etoim.mn
photos/15941406_142129409618255_2010264986461217384_n.jpg

Өнөөдөр манай улсад Үндсэн хуульд тунхагласан хүний эрх, эрх чөлөөг илүү баталгаажуулсан, олон улсын нийтийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагад нийцсэн хууль батлах зүй ёсны шаардлага тулгарч байна. Чухам үүн дээр үндэслэн Монгол Улсын Засгийн газраас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн бариад байна. Энэхүү хуулийн төслөөс үзэхэд, Монгол Улсын ялын бодлого, ялын тогтолцоонд зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлт оржээ.

 ГЭМ БУРУУД НЬ ТОХИРСОН ЯЛ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛНА

 Санкц нь ялын төрөл, хэмжээг илэрхийлдэг тул аливаа ял нь гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байх учиртай.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын Эрүүгийн хуульд хорих ялын хэмжээ 1-15 жил, тусгай ангид заасан тохиолдолд 25 жил хүртэл хугацаатай байгаа бол шинэ хуулийн төсөлд 6 сараас 20 жил хүртэл хугацаатай, эсхүл бүх насаар нь хорихоор тусгажээ.

Эндээс үзэхэд, хорих ялын хэмжээг зөөлрүүлсэн мэт боловч уг чанартаа “Гэмт хэргийг тогтоон барихад ялын хатуу чанга нь бус гарцаагүй байх нь чухал бөгөөд хатуу ялаар шийтгэгдэх айдсаас хөнгөн боловч гарцаагүй шийтгүүлнэ гэсэн мэдрэмж илүү нөлөөтэй гэсэн онол, олон улсын хандлагатай нийцэж байна.

Өөрөөр хэлбэл хорих ялын хэмжээг тогтоох, ялын бодлогыг зөөлрүүлэх, ялын олон сонголттой, уян хатан болгох, хорих ялыг эцсийн арга хэмжээ болгон оногдуулах, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлалгүйгээр хорихоос өөр төрлийн ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх зэргээр нийгэм, хамт олны дунд хүмүүжүүлэх, дахин нийгэмшүүлэхэд анхаарч, хөгжингүй улсуудын туршлага, хууль тогтоомжийн баялаг уламжлалтай гадаадын зарим улсын эрүүгийн хуулийг харьцуулан судалж, өөрийн орны онцлог, уламжлалд нийцүүлэн тусгасан нь олзуурхууштай.

 ГЭМТ ЭТГЭЭДИЙН ТОЛГОЙГ ИЛЭХГҮЙ

 Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бүх гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг зөөлрүүлж, гэмт этгээдүүдийн толгойг илсэнгүй. Харин эсрэгээрээ хүүхдийн эсрэг гэмт хэрэг, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, эдийн засгийн гэмт хэрэг, авлигын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгаад байна. Биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэргийн тухайд л гэхэд урьд нь хэтэрхий хөнгөн ял шийтгэл оноож байсан гашуун түүх бий. Ганцхан жишээ хэлэхэд монгол охидын биеийг үнэлж, их хэмжээний ашиг олсон караоке-ны солонгос эздийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 124.2-оор зүйлчилж, ердөө 20 орчим сая төгрөгийн торгох ял оногдуулсан явдал олон нийтийн эгдүүцэл дургүйцэлийг хүргэж байсан юм. Харин Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдвал бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн үндсэн, хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох, албадан ажил хийлгэх ор нэр төдий ял хасагдаж, чанга хатуу ял оноох боломж бүрдэх учиртай. Мөн хуулийн төсөлд “Эдийн засгийн гэмт хэрэг” гэсэн шинэ бүлгийг орчин үеийн нийгмийн харилцааны онцлог, олон улсын хандлагыг харгалзан оруулсан нь  цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагатай шууд уялдаж, шинэ төрлийн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхэд чухал ач холбогдолтой юм.Тухайлбал:

  • Зах зээл дэх монополь, давамгай байдлаа хууль бусаар ашиглах;
  • Валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид нөлөөлөх;
  • Хууль бусаар дампууруулах;
  • Аж ахуйн үйл ажиллагааны нууцад халдах;
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх;
  • Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах;
  • Даатгалын нөхөн төлбөр авах зэрэг шинэ гэмт хэргийг тусгасан.

 Монгол Улсын эрүүгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, улмаар:

  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх;
  • Хүүхдийг шийтгэх үйлдлийг гэмт хэрэгт тооцсон зэрэг нь нийгмийн дэмжлэг хүлээж байна.

 ЦААЗААР АВАХ ЯЛЫГ БҮХ НАСААР ХОРИХ ЯЛ ОРЛОЖ ЧАДАХ УУ?

 Энэхүү ялыг халаад бүх насаар хорих ялаар орлуулж ирсэн практиктай улсуудын эрдэмтэн, судлаачид бүх насаар хорих ял цаазаар авах ялыг орлох боломжтой, илүү үр нөлөөтэй гэж үздэг. Учир нь хүн төрөлхтөн үхэл бол мөнхийн амгаланд хүрэх, зовлон бэрхшээлээс ангижрах арга хэмээдэг. Харин бүх насаараа торны цаана сууж, бусдын эрхшээлд байхыг хэн ч хүсдэггүй бөгөөд энэ нь түүний зовлон гачаалын төгсгөл биш, харин эхлэл болох учраас бүх насаар хорих ял цаазаар авах ялаас илүүтэй бусдад нөлөөлж, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж чаддаг.

Монгол Улс цаазаар авах ялыг практикт халсан улс байсан бол бүрэн халсан дэлхийн 103 дахь улс болно. Ингэснээр Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ.

 ШОРОНЖУУЛАХ БОДЛОГООС ТАТГАЛЗАХ НЬ

 Ялын үр нөлөө бага, хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй баривчлах ялыг мөн ялын төрлөөс хасч, хуулийн төсөлд тусгасан нь бас нэгэн дэвшил юм. Учир нь Монгол Улсын Эрүүгийн хуульд баривчлах ялыг гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхээр заасан боловч санхүүгийн боломжгүй байдлаас шалтгаалан баривчлах ял шийтгэгдсэн 4-10 ялтан хамт байрлаж, хуульд заасан нөхцөл, журмын дагуу хэрэгжихгүй байгаа зовлон бий. Тэгвэл олон улсын туршлага, зөвлөмж, хөгжингүй зарим улсын эрүүгийн эрх зүйн зохицуулалтыг судалж үзсэний үндсэн дээр хуулийн төсөлд зорчих эрхийг хязгаарлах ялын шинэ төрлийг нэмжээ. Судалгаанаас үзэхэд Монгол Улсын хэмжээнд 2002-2012 онд нийт 40.119 хүн хорих ял эдэлж суллагдсанаас 19.000 хүн буюу 47% нь дахин гэмт хэрэг үйлджээ. Эндээс хорих ялын үр нөлөө хангалтгүй, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх, иргэн, нийгмийг гэмт халдлагаас хамгаалах эрүүгийн хариуцлагын зорилго хангагдахгүй байгаа нь харагдаж байна. Иймд хорих ял оногдуулах явдлыг багасгаж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгмээс тусгаарлалгүйгээр нийгэмд нь хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх боломж бүрдэнэ гэж төсөөлж байна.

2015 онд ХБНГУ-д зохион байгуулагдсан “Дэлхийн ял шийтгэлийн бодлого, чиг хандлага” сэдэвт эрдэмтдийн уулзалт-хэлэлцүүлэгт дэлхийн хэмжээний эрдэмтэн Ханнс Ёорг Албрехт “Шорон бол гэмт хэрэгтнүүдийг бэлтгэдэг их сургууль юм” гэж хэлсэн нь зүгээр ч нэг тохиолдлын үг биш биз ээ. Өнөөдөр дэлхий нийт аль болох шоронд хорихоос татгалзах хандлагатай байна. ХБНГУ л гэхэд нийт гэмт хэргийн зөвхөн 5%-д хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлдэг ажээ.

Зорчих эрх хязгаарлах ял нь олон улсын жишгийн адил гэмт хэрэг үйлдсэн хүнийг оршин суух газраас явах болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон замаар зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг тодорхой хугацаагаар даалгах хэлбэрээр хэрэгжих юм.

Мөн хуулийн төсөлд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хуульд заасан нөхцлийг харгалзан тэнсэж болохоор заасан байна. Шүүхээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлж тэнсэгдсэн хүн хохирлоо нөхөн төлөх хугацааг шүүх тогтоохоор хуулийн төсөлд заажээ.

Түүнчлэн шүүх тэнсэгдсэн хүнд хүлээлгэх үүрэг, хязгаарлалтыг нэг бүрчлэн хуулийн төсөлд тусгасан. Энэ нь тэнсэгдсэн хүнийг хариуцлагажуулах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, улмаар эрүүгийн хариуцлагын зорилго хангагдах тэр боломжийг бүрдүүлж байгаа хэрэг юм.

Хүүхэд гэнэн томоогүй зан, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн агуулга, мөн чанарыг ойлгохгүй, бусдын нөлөөнд амархан автдаг зэргээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэх явдал цөөнгүй. Тэгвэл анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хүүхдийг нийгмээс тусгаарлахгүй, архаг ялтнуудын хортой нөлөөнд автуулахгүй байлгах зорилгоор хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авч хэрэгжүүлдэг уламжлал бий.

Хуулийн төсөлд өсвөр насны хүнд оногдуулах ялын төрөл, ял оногдуулах журам, түүнд хэрэглэх албадлагын арга хэмжээг тусгай бүлгээр зохицуулж өгсөн. Ингэснээр өсвөр насны хүний бие, сэтгэл зүйн онцлогийг харгалзан насанд хүрэгчдээс ялгамжтай ял оногдуулах, аль болох хорих ял оногдуулахаас зайлсхийж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг үр дүнтэй хэрэглэж, нийгэм, хамт олны дунд хүмүүжүүлэх боломж нээгдэх юм. Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулахаар, шүүх хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, нэгээс гурван жил хүртэл хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах, өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болохоор тусгаад байна. 

 ХУУДУУТАЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ХУУЛИАС БУЛТАХ ЗАЙ БАЙХГҮЙ                                                                                                                             

 Хуулийн төслийн 9 дүгээр бүлэгт “Хуулийн этгээдэд ял оногдуулах тусгай журам”-ыг тусгасан. Монгол дахь уул уурхай, барилгын салбарын хөрөнгө оруулалт нэмэгдсэн жилүүдэд экологийн гэмт хэргийн гаралт өсч, хүрээлэн буй орчинд их хэмжээний хохирол учруулах болсон. Энэ төрлийн гэмт хэрэгт цөөн тооны албан тушаалтан эрүүгийн хариуцлага хүлээж, хуулийн этгээд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж, байгаль орчныг сүйтгэсээр байдаг гажуудал бий. Харин хуулийн төсөлд хүрээлэн буй орчны болон олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг зарим гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд торгох (торгох ялын хэмжээ иргэнд оногдуулах торгох ялын хэмжээнээс харьцангуй өндөр) ял оногдуулах, шүүх шаардлагатай гэж үзвэл эрх хасах, татан буулгах, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор заасан нь практикт тулгамдсан дээрх асуудлыг шийдвэрлэх боломж олгох юм.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд хуулийн этгээд гэдэгт хэнийг хамааруулж ойлгох, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэдэг талаар ч тодорхой зааж өгчээ.

Мөн одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлд гэмт хэргийг тодорхой шалгуураар 4 ангилж, шүүхээс оногдуулах ялын төрөл, хэмжээг гэмт хэргийн ангилалд нийцүүлэн “хайрцаглаж” өгсөн байдлыг өөрчилжээ. Өөрөөр хэлбэл шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн ангилалыг харгалзалгүй гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруу, учруулсан хохирлын шинж болон бусад байдлыг харгалзан үзэхээр хуулийн төсөлд тусгасан нь дэвшил болжээ.

Хуулийн төсөлд гэмт хэргийг хөнгөн, хүнд гэж 2 ангилсан. Гэхдээ энэ ангилал Эрүүгийн хуулийн тусгай ангийн ялын санкцийг “хайрцаглах” үндэслэл болохгүй юм.

 ГЭМ БУРУУГАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ХҮНИЙ ЯЛЫГ ХӨНГӨРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

 Хуулийн төслийн 6.7-д “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” тусгай журмыг тусгасан.

Энэ нь Монгол Улсын эрүүгийн эрх зүйн түүхэнд анхны зохицуулалт бөгөөд хүнд гэмт хэрэг үйлдсэн боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхийг илэрхийлсэн зэргийг харгалзан шүүх тухайн зүйл, хэсэгт заасан ялын хэмжээг тодорхой хувиар багасгаж ял оногдуулахаар заасан байна. Ингэснээр шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажлын ачаалал буурах, гэмт хэргийн илрүүлэлт, хохирол нөхөн төлөлт нэмэгдэх зэрэг ач холбогдолтой юм.

 ТӨГСГӨЛ БҮЛЭГТ ӨГҮҮЛЭХ НЬ

 Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдан мөрдөгдсөнөөр хэд хэдэн ялын төрөл нэмэгдэхийн сацуу ялын үр нөлөө бага, хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй хэд хэдэн ялын төрөл хасагдаж байна. Мөн зарим ялын санкцын хэмжээг багасгаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хуульд зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах, чөлөөлөх боломж бий болох юм. Тэрчлэн өсвөр насны хүн, хуулийн этгээдэд ял оногдуулах тусгай журам, ял оногдуулахдаа гэмт хэргийн ангилалыг харгалзалгүй гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруу, учруулсан хохирлын шинжийг харгалзан үзэж ялгамжтай оногдуулах, шүүхээс энэ хуулийн тусгай ангид хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах өргөн боломжтой гээд олон давуу тал агуулагдаж байгаа юм. Хорих ялын дээд болон доод хэмжээг сунгаж, харьцангуй уян хатан байдлаар хуулийн төсөлд тусгасан зэрэг нь олон улсын чиг хандлагад нийцсэн, дэвшилттэй зохицуулалт бүрдүүлж байгаа хэрэг билээ.

Монгол Улсын ялын тогтолцоо, ялын бодлогод орж буй өөрчлөлтийг нийтэд нь харвал ялын бодлого зөөлөрч, хүний суурь эрхийг баталгаажуулах, хохирогчийн эрхийг сэргээн тогтоох, шударга ёсны тогтолцоо бүрдүүлэх эрх зүйн үндсийг улам бэхжүүлж, дэлхий дахинтай хөл нийлүүлэн алхах нөхцөл тэр хэрээр илүү бүрдэж байгаа нь сайшаалтай.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх