Өчигдөр буюу 12-р сарын 12-ны өдөр иргэн Г.Ган-Очирын дансанд 9 их наяд төгрөг орсон байж болзошгүй мэдээлэл гарсан. Энэ мэдээлэлтэй холбогдуулан өнөөдөр Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Хаан банк нь үйл ажиллагаандаа Монгол улсын хууль тогтоомжийг мөрдөн ажилладаг бөгөөд аливаа хууль бус үйл ажиллагааг огт дэмждэггүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Банк нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хууль, хяналтын байгууллагаас ирсэн мэдэгдэл, шийдвэрийн дагуу харилцагчийн банкан дахь дансны хөдөлгөөнд хязгаарлалт тогтоодог.
Үүний дагуу иргэн Г.Ган-Очирын дансанд шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг хасах дүнгээр, системийн боломжит оронгоор тооцож өндөр дүнгээр барилт хийсэн байсан. Хасах дүнтэй дансны үлдэгдэл харагдаж байгаа нь дансанд нь энэ хэмжээний мөнгөн хөрөнгө байгаа гэсэн утга биш бөгөөд дансны хөдөлгөөнийг банк системийн боломжит дээд оронгоор хязгаарласныг харуулж буй хэрэг. Та бүхэн тухайн лайв бичлэгийг үзвэл асар олон оронтой тоо нь хасах тэмдэгтэй байгааг харж болно" гэв.