etoim.mn
photos/14993546_1102988199817301_454656329548902030_n.jpg

Шинэчлэн батлагдсан Батлан хамгаалах салбарын багц хуулиар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал болон Агаарын цэргийн командлал бие даан үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдэв. Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин байх зорилгын хүрээнд командлалууд хэрхэн ажиллаж байгаа талаар Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяртай ярилцлаа.

-Зэвсэгт хүчин мэргэжлийн цэргээр төрөлжин хөгжих алхам таныг командлагч байх энэ үед тавигдаж байна. Хожмын нэг өдөр бахархан дурсах байх?

-Командлагчаар ажиллаж байгаа энэ цаг хугацаанд том, том өөрчлөлтүүд хийгдэх нь гэж баярлаад суухаас илүү үүрэг хариуцлага нэмэгдэж байна. Командлалыг бие даан хөгжүүлэх гэж байгааг зарим хүн цоо шинэ зүйл гэж ойлгох тал байна. Тэгвэл бяцхан түүх өгүүлэхэд, агаарын нисэх хүчний үүсэл хөгжил 1925 оноос эхтэй. 1925 онд ОХУ-аас цэргийн онгоц орж ирснээр үндэс суурь нь тавигдсан гэж хэлж болно. Хожим 1950-иад оны төгсгөлд иргэний нисэх гэж салбарлан хөгжөөд явсныг харахад энэ салбарын үүсэл хөгжил бол агаарын цэрэгтэй салшгүй холбоотой, үр үндэс нь гэж ойлгох хэрэгтэй. Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн түүхийн тухайд 1964 онд Зенитийн пуужингийн, радиолокацийн техник зэвсэглэл хүлээж авснаар эхэлж байна. Яах вэ, түүхийг эргээд харахад агаарын цэрэг бие дааж байсан түүх байгаагүй. Энэ утгаараа эхлэлийг нь маш зөв тавих ёстой. Үүний тулд хийж хэрэгжүүлэх ажил маш их байна.

-Командлал бие даан ажиллах явц ямар түвшинд байна?

-Бие дааж байна гээд гэрээсээ цүнхтэй хувцсаа үүрээд гараад явахтай адилтгаж болохгүй. ЗХЖШ мэргэжлийн удирдлагаар хангаж, чиглүүлэн ажиллах нь хэвээрээ. Гагцхүү санхүү болон хүний нөөцийн хувьд бие даан шийдвэр гаргаж, үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байна. Ерөнхийдөө бие дааж үйл ажиллагаа явуулахын тулд ЗХЖШ-ын дүрэм ч шинэчлэгдэж, командлалын дүрэм шинээр батлагдана. Мөн улсын нисэхийн багц дүрэм журмууд өөрчлөгдөнө. Дүрэм, журмаа шинэчлэхээс гадна командлалын стратегийн төлөвлөлтийг боловсруулж батлуулах ёстой. Амьдрал баялаг учраас үйл ажиллагаагаа явуулахад аль дүрэм нь болж байна, аль нь болохгүй байна гэдгийг хэлээд өгнө. Тэр үед дахин шинэчлээд явах бололцоотой. Өмнө нь хийж хэрэгжүүлэх ажлаа тооцоолоод бодоход 2018 оноос бие дааж эхлэх болов уу гэж төсөөлж байна. Өнөөдрийн хувьд дүрэм журмаа шинэчлэх саналаа өгч, тайван цагийн орон тоогоо боловсруулахаар ажиллаж байна. Орон тоо нь өөрөө хөрөнгө санхүүтэй холбоотой байдаг учраас тодорхой хязгаарлалтууд гарч ирэх нь дамжиггүй.

-Бүтцийн өөрчлөлтөөр томрох уу?

-Томорно. Гэхдээ нэг зүйлийг ойлгох ёстой. Бүтцээ томруулсан гээд хүмүүсээ шууд аваад эхэлчихгүй. Эхний ээлжинд ямар албан тушаалтныг бүтцийн дагуу томилох ёстой вэ гэдгээ тодорхойлж байж 2020 он хүртэл томилгоожуулах хар зургаа гаргана. Эдийн засаг амаргүй байгаа энэ үед шууд томилгоо хийх нь ч өөрөө эргэлзээтэй асуудал. Бидний хувьд орон тоогоо аль болох байх ёстой хэмжээнд нь батлуулахад анхаарч байна.

-Бие даахын тулд алба хаагчдын мэргэжил аргазүйг дээшлүүлэх, ур чадварыг нь нэмэгдүүлэхэд анхаарч эхлэх байх?

-Мэдээж зүйн хэрэг. Тактикийн болон команд штабын сургуулиуд, сургалтын үйл ажиллагаагаа өөрсдөө бие даан зохион байгуулна гэдэг нь мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн байхыг шаардана гэсэн үг. Шаардлагыг бүрэн хангаж байж үр дүн нь гарна. Бие даан үйл ажиллагаа явуулж эхлэхээр шууд хөгжөөд, мэргэжил нь сайжраад явах уу гэвэл бас хэт өрөөсгөл. Тодорхой хэмжээгээр өөрийнхөө онцлогт тулгуурлаад явах ёстой.

-Зэвсэг техникийн шинэчлэл дагаад яригдаж таарна?

-Агаарын цэргийн зэвсэг техникийн шинэчлэл бол дэлхийн бүх орны санаа зовоосон асуудал. Зэвсэглэл техник нь өндөр үнэтэй, их зардал гаргаж байж хөгждөг салбар. Энгийн нэг цэргийн анги биш, онцлогтой цэргийн байгууллага учраас хөрөнгө их шаардана. Тэр утгаараа эдийн засгийн хүндрэл нөхцөл байдалтай уялдаж явахгүйгээр “Одоо хөгжүүлнэ” гэсэн ганцхан шалгуураар бүхэлд нь “самарч” таарахгүй. Цэргийн хамтын ажиллагааны гэрээтэй улс орноос дэмжлэг туслалцаа авах, хөнгөлөлттэй зээл авах, өөрсдөө дотооддоо хийх бололцоотойгоо үйлдвэрлэх гээд олон зүйл бий. Энэ бол том сэдэв. Яривал дэндүү их юм бий. Ямар ч байсан төр, засгаас анхаарч үзэх болов уу гэж найдаж байна.

-Танай командлалын харъяа анги, байгууллагын зарим нь алслагдмал газар оронд ажиллаж байна. Багц хуулиар алслагдмал анги, байгууллагын алба хаагчдыг “харж үзсэн” заалт оруулсан?

-Командлагчийн хувьд энэ зүйл заалтад сэтгэл хангалуун байна. Эх орныхоо 4 зүг, 8 зовхист очоод ажиллаж байгаа алба хаагчдаараа бахархаж явдгаа хэлмээр байна. Мэдээж өмнөх хуулинд ч гэсэн таван жил тутамд нэг удаагийн урамшуулал олгохоор заачихсан байсан. Энэ удаа улам төгөлдөржүүлж баталгаажууллаа. Ний нуугүй хэлэхэд, манай алслагдмал анги, байгууллагад ажиллаж байгаа алба хаагчид маань 2013 оноос хойш урамшууллаа авч чадаагүй. 100 гаруй хүний 600 гаруй сая төгрөгийн асуудал бий. Хуульчлах, түүнийг нь хэрэгжүүлэх хоёр нэгэн зэрэг хэрэгжихгүй зовлонтой байгааг манайхан ойлгож байгаа байх. Улс орны эдийн засаг амаргүй байгааг ойлгож, хүлээцтэй хандаж байгаа алба хаагчиддаа баярлалаа. Удахгүй учир нь олдох байх. Байр орон сууцны дэмжлэг үзүүлэх тухайд хэлэхэд өнөөдөр бүрэн шийдэгдэхгүй ч алсдаа хэрэгтэй шийдвэр юм.

-Агаарын цэрэг гэж нэршил дээр зарим хүн шүүмжлэлтэй хандаж байна. Агаараас хамгаалах цэрэг гэж нэрлэх ёстой гээд?

-Хүмүүс янз бүрээр ярьж байна. Дэлхийн орнуудын жишгийг дагаж нэрлэсэн болов уу гэж харж байна. Тэгээд ч миний хувьд хуулийн нэршлийг зөв, буруу гээд шүүмжлээд суух нь зохимжгүй. Хувь хүний зүгээс агаарт үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь хамгаалах талд нэрлэх нь зөв болов уу гэсэн бодол байдаг.  Эцэст нь онцлоход, командлал бие даалаа гээд дураараа авирлаад байх юм байхгүй. Журмыг нь мөрдөж, эрх зүйн актыг баримтална. Бие дааж эхлэх алхмаа л зөв тавих ёстой.

Эх сурвалж: “Соёмбо” сонин

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[150.129.140.111]

2016-11-18 15:46:23

Ардаа Чингис хааныхаа юм уу жанжин Сүхбаатарын зургийг тавь