2016оны8-р сард Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн нутаг, Хандрагатын амны Хөөт гэх газар Их Британийн иргэн 53 настай Стивен Эдвард Нейш бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Энэхүү хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, шүүхэд шилжсэн байна. Тус хэрэгт Архангай аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хэргийг Архангай аймгийн харьяат, 28 настай, эрэгтэй Г гэгч хохирогчийн биед байсан эд зүйлийг авах зорилгоор цээжин тус газар нь шовх үзүүртэй зүйлээр нэвт хатгаж, амь насыг нь хөнөөснийг тогтоогдсон юм.
Хэрэгтэн Г нь Архангай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2016 оны долдугаар сард Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг буюу хулгайн гэмт хэргийн учир хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан хугацаандаа дээрх гэмт хэргийг үйлджээ. Хэрэг үйлдсэн Г-д холбогдох "Их Британийн иргэн Стивен Эдвард Нейшийг шунахай сэдэлтээр амь насыг хөнөөсөн" хэргийг Архангай аймгийн прокурорын газраас хянаж, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.