Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/бөх.jpg

1. Аргентины хөл бөмбөгийн од Месси 1,000 дахь тоглолтдоо 789 дэх гоолоо орууллаа

Катарт үргэлжилж буй хөл бөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны эхний тоглолтдоо Аргентины шигшээ баг Австралийн багийг 2:1 харьцаагаар хожиж, шөвгийн 8-д шалгарлаа.

Аргентины шигшээ багийн эхний гоолыг 35 дахь минутад дэлхийн шилдэг хөл бөмбөгчдийн нэг Лионел Месси өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан юм.

Энэ нь 35 настай Мессигийн спортын замналын 789 дэх гоол байв.

Тэр өчигдөр бас 1,000 дахь тоглолтдоо оролцсон юм.

2. Шөвгийн наймд шалгарсан эхний баг Нидерланд боллоо

"Катар 2022" ДАШТ-ий шигшээ 16 шатны эхний тоглолт Нидерланд болон АНУ-ын хооронд болоход 3-1 харьцаагаар Нидерланд хожлоо.

Хүнд байдалд орсон АНУ-ын хоёрдугаар үеийн сэлгээ ашгаа өгч Хажи Райт 76 дахь минутад тооны харьцааг ойртуулав. Гэвч түүний гоолоос ердөө 5 минутын дараа хоёр гоолын дамжуулалт өгсөн Дензел Дөмфрайс гоол оруулснаар Нидерланд хожлоо.

2018 оны ДАШТ-ийг өнжөөд байсан Нидерландын шигшээ баг шөвгийн наймд шалгарлаа.

3. О.Хүслэн ОУХМ цол хүртлээ

Монголын жүдо академийн тамирчин О.Хүслэн жүдо бөхийн ОУХМ цол тэмдгээ гардан авлаа. Энэ оны Улаанбаатар “Их Дуулга” тэмцээний хүрэл медальтай тэрбээр -78 кг-ын ангилалд өрсөлддөг билээ.   

Түүний шагналын цуглуулганд Монгол Улсын залуучуудын УАШТ-ий алт, насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медаль байдаг.

Саяхан Бакугийн “Их Дуулга”-д оролцоод ирсэн 18 настай тамирчин маань тун удахгүй Токиогийн “Их Дуулга”-д эх орноо төлөөлөн оролцоно.

4. Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүллээ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ой, “Монгол бахархал”-ын өдөр болон Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Үндсэн Хууль баталсны 98 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж, Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, улсын аварга О.Хангай үзүүрлэлээ.

Их шөвөгт улсын заан Б.Бат-Өлзий, улсын начин Ж.Ням-Эрдэнэ нар шалгарсан юм.

Ж.Ням-Эрдэнийн хувьд Монгол Улсын начин цол хүртсэнээсээ хойш улс, аймгийн цолтой бөх зодоглосон барилдаанд хүч үзэхдээ анх удаа их шөвөгт шалгараад байгаа юм.

Сонирхуулахад, шинэ буюу Ардчилсан үндсэн хуулийг баталсны өдөрт зориулсан уламжлалт барилдааны анхны түрүүг Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Монгол Улсын гавъяат тамирчин, улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж, Увс аймгийн Хяргас сумын харьяат дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэж байв.

Тэгвэл хамгийн олон түрүүлсэн бөхөөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ (1993, 1996, 1997, 1998 онд) бичигдсэн юм.

Мөн хамгийн олон үзүүрлэсэн бөхөөр Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, дархан аварга Агваансамдангийн Сүхбат (1997, 1998, 2001 онд).

Дараалан түрүүлсэн бөх:

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 1996, 1997, 1998 онд гурван удаа дараалан түрүүлсэн.

Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын арслан Батжаргалын Ганбат 2001, 2002 онд хоёр удаа дараалан түрүүлсэн.

Дараалан үзүүрлэсэн бөх

Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат дархан аварга Агваансамдангийн Сүхбат 1997, 1998 онд дараалан үзүүрлэсэн.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 2003, 2004 онд дараалан үзүүрлэсэн.

Улсын цолгүй түрүүлсэн бөх Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба 2010 онд цэргийн арслан цолтой түрүүлсэн.

Улсын цолгүй үзүүрлэсэн бөх:

Завхан аймгийн Идэр сумын харьяат, улсын гарьд Ширбазарын Жаргалсайхан 2009 онд аймгийн арслан цолтой үзүүрлэсэн.

Увс аймгийн Хяргас сумын харьяат, улсын начин Сүхбаатарын Батсуурь 2011 онд аймгийн арслан цолтой үзүүрлэсэн.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх