etoim.mn
photos/111005.jpg

ОХИНЫ ЖИРГЭЭ ХҮМҮҮСИЙН АНХААРЛЫГ АЛЕППО РУУ ЧИГЛҮҮЛЭВ-

Бана Алабед хэмээх долоон настай сири охин Алеппо хотын бөмбөгдөлтийн талаар зүрх шимшрэм постуудыг твиттер хуудаснаа оруулж, дэлхий нийтийн анхаарлыг татсан билээ. Саяхнаас охины твиттер хуудас хаагдаж, хэсэг хугацаанд сураггүй алга болсон нь олон нийтийн санааг зовоож байв. Гэвч тэд удалгүй хамгаалалтад байгаагаа мэдэгджээ.

Бүслэлтэд байсан Алеппо хотоос твиттерээр дамжуулан зурвас илгээж алдаршсан, Бана Алабед Анкарад Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдогантай уулзсан байна. Охин тус хотын төлөөх ид үед Эрдоганаас тусламж хүсчээ.  

Бана Алабед охин Туркийн ерөнхийлөгчийн ордонд авахуулсан гэрэл зургаа твиттертээ тавьсан байна. Зүүн Алеппогоос гарсных нь дараа Алабед охиныг гэр бүлийнх нь хамт Эрдоганы тусгай төлөөлөгч Турк рүү аваачжээ.

Охин гурван сарын өмнөөс Алеппо дахь бөмбөгдөлт, сүйрэл, хүмүүсийн амьдралын талаар жиргэж эхэлсэн байна. Хамгийн анх бөмбөгдөлтийн чимээг бичиж аван жиргэснээр тэрбээр олон хүний анхаарлыг Алеппо руу чиглүүлж чаджээ. Одоогоор твиттерт тэрбээр 100 мянга гаруй дагагчтай болсон байна.

Охин болон түүний ээжийг бүслэлтээс гарахад Эрдоган их тусалсны зэрэгцээ Туркэд амьдрах боломжоор хангасан гэж ВВС уламжилжээ.

Бана Алабед охины ээж “Guardian”-д өгсөн ярилцлагадаа "Одоо охин минь буцаад уншиж, парк явж, энгийн амьдралаар амьдрах боломжтой боллоо" гээд Алеппогийн хүүхэд бүрт ийм амьдрал өгөхийн тулд тэмцлээ үргэлжлүүлэхээ хэлжээ. Сирид тэдний байшин хоёр удаа бөмбөгдөлтөд өртсөн аж.

Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн агентлаг болох СNN долоон настай Сири охины твиттэр хаяг болон Алеппо дахь бөмбөгдөлтийн бодит дүр зургийн талаархи мэдээллийг олонд хүргэсэн байна.

Охины хувьд өнгөрөгч есдүгээр сард твиттэр хаягаа нээсэн бөгөөд энэхүү хаягаар дамжуулан өөрийн амьдарч буй газрын бодит дүр төрхийг олонд хүргэж эхэлжээ. Мөн босогчдын хяналтад байсан Алеппо хотын зүүн хэсэг рүү Оросын дэмжлэгтэйгээр Сирийн цэргүүд давшиж буй тухай, болсон үйл явдлыг багш ээжийнхээ тусламжтайгаар англи хэлээр бичиж байсан аж.

Алеппод маш хүчтэй бөмбөгдөлт болж, охинтой удтал холбогдож чадахгүй байсны дараа түүний ээжтэй холбогдож чаджээ. Банагийн ээж “Сирийн арми Алеппог эргүүлж авах томоохон дайралтыг эхлүүлээд байна. Бид Аллепо хотын зүүн хэсэгт босогчдын хяналтад байна. Бидэнд туслаач” хэмээн ярьжээ.

Бана Алабэд охин нүүлгэн шилжүүлэх ажиллагаа эхлэхийн өмнө “Түр эвлэрүүлэх гэрээг хэрэгжүүлэхийн тулд бүхнийг хийж, биднийг эндээс гарахад туслаач. Бид үнэхээр ядарч, залхаж байна”хэмээн Туркийн ерөнхийлөгчид ханджээ.

Охин твиттер хуудастаа “Дайнаа зогсоогооч. Бид үнэхээр ядарч туйлдаж байна”, “Өнөө орой бид ямар байшин бөмбөгдүүлж, түүний дор хичнээн хүн дарагдаж үхэж байгааг харж байна. Аймшигтай, тэрхүү үйл явдлуудыг хараад би бараг үхэх шахсан. Хүн бүр л бөмбөгдөлтөд өртөхгүй байхын төлөө залбирч байна. Та ч гэсэн бидний төлөө залбираарай” гэхчилэн бичсээр иржээ.

Босогчид болон оршин суугчдыг Аллепогийн зүүн хэсгээс нүүлгэн шилжүүлэх ажиллагаа энэ сарын 15-нд эхэлсэн билээ. Уг ажиллагааг ОХУ Туркийн талтай зөвшилцсөний үндсэн дээр явуулсан юм. Мөн энэ сарын 19-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Алеппод хүний эрхийг хамгаалж буй, эсэхийг ажиглахаар тогтоол баталсныг ОХУ дэмжжээ.

 

Таалагдахгүй байна

7
3

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх