Жүжигчин У.Цогтбаярын дүүгийн гэр рүү үл таних хүмүүс халдсан тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар ЦЕГ-аас тодруулга өгсөн байна.
Тодруулгад "Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд энэ сарын 14-ний өдрийн 23.43 цагт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрийн хаалганы завсраар шингэрүүлсэн хий шахсан гэх дуудлага ирсэн. Дуудлагыг хүлээн авч шалгахад тухайн байрны гадна талд будгаар юм бичиж, цаас наасан байсан. Шалгалтын явцад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн иргэнээс холбогдох мэдүүлгийг тухайн өдрийн 01:00-02:00 цагийн хооронд авчээ.
Түүнчлэн тус орон сууцны харуул хамгаалалтын албаны хяналтын камерыг шүүх зорилгоор өөрсдийгөө цагдаагийн алба хаагч, Эрүүгийн цагдаагийн албанаас явж байна гэж танилцуулан хөндлөн зураастай үнэмлэх үзүүлсэн байсан бөгөөд цагдаагийн байгууллагын алба хаагчийн үнэмлэх хөндлөн зураасгүй байдаг. Түүнчлэн юун этгээдүүд дээрх ямар бичиг баримт ашигласан талаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.