etoim.mn
photos/15056378_1102988683150586_4146643242530454121_n.jpg

Шинэчлэн батлагдсан Батлан хамгаалах салбарын багц хуулиар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал болон Агаарын цэргийн командлал бие даан үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдэв. Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин байх зорилгын хүрээнд командлалууд хэрхэн ажиллаж байгаа талаар Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатартай ярилцлаа.

-Хуурай замын цэргийн командлал бие даан үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн энэ цаг үед командлалын үүх түүхийн талаар онцлон асууя?

-Монгол Улсын Зэвсэгт хүчний эрх зүйн орчныг боловсронгуй болгох энэ үйл ажиллагаа олон жил үргэлжилсэн дээ. Хоёр ч парламент дамжиж, Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын даргаар ажилласан олон эрхмийн хичээл зүтгэл шингэсэн ажил. Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг болон Батлан хамгаалах салбарын багц хуулиар Хуурай замын болон Агаарын цэргийн командлал цэргийн захиргааны удирдлагаа хэрэгжүүлдэг бие даасан байгууллага болохоор хуульчлагдлаа. Үүнд Хуурай замын цэргийн командлагчийн хувьд сэтгэл хангалуун байна. Энэ нь Монгол Улсын Зэвсэгт хүчний хөгжих шинэ алхам болно гэж бодож байна. Үүсэл хөгжлийн талаар яривал 1980-аад оны дунд үед Ерөнхий цэргийн тавдугаар арми гэж байгуулагдаж байсан. Тухайн үедээ Ерөнхий цэрэг гэсэн нэршилтэй энэ тавдугаар арми Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүдийг бие даан удирдах, байлдааны ажиллагааг нэгтгэн төлөвлөх үүрэгтэй байлаа. Удалгүй 1980-аад оны сүүлч үед энэ байгууллага татан буугдсан. Батлан хамгаалах тухай хуулиар Зэвсэгт хүчин Ерөнхий зориулалтын цэрэг, Улсын агаарын довтолгооноос хамгаалах цэрэг, Барилга, ар талын гээд төрөл цэргүүдтэй байна гэсэн томъёолол орж ирсэнтэй холбоотой. Харин 2000 оны дунд үед Ерөнхий зориулалтын цэргийн бие даасан байдлыг хангах ёстой гэсэн үзэл баримтлалын дагуу дахин гаргаж ирсэн. Хошууч генерал А.Ганбатыг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, Ерөнхий зориулалтын цэргийн командлагчийн албанд томилж, өнөөдрийн Хуурай замын цэргийн командлалын бие даах анхны оролдлогыг хийсэн байна. Командлал бүрэн утгаараа байгуулагдсан нь 2009 он. Тэр үед Хуурай замын цэргийн командлалыг ЗХЖШ-ын бүтцэд бий болгож, командлал гэдгийг анх байгуулсан түүхтэй. Багц хуулиар бие даан үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин баталгаажсан учраас бид энэ чиглэлд илүүтэй анхаарч, бичиг цаастай “нөхөрлөж” байна даа.

-Бэлтгэл ажлын хүрээнд юу, юу хийж байна. Ялангуяа, дүрэм журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна уу?

-Зэвсэгт хүчний тухай хуульд заасанчлан Хуурай замын цэргийн командлалын бүтэц, орон тоог ЗХЖШ тогтооно. Бидний эхний алхам бол командлалын бүтэц, орон тоо, командлалын дүрмийг шинэчлэн боловсруулах, командлалын үйл ажиллагаа явуулах дотоод журмыг шинэчлэх гээд зөвхөн командлалтай холбоотой бэлтгэл ажил хийж байна.

-Бие даан ажиллаж эхлэхэд хэдий хугацаа зарцуулагдахаар байна?

-Хүүгээ өрх тусгаарлаж байгаа юм шиг нэг л өдөр гаргаад явуулчих зүйл биш. Үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрэн олгож, орон тоог нь боловсруулсны дараа бие даан ажиллах боломжтой. Энэ бүхэн тодорхой шатлалтай, тодорхой цаг хугацаа зарцуулагдана. Бидний төсөөлж байгаагаар 2018 оны нэгдүгээр улирал гэхэд командлал бүрэн хэмжээгээр орон тоогоороо нөхөн хангагдаад бие даасан үйл ажиллагаа явуулах чадамжтай болно гэж урьдчилан тооцоолж байна.

-ЗХЖШ-ын удирдлагууд командлалуудад бие даан үйл ажиллагаа явуулах эрхийг нь бүрэн олгож, үүрэг хариуцлагыг нь ч хатуу хүлээлгэнэ гэж онцолж байгаа?

-Хуурай замын цэргийн командлал цоо шинээр гэнэт тодроод гараад ирсэн юм бас биш. Монгол Улсын Зэвсэгт хүчний түүх бол тэр чигтээ Хуурай замын цэргийн түүх гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй. Энэ байгууллагыг хөл дээр нь босгож, бэхжүүлэх чиглэлд шинээр батлагдсан хуулийг хэрэгжүүлэх торгон ирэн дээр командлагчаар ажиллаж байгаадаа баяртай байгаа. Их хувь заяа гэж дүгнэж сууна. Бидний зүгээс бодож боловсруулж байгаа олон баримт бичиг байна. Үүний нэг нь Хуурай замын цэргийн хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр боловсруулах юм. Манайхан энэ хөтөлбөрийг боловсруулахаар өдөр, шөнөгүй л сууж ажиллаж байгаа. Ерөнхийдөө Зэвсэгт хүчний хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулаад Хуурай замын цэрэг дунд хугацаанд яаж хөгжиж болох вэ гэдэг зураглалыг гаргана.

-Мэргэжилтэн, боловсон хүчний хувьд хангалттай гэж үзэж байна уу?

-Боловсон хүчний нөөцийн хувьд санаа зовохгүй байна. Хуучин уламжлалаараа мотобуудлага, танк, артиллер, инженер, хими, холбоо гээд төрөл мэргэжлийн цэргүүдийг бэлтгээд ирчихсэн учраас боловсон хүчин хангалттай. Гэхдээ мэргэжилтнүүдээ гадаад дотоодод бэлтгэх, чадваржуулах, мэргэшүүлэхэд анхаарч ажиллах шаардлага бий.

-Бие даан үйл ажиллагаа явуулахад зэвсэг техникийн шинэчлэл давхар яригдах учиртай?

-Ер нь Зэвсэгт хүчний шинэчлэл дотор Хуурай замын цэргийн зэвсэг, техникийн шинэчлэл нэлээд чухал байр суурийг эзэлж байсан. Зэвсэгт хүчний хөгжлийн сан болон Батлан хамгаалахын жил бүрийн төсвөөс тодорхой хувийг зарцуулаад зэвсэг, техникийг авч өгсөн юм алга. Харин хоёр хөрштэйгөө сайн харилцаатай байдгийн хувьд тусламжаар авсан зэвсэглэл бол бий. Ялангуяа, ОХУ-аас цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд зэвсэглэлийн буцалтгүй тусламж үзүүлж ирснийг онцолмоор байна. Цаашдаа зэвсэглэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, сэргээн сайжруулах үйлчилгээ хийх чиглэлээр дотооддоо хийх ажил бий. Энэ талаар ярилцаж байна.

-Алслагдсан анги, байгууллагын алба хаагчдын нийгмийн хамгаалал руу чиглэсэн хэд, хэдэн зүйл заалтыг багц хуулиар баталгаажууллаа. Үүнд командлагчийн хувьд талархалтай байгаа биз?

-Манай командлалын харъяа ангиудын дийлэнх нь хөдөө байна. 1800 километрийн цаана гэхэд нэг салбар маань байх жишээтэй. Энэ утгаараа алслагдсан анги, байгууллагад ажиллаж байгаа офицер, ахлагчийн нийгмийн хамгааллыг сайжруулах, тэдний үр хүүхдийн боловсролыг дэмжих, амьжиргааг дэмжих, нийгмийн баталгааг хангах чиглэлээр багц хуульд зүйл заалт орсонд баяртай байна. Энэ нь Хуурай замын цэргийн алба хаагчдад албан үүргээ сэтгэл хоёрдолгүйгээр гүйцэтгэхэд том тус дөхөм болно.

-Нэршлийн хувьд оновчтой байсан уу?

-Хуурай замын цэрэг гэж олон улсад нэрлэгддэг, хэвшмэл хэллэгийг дагаж албан ёсоор хуульчилж оруулсан нь зөв. Хоёр хөрш төдийгүй хөгжингүй орнууд ч өнөөдөр Хуурай замын цэрэг гэж нэрлэсэн байдаг. Миний хувьд “Цол дагаж бяр” гэдэг шиг эрхээс илүү маш их хариуцлага ирлээ дээ гэж харж байна. Хүний амьдралын хувь заяа, ирээдүйг шийдэх том хариуцлага гэдэг талаас нь илүүтэй мэдрэх юм. Алба хаагчдынхаа сэтгэл санаанд ойр шийдвэр гаргахад илүүтэй анхаарах ёстой гэж бодож байна даа.

Эх сурвалж: “Соёмбо” сонин

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх