Ж.Энхжаргалан нарын долоон хүнийг мөрийтэй тоглосон, хар тамхины зүйл хэрэглэсэн гэх мэдээлэл хэвлэлүүдэд гарсан бөгөөд энэ асуудлаар тайлбар хийсэн юм.
Иргэн Ж.Энхжаргалан хэлэхдээ “Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт би харих замдаа найзтайгаа ажил ярихаар 21:40 цагийн үед гэрт нь очсон. Бид ярьж дуусаад найзуудаараа тодорхой хөзөр тоглосон бөгөөд буцаад 00:00 цагийн үед хаалгаар гарах гэтэл тусгай бэлтгэгдсэн эрүүгийн мөрдөгч нар ирчихсэн байсан. Тэдний дайрч орсон газар бол тоглоомын газар биш, айлын гэр гэдгийг онцолъё.
Тэдгээр мөрдөгчид бидэнд прокурорын зөвшөөрөл байсан эсэхээ ч хэлээгүй шаардлага тавьж хана руу харуулж зогсоогоод, тэр айлын гэрт нэгжлэг хийхийн зэрэгцээ биед байсан эд зүйл болон гар утсыг нь хурааж авсан. Ингэхдээ тухайн айлын булан тохой бүрийг нэгжиж, сэжигтэй гэж санагдсан бүх зүйлийг цуглуулан ширээн дээр тавьсан юм.
Айл учраас нэгжлэг хийхэд даалуу, хөзөр, жетон, монопол, эмийн сан гаргаж ирсэн. Эмийн сан дотор нь юун тариур зүү, капсултай эм гаргасан. Сүүлдээ Хар тамхитай тэмцэх хэлтсийнхнийг дуудсан. Тэгээд биднээс “Та нар мөрийтэй тоглосон уу? үнэнээ хэл. Хэн зохион байгуулсан бэ?” гэж тулгасан. Мөн нэг, нэгээр нь хажуугийн өрөө рүү авч орж уулзсан. Нэг залууг хүч хэрэглэж, унагаад хэвтүүлсэн байсан.
Тухайн шөнө биднээс жирэмсний тест шиг түргэвчилсэн тест авахад ямар ч хар тамхины зүйл илрээгүй. Маргааш өглөө 7-8 цагийн үед хнээс нь мэдүүлэг авч, бүгдэд нь гар утас, түлхүүр зэргийг нь өгөөд явуулсан. Тэр үед зарим хэвлэлээр мэдээлсэн шигар тамхины төрлийн бодисын тухай яриа огтхон ч яригдаагүй. Гэтэл дараа нь хэвлэлээр тийм бодис илэрсэн гэж мэдээлснийг маш их гайхаж байна. Мөн зохион байгуулалттайгаар мөрийтэй тоглоогүй. Эрүүгийн мөрдөгч нар төсөөллөө л тулгаад байсан. Бид найзуудаараа цуглаж, ажил яриад хоорондоо зугаагаа гаргаж хөзөр тоглосноос биш ямар ч мөрийтэй тоглоом зохион байгуулаагүй. Зүгээр хөзөр тоглохыг хориглосон хууль энэ улсад байхгүй байх.
Хэвлэлүүдээр гараад байгаа зургийг эрүүгийн мөрдөгч нар гар утсаараа авсан. Гал тогооны ширээн дээр баримтжуулсан гээд байгаа зураг бол тухайн мөрдөгчид тэр айлыг бүхэлд нь нэгжээд гарсныгаа бөөгнүүлээд тавьчихсан байгаа л зүйлс.
Мөн нийт 8 сая төгрөг бэлнээр хураасан гээд байгаа нь тэнд байсан долоон хүнд байсан нийлбэр мөнгөн дүн юм. Биднийг зохион байгуулалттайгаар мөрийтэй тоглосон, хар тамхи хэрэглэсэн гэх хэрэгт унагах гэж үзэж байна.
Гэтэл тэр үйл явдлаас хойш дөрөв хоногийн дараа шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй, дөнгөж шалгагдаж байгаа зүйлийг нэг гарчиг, зураг, агуулгатай мэдээ цацсан. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад хэвлэлээр урьдчилж ялладаг байдалтай санал нийлэхгүй байна. Энэ бол Монгол Улсад ямарваа нэгэн хэргийг шүүхээр тогтоогдоогүй байхад урьдчилж сошиалоор ялладаг байдлын жишээ. Алдаатай мэдээлэл цацсан сайт, нэр бүхий сэтгүүлчид мэдээгээ залруулж, уучлалт гуйхыг шаардаж байна" гэлээ.
Энэ үеэр сэтгүүлч Ч.Лодойсамбуу “Хэвлэлийнхэн шалгагдаж буй хэргийн материалаар улстөрчдийн хоорондоо байлддаг хэрэгсэл хийхээ болиоч гэж уриалмаар байна. Иргэдийг шүүхээс гадуур ялладаг байдал Эрүүгийн хуулиар хориглогдсон. Хэвлэлийн байгууллагын зөвлөл өнөөдөр ажиллаж байгаа. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн дэргэд Ёс зүйн хорооноос баталсан ёс зүйн зарчимд гэмт хэргийн тухай мэдээллийг дамжуулахдаа юуг баримтлах ёстойг маш тодорхой заасан байдаг.
Сэтгүүл зүй хүний эрхийн эсрэг ажиллаад эхэлсэн үед мөхнө. Хууль шүүх, сэтгүүл зүйн салбар нь хүний эрхийг хангаж ажиллах ёстой” гэлээ.