etoim.mn
photos/3748553587081a35e7fc21.jpg

Аюултай хог хаягдлын үйлдвэр байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тогтоолыг Засгийн газраар батлуулсан. Иймд Төв аймаг, нийслэлийн Налайх, Цагаан даваа гэсэн гурван газар аюултай хог хаягдлын байгууламж барих гэж байна хэмээн БОАЖЯ-ны албаны хүмүүс мэдээллээ.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, дэд сайд Ц.Батбаяр, тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Л.Жаргалсайхан, МХЕГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр нар оролцов. 2006, 2007 онд хийсэн судалгаа, тооллогоор Улаанбаатар хотоос жилд 10 мянган тонн аюултай хог хаягдал үүсдэг гэж тогтоосон. Тухайн үед Улаанбаатар хотоос жилд 400 000 тонн хог хаягдал үүсдэг байсан бол одоо энэ тоо бараг гурав дахин нэмэгджээ. Аюултай хог хаягдлын үүсэлтийг улсын хэмжээнд тооцож үзвэл жилд 29-58 мянган тонн байхаар байна. Устгах шаардлагатай химийн бодисын тооллогоор Улаанбаатар хот, 21 аймгийн 137 суманд нийт 297 аж ахуйн нэгж, байгууллагад хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй болсон 369 тонн, 69 мянган литр бодис хадгалагдаж байгаа нь тогтоогджээ.

Түүнчлэн Аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах хууль эрх зүйн орчин хангалтгүй, аюултай хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгах байгууламж байхгүйгээс ихэнх нь энгийн хог хаягдалтай хамт хогийн цэгт, зарим нь хөрс усанд шууд хаягдаж, үлдсэн нь зориулалтын бус газар хадгалагдаж байна. Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал байгаа боловч цуглуулж, дахин боловсруулж, экспортлож байгаа хог хаягдлын хэмжээ нэг хувьд ч хүрэхгүй байгаа юм байна.

Түүнчлэн Аюултай хог хаягдлын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төсөлд аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах бүлгийг шинээр нэмж оруулсан бөгөөд ингэснээр аюултай хог хаягдлын зохистой менежментийн тогтолцоо бий болох боломжтой болох юм. Олон улсад баримталж байгаа “Үүсгэгч нь хариуцах”, “Бохирдуулагч нь төлөх” зарчмуудыг хангах зорилгоор үйлдвэрлэсэн болон импортолсон зарим бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс үүсэх хаягдал, сав баглаа боодлыг эргүүлэн татаж цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах асуудлыг үйлдвэрлэгч болон импортлогч нь хариуцах, үүсгэсэн хэмжээнээсээ хамаарч хог хаягдлын төлбөр, хураамж төлөх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан талаар БОАЖЯ-ны дэд сайд Ц.Батбаяр онцолжээ. Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх