etoim.mn
photos/15391169_1129764857139635_3524357007584232677_n.jpg

 

Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн Ажиллагааны ахлагч, ахлах ахлагч Д.Цогбаярыг энэ удаагийн дугаартаа онцоллоо.

-Төгссөн сургууль, ажлын туршлагаас чинь ярилцлагаа эхлэх үү?

-2006 онд “Ахлагчийн сургууль” төгсөөд Зэвсэгт хүчний 330 дугаар ангид томилогдсон. Бидний хувьд ажлын анхны гараа, байгуулагдаад удаагүй ангийн маань хувьд анхны ахлагч нар нь болж байлаа. 2009 онд ангидаа тасгийн захирагч, ахлах телефончиноор дэвшиж ажилласан. 2013 оноос одоогийн албан тушаалд томилогдсон.

-Яагаад цэргийн мэргэжил гэж... Тухайн үед өөр шийдвэр гаргах боломж байсан л байх?

-Шударга, үнэнч байдлыг сахиулах хүсэлдээ хөтлөгдөөд цагдаа болох мөрөөдөлтэй байсан. 10 дугаар ангиа төгсөөд шалгалт өгсөн боловч намхан гээд тэнцээгүй. Тэгээд яагаад ч юм “Ахлагчийн сургууль”-ийг сонгосон. Магадгүй цэргийн удам нөлөөлсөн байх. Өвөө Дагданхүү маань Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн штабын дарга, аав маань ҮЖҮНХ-ийн салааны захирагчаар алба хааж байсан. Тухайн үед надтай адилхан сонголт хийсэн найз маань сургуулиа төгсөөд амжилттай ажиллавал офицер болох боломжтой гэж хэлж байж билээ.

-Төсөөлснөөс чинь хэр зөрөв?

-Спортод дуртай болоод ч тэр үү, хамгийн таалагдсан зүйл нь гүйлт. Төсөөллөөс минь хол зөрсөн зүйл байгаагүй ээ. Найзын чинь хэлсэн офицер болох боломжийн тухайд? -Уг нь тийм бодолтой байсан. Гэхдээ төгсөөд ахлагчийн албыг хөгжүүлэхийн төлөө ахлагчийн албандаа үнэнчээр хичээнгүй зүтгэнэ гэсэн чиг шугам сэтгэл бий болсон гэх үү дээ. Ажиллах хугацаандаа давхар суралцаж, “Удирдлагын хөгжлийн дээд сургууль”-ийг төгссөн.

-Ахлагчийн албыг юу гэж тодорхойлох вэ? Үнэнч үлдээх болсон шалтгаан нь юу байв?

-Ер нь Зэвсэгт хүчний гол хүч нь ахлагч гэсэн ухагдахууныг ойлгож мэдэрсэн. Хоёрдугаарт, хамгийн хүнд үед, хэрэгтэй цагт, тэргүүн шугамд “Ахлагч би” явах ёстой гэсэн үзэл бодол. Үүгээр ахлагчийн албыг тодорхойлж бас болох байх.

-Мэргэжил дээшлүүлсэн тухайд ... -2010 онд АНУ-ын Тэнгисийн явган цэргийн Удирдагч ахлагчийн дунд шатны дамжаа, 2006-2008 онд Зэвсэгт хүчний 330 дугаар анги болон Зэвсэгт хүчний ГХСТ-ийн англи хэлний дамжаа, 2011 онд Удирдагч ахлагчийн гүнзгий дамжааг дүүргэсэн.

-Өөртөө өндөр шаардлага тавьдаг болов уу гэж бодогдлоо?

-Хоёр зүйлийг байнга мөрдлөг болгодог. Нэгдүгээрт, аливаад шударга хандах, хоёрдугаарт, хүн чанараа алдах ёсгүй. Ажил, амьдралын аль ч үед өөртөө тавьдаг шаардлага.

-Тэгвэл өөрийгөө хэр зэрэг дайчилдаг вэ?

-Аливаа зүйлд хандах хандлагын хамгийн чухал нь ухамсар. Ухамсрыг үүрэг хариуцлага, амжилт, үр дүн, ачаалал гээд олон зүйл дагаж, бас тулгуурладаг болов уу. Ухамсарлаж чадвал өөрийгөө дайчилж, хөдөлмөрлөж бүтээж чадна.

-Ахлагч гэж хэн бэ? Цөөн бөгөөд оновчтой үгээр тодорхойлбол...

-Тэргүүлэгч гэж л тодорхойлно.

-Өөрийг тань цэргийн хувцас, хэрэгслийг тоноглох дуртай гэж сонссон. Таны хобби гээд таамаглачихвал буруудахгүй болов уу?

-Үндсэн хобби. 2010 онд Дарханы “Бирж” захаар явж байгаад санаандгүй хамгаалах хантааз зарж байхтай таарсан юм. Дан хантааз, агсамж хоёрыг нийлүүлээд нэг загварт оруулчихсан тэр гандсан хантаазыг 70 мянган төгрөгөөр худалдаж авсан. За тэгээд л тэр хантаазаа “судалж” эхэлсэн дээ. Яаж боловсронгуй болгох, гадны улсын Зэвсэгт хүчинд ямар байдаг гээд л. Үүнээс үүдээд л цэргийн алба хаагчийн дүрэмт хувцас, хувь хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслүүд ямар байдгийг судалж, цуглуулж эхэлсэн. Хобби маань улам л өргөжиж байна. Өөрөө загварыг нь гаргаад хээрийн дүрэмт хувцас оёж, нэмэлт тоног хэрэгсэлтэйгээ ЗХЖШ-ын тайлангийн хурлын үеэр сонирхуулж байлаа. Хамгийн сүүлд хээрийн дүрэмт хувцасны өвдөг, тохойны хамгаалалт зохион бүтээсэн. Байлдааны цагийн үед шууд хэрэглээд тайван цагт авчих боломжтой. Бид резинэн өвдгөвч, тохойвч хэрэглэдэг л дээ. Гэхдээ зүүгээд 50 км-т алхахад зүүсэн чигтээ ирэх нь ховор. Суларч доошоо унах, хөлрөх, хэт барьснаас өвдөлт үүсэх зэрэг асуудал бий. Одоогийн байдлаар өвөл, хавар намрын хүрмэн дээр өмсдөг нимгэн загварын хантааз хийхээр ажиллаж байна.

-Зэвсэг тоноглох тухайд... Багагүй мөнгө шаарддаг хобби байх?

-Тийм шүү. Анхандаа гэргий маань их дургүйцдэг байсан. Чи наад хувцас, хэрэгслээ хэзээ өмсөж, хэрэглэх юм гээд л... Сүүлдээ миний хоббинд нэгдээд өөрөө бэлэглэдэг болчихсон. Хэзээ хэрэглэхийн гэснээс сая Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэхдээ цуглуулгынхаа дуулга, хантааз хоёрыг хэрэглэсэн шүү.

-Цуглуулган дахь зүйлсээсээ сонирхуулбал?

-АНУ-ын рейнжер буюу Делта хүчнийхний өмсдөг гэрэл ойлгогчтой хэрэгслээр тоноглох боломжтой дуулга, үүний өмнөх загвар бас бий. Делтагийнхны өмсдөг хантааз, өнгөлөн далдлалтын тор, ус чийг нэвтэрдэггүй, бүрэн хамгаалалттай цув, гадны Зэвсэгт хүчний 3, өөрийн маань оёсон 2 төрлийн хувцас, цүнх, дуулга болон бусад дагалдах хэрэгсэл гээд нэлээд зүйл бий.

-Мөнгөөр үнэлбэл ...

-Тав гаруй сая төгрөгийн эд зүйл лавтай бий.

-Цуглуулгадаа нэмчих юмсан гэж шунаж байгаа ямар зүйл байна вэ?

-Дуулганы тоноглол. Хойд талыг нь өөрөө тоноглочихно. Урд талын тоноглол буюу шөнийн харааны дуран хэрэгсэл. Жишээ нь, Америкийн Тэнгисийн цэргийн Далайн хав бүлгийн 2 нүдний оролт, 4 нүдний гаралттай шөнийн дуран, лазертай болчихвол ч ...

-Өөрийн тань аранз бол “янзтай эд” байгаадаа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна? -Бусдаас ялгарна шүү.

-Хамгийн их таалагддаг цэргийн дүрэмт хувцас аль улсын Зэвсэгт хүчнийх вэ? -АНУ-ын Зэвсэгт хүчний цэргийн дүрэмт хувцас, хэрэглэл. Үзэмж, хэрэглээ гээд аль ч талаараа.

-Ойрын үеийн зорилго ... -Монгол Улсын Зэвсэгт хүчин тусгай хүчинтэй болох цаг тун ойртсон. Энэ албанд зүтгэх нь миний гол зорилго.

-Тэгвэл зорилгынхоо төлөө өөрийгөө хэрхэн бэлтгэж байна вэ? -Нэн түрүүнд амьд гарах ухаанд сайн суралцсан байх ёстой. Энэ талын судалгаа хийж байна. Ялангуяа монгол нутгийн онцлогт тулгуурлаж. Цаг агаар, амьтан, ургамал гээд өөр шүү дээ.

-Ажиллагааны туршлага ... -2009 онд Сьерра Леон, 2012-2013 онд БНӨСУ, 2014 онд Афганистан, 2015-2016 онд БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн. Цэргийнхнийг тэвчээр, хатуужилтай гэж бараг л томъёолдог. Энэ тодорхойлолтыг хэрхэн олж авдаг юм бол? -Цэргийн хөдөлмөрийн хүнд, хэцүүг энгийн хүмүүс тэр бүр ойлгодоггүй байж магад. Хээр хөдөө, халуун хүйтэнг ялгахгүй үүрэг гүйцэтгэдэг. Энэ хэрээрээ хатууждаг нь тодорхой. Гэхдээ миний бодлоор хүндээс хүндэд шилждэг үүргүүд л биднийг улам хатуужуулдаг байх. Жишээлбэл, нэг өдөр нойргүй хонолоо гэж бодъё. Тэгвэл залгуулаад цасан шуурга ч гэдэг юмуу цаг агаарын хүндрүүлсэн нөхцөлд марш үйлдүүлэхэд л өмнөх өдрийн нойргүй хоносон юу ч биш санагдана шүү дээ. Энэ мэтчилэн байнгын шат дараалсан хичээл сургалт, үүрэг гүйцэтгэлт л тэвчээр хатуужлыг илүү их суулгадаг болов уу.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ? -Ном унших дуртай, хамгийн сүүлд “Нүүдэл суудал”, “Казиног номхотгосон түүх”-ийг уншсан.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу? -Эхнэрийг минь Ж.Цэрэнням гэдэг. МУБИС-д ажилладаг. Бид охин, хүүтэй.

-Сүүлийн асуулт Таны мэдэлд ... -Хувь хүний хувьд ухамсар, хамт олны хувьд “Эвтэй бол хүчтэй” гэдэг үг хамгийн чухал. Залуусаа албандаа үнэнч зүтгээрэй.

Эх сурвалж: "Соёмбо" сонин, хошууч Х.ГАНЗУЛ

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх