Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/637c50276aae8c6e0b2d112aэхжхжэх.jpg

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, нийслэлийн иргэдийг хүнсний гол бүтээгдэхүүнээр хангах чиглэлд баримталж буй бодлогын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас тодрууллаа.

-Орон даяар өрнөж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал" хөдөлгөөнд  нийслэл нэгдсэнээр нэн түрүүнд юунд анхаарлаа хандуулах  вэ?

-Нэн түрүүнд бид дотооддоо хүнсний үйлдвэрлэлийг дэмжих, тэдэнд тулгарч буй эдийн засаг, хууль, эрх зүйн болон бусад асуудлыг шийдвэрлэх суурь бодлогыг хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх нь гарцаагүй чухал. Бизнесээ эрхлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, хөрөнгө, логистикийн асуудлыг нь шийдэх орон зай, боломж олгох хэрэгтэй байна шүү дээ. Татварын хөнгөлөлт, татаас бодитой, байгаа оносон байх ёстой. Ийм механизмуудыг ашиглаад, хөрс суурийг нь зөв тавьж өгвөл хувийн хэвшил өөрсдөө үйлдвэрлэлээ эрхлэх, бүтээгдэхүүнээ нийлүүлэх, инновацыг нутагшуулах, хүний нөөцөө бэлдэх, сургах нөхцөл бүрдэнэ. Салбарын хувьд ийм ахиц гарвал хүнсний нийлүүлэлт тогтмол болж, хомсдол, үнийн хөөрөгдөл арилах юм. Улаанбаатар хот энэ чиглэлд бодлогын, улс төрийн, шийдвэр гаргах түвшинд манлайлж ажиллахыг зорьж байна.

-Энэ чиглэлд хамгийн түрүүнд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Өнөөгийн нөхцөлд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг орон нутгаас бэлтгэх, боловсруулах, тээвэрлэх, худалдан борлуулах бүх үе шатанд ченж буюу дундын дамжлагын оролцоо маш өндөр учир хүнсний бүтээгдэхүүн өндөр өртөгтэй хэрэглэгчдэд хүрдэг. Дундын энэ дамжлагыг халж, хүнсний бараа, бүтээгдэхүүнийг төвлөрсөн нэг цэгээс тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээгээр хэрэглэгчдэд хүргэх нь оновчтой шийдэл.  Эрүүл, аюулгүй, баталгаат хүнсээр хотын иргэдийг хангах боломжийг бүрдүүлэхээр Худалдааны нэгдсэн логистикийн төвийг баруун, зүүн бүсэд авто болон төмөр замын сүлжээтэй уялдуулан шинээр, мөн одоогийн нөөцийг түшиглэн төлөвлөж байгуулахаар ажиллаж байна. Ингэж чадвал эцсийн хэрэглэгчид очиж буй үнийн өсөлт, бүтээгдэхүүний нийлүүлэлтэд нөлөөлдөг дундын дамжлага үгүй болно. Тэгэхээр бүтээгдэхүүний үнэ буурч, бараа, үйлчилгээний өрсөлдөх чадвар ч дээшилнэ. Цаашлаад хүнсний үйлдвэрлэлийн салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах замаар улирлаас хамаарсан үнийн хөөрөгдөл, хомсдолыг зогсоох, гарал үүсэл тодорхой, эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр иргэдээ хангахад анхаарч ажиллах боломж бий.

-Улсын хэмжээнд авч үзвэл нийслэлийн иргэд хүнсний бүтээгдэхүүний гол худалдан авагч. Тэгэхээр аюулгүй байдал дээр юуг анхаарах ёстой вэ?

-Суурь хөрс нь зөв байх ёстой. Улаанбаатар хот анх удаа нэгдсэн стандарттай болж, үүнийгээ хэрэгжүүлэх, мөрдөх тодорхой ажлуудыг шат дараатай хийж эхэллээ. Хүнсний бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлт, энэ бүхэнд тавигдах хяналт, шаардлага ч стандартынхаа дагуу, хууль журмын хүрээндээ байх ёстой. Энгийн сонсогдож магадгүй, гэхдээ олон асуудлыг ийм замаар л шийднэ. Нөгөө талаасаа бид эрүүл хүнс гэж юу юм бэ, юуг нь анхаарч хүнсээ сонгох ёстой вэ гэдгийг иргэддээ таниулах, сурталчлах нөлөөллийн ажлууд бас тодорхой үр дүн авчирна гэж харж байгаа.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх