etoim.mn
photos/15192600_1111191318996989_5164281237830729924_n.jpg

Японы Токио хотод болсон тэмцээний залуучуудын дэлхийн аварга, Мексик улсад болсон тэмцээний оюутны дэлхийн аварга болсон Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, ахлагч М.Анхцэцэг өнгөрсөн мягмар гаригт эх орондоо ирлээ. Монголчуудын бахархал болон гялалзаж яваа М.Анхцэцэг маань эх орондоо ирсэн даруйдаа Зэвсэгт хүчний “Соёмбо” сонины редакцид зочилж, мөрдэс нэгт журмын нөхөдтэйгээ баярын сэтгэгдлээ хуваалцсан юм. 11 хоногийн хугацаанд 2 улсад зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 6 алтан медаль хүртэж эх орон, Зэвсэгт хүчний нэр хүндийг дэлхийн дахинаа цуурайтуулсан тэрээр цэргийн удам дамжсан мөрдэст бүсгүй гэдгийг онцлох учиртай. Түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэе.

-Юуны өмнө оюутны дэлхийн аварга, залуучуудын Азийн аварга болсон танд баяр хүргэе. Монголын ард түмэн тэр дундаа Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн таны амжилтаар бахдаж суулаа?

-Баярлалаа. Хоёр том тэмцээнд аваргалж, 6 алтан медаль авсандаа баяртай байна. Хүндийн өргөлтийн огцом өргөлт, бэхлэлт өргөлт, нийлбэр өргөлт гэсэн 3 төрлөөр медаль авах боломж байдаг учраас Токио хотод болсон тэмцээнээс 3 алт, Мексик улсад болсон тэмцээнээс 3 алтан медаль хүртлээ. Дасгалжуулагчгүй, ганцаараа явах амаргүй байсан. Багшийгаа л их үгүйллээ. Гэхдээ амжилт үзүүлсэндээ баяртай байна.

-Хоёрын хоёр том тэмцээнд дасгалжуулагчгүй оролцох хэцүү байсан нь мэдээж. Багштайгаа онлайнаар холбоотой байж, зөвлөгөөг нь авч байсан гэсэн үү?

-Тэмцээний үеэр багштайгаа фейсбүүкээр үргэлж холбоотой байсан. Багш маань намайг “Багш нь шавьтайгаа сэтгэл, зүрхээрээ үргэлж хамт байгаа шүү. Өөртөө итгэлтэй, зоригтой байгаарай, чадна аа, Анхаа” гэж урамшуулсан. Бэлтгэл сайтай байсан болохоор сэтгэл санаа тогтвортой, өөртөө ч итгэлтэй байлаа. Тэмцээнд явахын өмнө багш жиндээ хэрхэн орох, жингийн захиалгаа яаж тооцоолох, хоол ундаа хэрхэн тохируулах талаар нэлээд хэдэн хуудас зөвлөмж бичиж өгсөн. Түүнийг нь сайтар уншаад мөрдлөг болгоод тэмцээндээ орсон доо. Бусад орныхон “Дасгалжуулагчгүй оролцож байгаа юм уу” гээд их гайхаж байна лээ. Зарим нь сайхан сэтгэлээр тусалж байсныг хэлэх ёстой. Мэдээж эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлэх нь миний туйлын зорилго, аз жаргал. Аз жаргалаа биелүүлээд, аав ээж, багшийгаа, дэмждэг хүн бүрийг баярлуулсандаа баяртай байна. Олон улсын тэмцээнд аваргалж, “Монголын тамирчин Анхцэцэг” хэмээн дуудуулсаар шагналын тавцанд баярын нулимстай гарч, төрийн дууллаа эгшиглүүлэн зогсох хичнээн сайхан гээч. Би тэгэх бүртээ эх орон, ижий ааваараа, монгол хүн болж төрснөөрөө бахархдаг.

-Оюутны ДАШТ-д оролцох үедээ гараа бэртээсэн. Хэр их зовиуртай байна вэ?

-Нэлээд хөндүүрлэж байна. Өвчин намдаах эм уугаад л явж байгаа. “Мөнгөн гүүр” эмнэлгийнхэн “Эмчилж өгье” гээд санал тавиад эмчлээд эхэлж байна. Энэ завшааныг ашиглаад сайхан сэтгэл гаргаж, гарыг нь эмчилж байгаа тус эмнэлгийн хамт олонд талархлаа илэрхийлье.

-Азийн АШТ-д оролцож байх үеэр чинь танд Дэлхийн цомд өрсөлдөх урилга ирсэн гэсэн. Энэ удаа оролцох уу?

-Дэлхийн шилдэг найман тамирчин урилгаар оролцдогоороо онцлогтой Дэлхийн цомын тэмцээн 12 дугаар сарын 12-13-нд Катар улсад болно. Гараа бэртээчихсэн болохоор бараг оролцож чадахгүй байх аа. Юуны түрүүнд бэртлээ эдгээх нь зүйтэй. Багштайгаа зөвлөлдөж байж шийднэ. Ер нь ирэх оны 6 дугаар сараас өмнө бэртлээ бүрэн эдгээхийн төлөө ямар нэгэн уралдаан тэмцээнд орохгүй болов уу.

-М.Анхцэцэг маань цэргийн удам дамжсан цэргийн алба хаагч. Гэр бүлийнхээ талаар ярихгүй юу?

-Аавыг маань Ч.Мөнхжанцан гэдэг, дэд хурандаа цолтой. Одоо Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн ерөнхий инженерээр ажилладаг. Аав маань насаараа Зэвсэгт хүчинд хүчин зүтгэж байгаа, нөмөр нөөлөг, түшиг тулгуур маань болдог миний бахархал. Ээжийг маань М.Мөнхчимэг гэдэг, ахлах ахлагч цолтой. Зэвсэгт хүчний 013 дугаар ангид ажилладаг. Цэргийн гэр бүлд төрж өссөндөө, цэргийн алба хаагчдын нэг нь болж яваадаа баяртай байдаг шүү. Эцгийн нэрийг дурдахад нэрээ бодож цэгцэрдэг Эхийн нэрийг дуудахад хайр хүрч уярдаг Эх орны нэр гарахад омог төрж жавхаажна аа гэж сайхан үгийг хэлмээр байна. Би гурван дүүтэй. Эмэгтэй дүү нар маань намайг дуурайгаад штанг өргөж байгаа. Дүү нараа удахгүй шилдэг тамирчин болж, амжилт үзүүлнэ гэдэгт нь итгэж байна.

-“Алдар” спорт хороогоор хэзээнээс овоглов?

-Хоёр жилийн өмнө аав маань цэргийн удмаа үргэлжлүүлэх ёстой гэж үзээд намайг “Алдар”-тай холбосон түүхтэй. Спорт хорооны удирдлагууд маань намайг үргэлж дэмжиж байдагт баярлаж явдаг даа. Одоо би Монголын үндэсний их сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцаж байгаа, хичээлийнхээ хажуугаар бэртлээ даруйхан эдгээж авахыг хүсч байна.

-М.Анхцэцэгийн мөрөөдөл юу вэ. Ийм хөдөлмөрч охинд олимпын аварга болох ирээдүй ойрхон харагдаж байна?

-Баярлалаа. Олимпын аварга болж Монгол Улсынхаа нэр хүндийг олон улсын дэвжээнээ гаргах юмсан гэж боддог. Үүний төлөө хичээх болно.

Эх сурвалж: “Соёмбо” сонин

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх