Өчигдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл төрийн ордонд болсон "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийн үеэр “нэн ядуу” айл өрхүүдийг “улны айлууд” хэмээн ярьсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлж, олон нийтийн сүлжээгээр ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан.
Харин өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл дахин мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Олон улсын жишгээр хамгийн бага орлоготой өрхийг "bottom" гэж нэрлэдгийг улны хэмээн буруу үг хэрэглэсэндээ албан ёсоор уучлалт хүсч байна.
Мөн яамны хэмжээнд гурван том бодлогын шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Нэгт, цалингийн шинэчлэл. Хоёрт, тэтгэврийн шинэчлэл. Гуравт, халамжаас хөдөлмөрт шинэчлэлийг явуулахаар ажиллаж байна.
Хүн амаа хөдөлмөр эрхлэлт рүү шилжүүлэх, хүссэн цалин хөлсийг нь өгөх чиглэлд анхаарч ажиллах шаардлага тулгарч байна. Өнөөдөр гурван хүний нэг нь ядуу байна. Ядуурлын түвшин 27.8 хувьд хүрсэн. Энэ үед залуусаа хөдөлмөртэй болгох тал дээр гол хүчээ хаяж ажиллаж байна.
Миний хувьд олон хүүхэдтэй айлын нэг нь. Ядуурлаас ард иргэдээ яаж гаргах вэ гэдэгт л анхаарч, үр дүн гаргая гэж хичээж ажиллаж байна. Олон улсын нэршлээр нь ярьсан нь миний алдаа болсон байна. Цаашид үгний сонголт дээрээ маш сайн анхаарна, уучлал гуйж байна" хэмээн мэдэгдлээ.