Учир нь иргэд бор гөрөөсний цус уух нэрээр хууль бусаар ан хийх нь ихэсчээ. Хууль бусаар ан хийсэн тохиолдолд гур 330 мянга, зүр 400 мянга, эр янзага 231 мянга, эм янзага 280 мянган төгрөгийг хоёр дахин өсгөж нөхөн төлүүлэх хуулийн заалттай байдаг. Түүнчлэн ан агнах зөвшөөрлийг БОНХАЖ-ын сайдын тушаалаар тогтоосон тухайн жилийн хяналтын тоонд багтаан эрхийн бичгээр, сум дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээгээр анчны үнэмлэхтэй иргэн хуулийн этгээд үйлдвэрлэлийн зориулалтаар бор гөрөөс агнаж, барих тусгай зөвшөөрөл авах ёстой байдаг аж.
Мөн бор гөрөөсний цус уух нь иргэдийн эрүүл мэндэд муу нөлөөтэй байдгийг эрүүл мэндийн салбарынхан мэдээлж байна. Тодруулбал, бор гөрөөсний цусанд Бабиозиа (Babesia venatorum) хэмээх шинжлэх ухааны нэртэй аюулт халдварт өвчин үүсгэдэг нэг эст паразит организм оршдог ажээ. Энэ нэг эст цусны паразит нь хачиг (Ixodes persulcatus болон өөр бусад зүйл хачиг) хэмээх цус сорогч гадаад шимэгчээр дамжин гөрөөсний цусанд орж халдварладаг нь тогтоогдсон. Гэтэл, Б.Түвшинтулга нар (Tuvshintulga et al ., 2015) Японы судлаачидтай хамтран гүйцэтгэсэн судалгааны үр дүнд Монголд хачигнаас (Ixodes persulatus) дээр дурдсан цусны паразит аюулт өвчин үүсгэгч нэг эст организм болох Babesia venatorum-ыг саяхан илрүүлжээ.