон 200 гаруй сонсогч Цэргийн их сургууль хэмээх их айлын босгыг хамтдаа алхаж орж байсан байна. Цэргийн дүрэм журам, захирах, захирагдах ёс, биеийн тамир, тактик, галын бэлтгэл гээд л цэргийн хэрэгт сонсогч байх үедээ илүү сайн суралцаж, ажил дээр гараад дадлагажсан гэж хэлж болно. Сонсогч байх он жилүүд залууст тэсвэр хатуужил, хүнээс үг дааж сурах, багаар ажиллах гээд л хүний амьдралд хэрэгтэй маш чухал зүйлүүдийг сургаж өгдөг онцгой үе юм. Тэр үед ч багш нар шаардлага өндөртэй, хээрийн бэлтгэл, сургуулилалт их хийлгэдэг байж.

-Цэргийн албыг сонгосон нь юутай холбоотой вэ. Танай удамд цэргийн хүн байна уу? -Манайд цэргийн удам гээд байхаар хүн байхгүй. Аав, ээж хоёр маань насаараа 10 жилийн дунд сургуульд багшилсан хүмүүс. Дөрвөн хүүхдийн айлын том нь би. Тэр үед аав, ээжийн үгнээс ямар гарах биш. Нийгэм ч тийм байлаа. Хувийн сонголт гэхээс илүү эцэг, эхийнхээ зөвөлгөөг ягштал дагадаг байсан үе. Аав маань “Миний хүү айлын том хүү. Чи хождоо дүү нараа авч явах ёстой. Ингэхийн тулд цэргийн алба хаагч бол. Эр цэрэг болоод дүү нараа зааж сургаж яв. Эх орондоо зүтгэсэн хүн хэзээ ч алзахгүй” гэж билээ. Энэ сонголт маань ч онож. Өнөөдөр аавынхаа захиасаар армид орж ирсэндээ баяртай байдаг.

-Өнөөдөр энхийг дэмжих ажиллагаанд манай дайчид үүргээ нөр төртэй гүйцэтгэж байна. Монгол Улс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох алхамыг тавьсан цөөнгүй хүмүүс бий. Таны хувьд үүний төлөө гар бие оролцож байсан хүмүүсийн нэг гэж сонссон юм байна? -1999 онд манай улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай төр засгийн хэмжээнд яригдаж эхэлсэн үе. Энэ үед НҮБ-тай анхны санамж бичиг байгуулж, энхийг дэмжих ажиллагаанд оролцох хууль, эрх зүйн орчин нь батлагдаж, ЗХЖШ-т Г.Рагчаа генералаар удирдуулсан Энхийг сахиулах алба гэж байгуулагдаж байлаа. Удалгүй 2002 оноос алба Энхийг сахиулах алба маань хэлтэс болон өргөжиж, хэлтсийн даргаар хошууч генерал Г.Рагчаа, ахлахаар бригадын генерал Д.Баярсайхан, мэргэжилтнээр хурандаа Ч.Ерөөлцэнгэл, хурандаа С.Өлзийбаяр болон миний бие томилогдож нэг баг болон Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох суурийг тавьж, холбогдох бэлтгэлийг хангаж ажилласан. Энэ бол их сайхан түүх. Сайхан дурсамж маань юм. Мэдээж шинэ бүхэн амаргүй. Гэхдээ тэр үед өнөөдрийн энэ төвшинд хүргэх зорилт тавин өдөр шөнөгүй махран ажиллаж байснаа санахад сайхан байдаг юм. Хууль, эрх зүйн асуудал, дүрэм журам, сургалтын хөтөлбөр гээд л бүхий л зүйлийг шинээр боловсруулж батлуулсан байдаг юм.

-Монголын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцохдоо Бүгд найрамдах ардчилсан Конго Улсад Цэргийн ажиглагч офицер анх илгээж үндэс суурь нь тавигдаж байсан түүхтэй. Таны хувьд энэ улсад цэргийн ажиглагчаар ажилласан хоёр дахь офицер байх аа? -Тийм ээ. 2003-2004 онд Бүгд найрамдах ардчилсан Конго Улсад Цэргийн ажиглагч офицероор томилогдон ажиллаж байсан. Тэр үед эх орны даалгавар, Зэвсэгт хүчний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн төлөө хичээж ажилласан цаг хугацаа яахын аргагүй мөн. Харин НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа гэвэл 2006-2007 онд “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн VII ээлжийн багийн захирагчаар есөн сарын хугацаанд үүрэг гүйцэтгэж байлаа. Мөн АНУ-ын Төвийн командлалд хоёр ч удаа томилогдон олон улсын ажиллагааны туршлага хуримтлуулж чадсан гэж хэлэх байна.

-Таны мэргэжилтэн байх үедээ хичээн ажиллаж байсан тэр том зорилт өнөөдөр бүрэн утгаараа хэрэгжиж, олон улсад Монголын нэр хүндийг өндөрт өргөж байгаа хүмүүсийн нэг бол яахын аргагүй энхийг сахиулагч дайчид болжээ? -Үнэхээр тийм. Монгол Улсын Зэвсэгт хүчний тайван цагт гүйцэтгэх үүргүүдийн нэг бол Энхийг дэмжих ажиллагаанд оролцох юм. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд холбогдох бэлтгэлийг хангахад гар бие оролцож, ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан хүний хувьд Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд өргөж байгаа хүмүүс бол яах аргагүй манай цэргийхэн тэр дундаа цэнхэр дуулгатнууд. Улс орныхоо аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангах төрийн бодлогын илэрхийлэл болсон энэхүү арга хэмжээ нь манай улсын хувьд улс төр, эдийн засаг, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой төдийгүй улс орноо сурталчлан таниулах, цэргийн алба хаагчдаа бүх талаар хөгжүүлэх, туршлагажуулах, зэвсэг техникээ шинэчлэн сайжруулах үйл хэрэгт нааштай үр дүн авчирч байна. Өнөөдөр манай дайчид бусад орнуудын цэргийн алба хаагчдад мэргэжил, ур чадвараараа хүлээн зөвшөөрөгдөж, үлгэр дуурайлал болж байна. Энэ бүхэнд бахархаж байдаг.

Хүн ер нь насан туршдаа суралцаж байдаг юм байна. Одоо ч гэсэн өөрийгөө суралцаж яваа гэж хэлэх байна. Миний хувьд өнгөрсөн хугацаанд манай Зэвсэгт хүчний сор болсон олон сайхан дарга нартай хамт ажиллаж, тэднээс суралцах боломж олдож байсанд өөрийгөө их азтайд тооцдог. Ажлын талбар дээр суралцах гэдэг бол танхимд хичээл хийх, өөр бусад дадлагаас дадлагаас ихээхэн ялгаатай. Хошууч генерал Г.Рагчаа, хошууч генерал М.Борбаатар, дэслэгч генерал Ц.Дашзэвэг, дэслэгч генерал Ц.Тогоо, хошууч генерал С.Баасанхүү, хошууч генерал А.Ганбат, хошууч генерал Я.Чойжамц зэрэг манай нэгэн үеийн цэргийн шилдэг дарга нарын удирдлагад ажиллаж, тэднээс их зүйл сурч мэдэж авсан гэж боддог.

-Өнөөгийн Зэвсэгт хүчнийг хэрхэн дүгнэж харж байна. Цаашид улам сайжруулж чанаржуулахад дунд нь ажиллаж байгаа офицерийн хувьд ямар санал бодолтой байдаг вэ? -Зэвсэгт хүчний хөгжил тодорхой түвшинд ахиц гарсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Гэхдээ бидэнд цаашид улам боловсронгуй болгох, бэлэн байдал, цэргийн албаны хувьд дэвшил гаргах боломж нөхцөл их байна. Наад зах нь хүний нөөцийн асуудалд тодорхой бодлого, арга хэмжээ дутагдаж байна гэж хардаг. Хүнээ сонгох, албан тушаалд байршуулах тал дээр мэргэжлийн Зэвсэгт хүчний хэмжээнд хүрэх болоогүй байна. Шударга, чадвартай, мэргэжлийн өндөр бэлтгэлтэй бүрэлдэхүүнээ сонгож, зөв албан тушаалд байршуулах тал дээр учир дутагдалтай зүйл ажиглагдаж байдаг. Үүнийг нуух аргагүй.

-Цэргийн алба хаагчдын маань ар талыг найдвартай авч явдаг гэр бүлийнхэн бий. Гэр бүлийнээ талаар ярихгүй юу? -Цэргийн бидэнд ар гэрийн тус дэм, нөмөр нөөлөг маш чухал байдаг. Миний хань Завхан аймгийн Алдархаан сумын харъяат С.Туул гэж сайхан бүсгүй бий. Гурван хүүхдийн маань ээж, миний найдвартай ар тал. Ажиллагаанд явах, хээрийн сургууль, хөдөө орон нутагт томилолтоор ажиллах гээд цэргийн бид чинь гэрийн бараа харах нь бага. Ажил нь тийм онцлогтой. Тэр болгонд ар гэртээ санаа зовох асуудалгүй, ажилдаа шаргуу анхаарахад манай хүний тусламж дэмжлэг, нөмөр нөөлөг их бий. Амьдралдаа сайн бүсгүйтэй танилцаж, ханилснаа том аз завшаан гэж боддог шүү.

                                                                                                                             Д.Болор

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх