Санхүүгийн зохицуулах хороны дарга Д.Баярсайхан өчигдөр Олон улсын санхүүгийн корпорацын Монгол, Хятад, Солонгос улсыг хариуцсан дарга Рандалл Риопелле, Монгол Улс дах суурин төлөөлөгч Руфат Алимарданов нартай уулзлаа.
Уулзалтаар хоёр тал хамтран хэрэгжүүлж буй “Ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх төсөл”, “Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх төсөл”-ийн явц, үр дүнгийн талаар мэдээлэл солилцож, цаашид анхаарах ажлынхаа талаар ярилцсан юм.
Монгол Улсад ногоон санхүүжилтийг хөгжүүлэх бодлого боловсруулах, ногоон төсөл, бизнесийн санхүүжилтийг нэмэх, байгаль орчин, нийгмийн болон засаглалын шаардлагуудыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх төсөл” хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар ногоон бондын зах зээл хөгжүүлэх судалгаа хийж, компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журамд ногоон бондыг бүртгэх зохицуулалтыг тусгасан. Мөн Монгол Улсын Тогтвортой санхүүгийн замын зураглалыг шинэчлэн, банк бус санхүүгийн байгууллагуудын байгаль орчин, нийгэм, засаглалын бодлого, журмын төслүүдийг боловсруулсан.
Санхүүгийн зохицуулах хороо үлгэрчилсэн журмыг баталсан гэв. Харин цаашид БОНЗ-ын тайлагнал сайн хийдэг компаниудад зориулсан урамшууллын тогтолцоо бий болгоход хамтран ажиллах, санхүүгийн салбарт уур амьсгалын эрсдэлийг үнэлж, санхүүгийн байгууллагуудад заавар, чиглэл өгөх, салбарын байгууллагуудын үйл ажиллагаанд БОНЗ эрсдэлийн үнэлгээг нэвтрүүлэхтэй холбоотой сургалт зохион байгуулах чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдэв.
Өртгийн буюу нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх замаар бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилт авах боломжийг нэмэх зорилгоор хэрэгжүүлж буй “Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд "Авлага худалдан авалт буюу факторингийн үйл ажиллагаа эрхлэх гарын авлага"-ыг боловсруулжээ. Мөн “Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн нэр томьёоны тодорхойлолт” номыг Монгол хэл рүү орчуулж, салбарынханд хүргэсэн байна. Факторингийн үйлчилгээний гэрээ, стандарт, гол шаардлагуудын талаар сургалт зохион байгуулаад байна. Иймд цаашид факторингийн үйл ажиллагааны журмыг батлах, салбарынханд сурталчлах, факторингийн үйл ажиллагааны загвар гэрээг эцэслэн боловсруулах чиглэлд анхаарч ажиллахаар уулзалтаар тогтлоо.