НӨАТ-ын сугалааг аравдугаар сарын 1-нээс шинэчилсэн байдлаар явуулахаар болсон. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
"Тавдугаар сард сугалааг зогсоосноос хойш сугалаа баталгаажуулдаг тоо хоёр дахин буурсан. Долоон жилийн үр дүн маань дөрөвхөн сарын дотор 50 хувиар буурсан. Цаашлаад НӨАТ-ын орлогод сөргөөр нөлөөлөх асуудал үүснэ. Одоо бид сугалааны системд шинэчлэл хийсэн. НӨАТ-ын баримтаа баталгаажуулж уншуулсан иргэн бүр өөрийн сугалааны сериал дугаарыг утаснаасаа харах боломжтой болсон. Одоо уншуулсан баримт болгон сугалааны тохиролд оролцоно. Олон баримт уншуулах тусам хожих магадлал өндөрсөнө. Уншуулсан баримтын хэмжээгээр сар болгоны сугалаанд өгөх хожилын сан нэмэгдэнэ" гэлээ.