Саудын Арабын шигшээ баг “Катар-2022” ДАШТ-ий хамгийн эхний санаанд оромгүй шуугианыг тарьж шилдгийн шилдэг Месси тэргүүтэй хүчирхэг Аргентины шигшээ багийг 2:1-ээр яллаа.
Месси тоглолт эхлээд удаагүй байхад /10 дахь минут/ торгуулийн цохилтоос гоол оруулсан ч Салех Аль-Шехри хариуг нь /48 дахь минут/ барьсан юм. Угтаа Аргентин эхний үед дахин 3 гоол оруулсан ч бүгдээрээ отон тоглолт байв.
Аль-Шехригийн гоолоос удалгүй Салем Аль Давсари /53 дахь минут/ гоолдож, Саудын Арабын тэргүүлж эхэлсэн юм. Үлдсэн хугацаанд аргентинчууд гоол оруулахыг ихээхэн хичээсэн боловч, Саудын арабчууд ямар ч боломж өгөлгүй байсаар цаг дууслаа.
Аргентиныг хожиж чадсанд ихэд баярласан Саудын Арабын хаан лхагва гарагийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлаж, ард нийтээрээ ялалтаа өргөн тэмдэглэхээр боллоо.
“Катар-2022” ДАШТ-ий анхны гоолгүй тоглолт Эр-Райян хотын “Эдьюкейшн сити” цэнгэлдэхэд Дани улсын шигшээ, Тунисийн шигшээгийн хооронд болж тэдний тулаан 0:0-ээр өндөрлөв.