etoim.mn
photos/17142475_10155138063646757_1602274748_o1.jpg

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хуулийн хэлтсийн дарга С.Мандахбаттай ярилцлаа. 

- Засгийн газрын хуралдаанаар үүсмэл орд ашиглахтай холбоотой журмуудыг баталлаа. Шинэ журам баталснаар ямар үр дүн гарах вэ? 

- Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт  хоёрдогч ашигт малтмал ашиглах эрх зүйн орчинг бий болгохоор тусгасан. Үүний дагуу УИХ-аас 2016 оны арваннэгдүгээр сард Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үүсмэл орд ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм. Ингээд Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.14, 9.1.15-д тусгасны дагуу Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон үйл ажиллагааны журам,  Үүсмэл орд ашиглах үйл ажиллагаанд тавих шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журмын төслийг боловсруулж холбогдох яам, бусад байгууллагаас санал авч хэлэлцүүлсний үндсэн дээр Засгийн газрын хуралдаанаар батлууллаа. Ашигт малтмалын тухай хуульд “үүсмэл орд гэж олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц хүдэр, ашигт малтмалын овоолгыг” хэлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл газар дороос гаргаад ирсэн хүдрийг аль болох иж бүрэн ашиглах, нэгэнт гарч ирсэн овоолго зэргээс ашигт малтмал ялган авах, боловсруулах, баяжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг зохицуулна.Үүсмэл орд ашигласнаар алт, зэс зэрэг бүтээгдэхүүний нөөц ашигласны төлбөрөөс 2017 онд улсын төсөвт долоон тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон.

- Эдийн засгийн хүндрэлтэй үед хөрөнгө оруулалт татах, улсын төсөвт их хэмжээний орлого төвлөрүүлэх найдвар дагуулж буй салбар бол уул уурхай. Энэ чиглэлд бодлогын арга хэмжээ авч байгаа вэ?

- Дотоодын нийт бүтээгдэхүүнд уул уурхай болон түүнийг даган хөгжиж буй эдийн засгийн салбаруудын оруулж буй хувь нэмэр, экспорт, аж үйлдвэрийн салбарт эзлэх хувь зэргээс харахад Монгол уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай улс гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Сүүлийн гурван жилд дэлхийн болоод БНХАУ-ын байдал, манай алдаатай бодлого нь бидэнд онцгой сургамж өглөө. Тиймээс Засгийн газраас уул уурхайн салбарт хэд хэдэн бодлогын чухал алхам хийж эхлээд байна. Нэгдүгээрт, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шинээр олгож эхэлснийг онцолъё. Засгийн газрын 2017 оны 01 сарын 25-нд Талбайн солбицол тогтоох тухай 37 дугаар тогтоол гаргаж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болох талбайн солбицлыг баталсан. Нийт 51,665 солбицол бүхий 1.61 сая гектар талбай бий. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгосноор 2016 онд улсын төсөвт нийт 10 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлсэн байдаг. Энэ жил доод тал нь 20 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлнэ гэж тооцож байгаа. Сонгон шалгаруулалтаар ихэвчлэн орд илрэх магадлалтай талбайнууд зарлагддаг тул төсвийн шууд орлогоос гадна шинэ уурхайнууд нээгдэж, ажлын байр, уурхай дагасан бизнесийн үйлчилгээ нэмэгдэх ёстой. Хоёрдугаарт, “Алт-2” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2017 оны нэгдүгээр сарын 18-ны хуралдаанаар баталсан. Улмаар энэ ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах байнгын ажиллагаатай зөвлөл байгуулснаар алтны хайгуул, олборлолт нэмэгдэх бодит боломж бий болголоо. Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр Монголбанкинд тушаагдах алтны хэмжээ, валютын нөөц нэмэгдэх, ханш нь тогтворжих зэрэг эерэг үр дүн бий болно.  Монголбанкинд өнгөрсөн жил 18 тонн алт тушаасан. Тэгвэл 2017  онд 20, 2018 онд 22, 2019 онд 25 тонныг тушаах зорилготой юм. Өөрөөр хэлбэл жилд дунджаар нэг тэрбум орчим ам.долларын өртөг бүхий алт Монголбанкинд нийлүүлнэ гэсэн үг. Гуравдугаарт, Таван толгой, Гацуурт зэрэг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгүүдийг Засгийн газраас байгуулан ажиллаж байгаа.

- Уул уурхайг тахин шүтэж амтдрах нь буруу. Байгаль орчин, хүнээ дээдэлсэн тогтвортой хөгжилд тэмүүлэх ёстой гэсэн хандлага байдаг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

- Дэлхий нийт НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас зарлан тунхагласан Тогтвортой Хөгжлийн зорилтуудыг ханган биелүүлэхийн төлөө тэмүүлж байна. Манайхан ч “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг УИХ-аар 2016 онд батлуулж, мөрдөж эхэлсэн. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр Монгол Улс 2030 онд: “Нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 америк долларт хүрч, нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрнэ.”, “Эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2016-2030 онд 6.6 хувиас доошгүй байна.”, “Ядуурлын бүх төрлийг эцэс болгоно.”, “Орлогын тэгш бус байдлыг багасгаж, нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд багтсан байна.”, “Хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий эхний 70 орны нэг болно.”, “Экологийн тэнцвэртэй байдлыг хадгалж, ногоон эдийн засгийн үзүүлэлтээр дэлхийн эхний 30 орны нэг болно.”, “Бизнес эрхлэлтийн үзүүлэлтээр дэлхийн эхний 40, өрсөлдөх чадварын үзүүлэлтээр эхний 70 орны нэг болно.” гэж заасан. Энэ бол миний хүсэл мөрөөдөл биш. УИХ-ын 2016 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн 19 дүгээр тогтоолын хавсралтад заасан тоо баримт. Энэхүү Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг ирэх 15 жилийн хугацаанд бодит байдал болгон хэрэгжүүлэхэд уул уурхайн салбар тэргүүлэх үүрэг гүйцэтгэх ёстой. Эдийн засгаа сэргээнэ, аварна гэдэг бол уул уурхайгаа сэргээх, аврахтай агаар нэг юм. Ганц ямаатай хүн ямаа бэлчээрт халтай гээд түүнийгээ алаад идчихвэл яаж амьдрах вэ. Үүнтэй адил бид ойрын үедээ уул уурхайгаа түшиглээд тогтвортой хөгжил рүү тэмүүлэх, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, инновац гэх мэт салбараа хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Тиймээс ойрын үед уул уурхайгаа хөгжүүлж, эдийн засгаа өндийлгөх шаардлагатай.

- Тэгвэл танай салбарынхан уул уурхайг өндийлгөх тал дээр юу хийж байна вэ?

- Тулгамдсан асуудал олон бий. Зовлон тоочихоос илүү бодитой үнэлэлт өгч, түүндээ тоихрсон бодлого, зохицуулалтын арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байна. Уул уурхай давамгайлсан эдийн засагтай дэлхийн 56 орны Засгийн газар хоорондын олон улсын байгууллагаас манай улсын бодлогод үнэлгээ хийсэн. Тайланг нь одоогоор орчуулж байна. Энэ тайланд уурхайн хаалт, татварын томоохон буцаалт, тооцоолол, үнэ шилжилт, орон нутгийн хөгжил, ойлголцол зэргийг онцолсон. Бүх бэрхшээлээ шийдчихсэн улс орон үгүй. Гэхдээ сайн туршлага олон бий. Уул уурхай болоод түүнийг дагасан нийгэм эдийн засагтай орнуудын байгаль орчин, санхүү, улсын төсөв, ажлын байр, дэд бүтэц нь олон талаараа ижил төстэй байдаг. Тиймээс хамгийн тохиромжтой байж болох хувилбар, сайн туршлагыг л улс орнууд авч хэрэгжүүлж байна. Би сүүлийн 10-аад жил яг энэ чиглэлээр дагнасан судалгаа хийсэн. Газрын доорх баялгийг эдийн засаг, санхүү, инженерчлэл, хууль эрх зүйн зэрэг олон талаас нь дүгнэж үзсэний үндсэн дээр үр дүнтэй ашиглах үйл явц олон оролцогч, хүчин зүйлээс хамаарна.

- Тухайлбал, ямар оролцогчид байх вэ?

- Уул уурхайн төдийгүй аливаа салбарыг хөгжүүлэх нь тухайн улсын төрийн бүх байгууллагын хамтын ажиллагаа, нэгдсэн бодлого зохицуулалт, иргэн, хувийн хэвшил, иргэний нийгэм, орон нутгийн байгууллагаас шууд хамаарна. Хөдөөгийн иргэд, нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын бодитой дэмжлэг, ойлголцол, хууль бус үйл ажиллагааг таслан зогсооход чиглэсэн төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн хамтын ажиллагаа, эдийн засгийн тэргүүлэх салбараа хөгжүүлж, хямралаас гарахад чиглэсэн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх төрийн байгууллага, албан тушаалтнуудын шуурхай хамтын ажиллагаа, санаачилга их чухал. Энэ чиглэлээр манай яамнаасс тодорхой санаачилга гаргаад ажиллаж байгаа. Ойрын үед бодит үр дүнд хүрнэ гэж итгэж байна.

Өнөөдөр сонин. 2017 оны гуравдугаар сарын 06. №049 (6042)

Т.Энхбат

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх