Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/6290aca82756fc061a5d90ecолиөө.jpg

“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд Нарны замд асфальт бетон хучилт хийх ажил үргэлжилж байна. Тавдугаар сарын 12-ны 00:00 цагаас эхлэн Олимпын гүүрнээс Соёолжийн нүхэн гарц хүртэлх хоёр урсгалыг үе шаттайгаар хааж, засвар, шинэчлэлийн ажлыг хийсэн.

Харин тавдугаар сарын 23-ны 23:00 цагаас эхлэн Олимпын гүүрнээс Энхтайваны гүүрний зүүн талын уулзвар хүртэлх зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилтын ажлыг хийсэн бөгөөд өчигдөр тус чиглэлийн хөдөлгөөнийг нээлээ.

Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Энхмандах “Олимпын гүүрнээс Энхтайваны гүүр хүртэлх 850 метр замын хойд эгнээний хучилтыг хийж, хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.  Засвар, шинэчлэлтийн хүрээнд авто замын хучилт, явган замын шинэчлэлт, тэмдэг, тэмдэглэгээний ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа. Хучилтын хувьд авто замын гадаргуугаас шалтгаалан 15-16 см зузаантай хийсэн бөгөөд замын түвшинг борооны ус зайлуулах хоолойтой тэнцүүлсэн. Өнөөдөртөө замын хөдөлгөөнийг нээж байгаа ч явган хүний замын шинэчлэлт, тэмдэг, тэмдэглэгээний ажил үргэлжилнэ” гэв.

Олимпын гүүрнээс Соёолжийн нүхэн гарц хүртэлх замын хоёр урсгалыг тус бүр гурав хоногийн хугацаанд хааж, засвар шинэчлэлтийг хийхээр тооцоолсон байсан. Гэхдээ хөдөлгөөнийг хурдан хугацаанд нээх үүднээс хоёр урсгалын засварын ажлыг төлөвлөсөн хугацаанаас өмнө буюу дөрөв хоногт хийж гүйцэтгэсэн. Харин өнөөдөр нээж буй 850 метр замын шинэчлэлтийн ажлыг төлөвлөсөн хугацаандаа буюу дөрөв хоногт багтаан гүйцэтгэжээ. 

Дараагийн ээлжид шинэчлэх Олимпын гүүрнээс Энхтайваны гүүр хүртэлх чиглэлийн урд эгнээг мөн дөрөв хоногийн хугацаанд хаах юм. Ингэхдээ засварын ажлыг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болоод сурагчдын амралтын дараа эхлүүлэхээр төлөвлөж байна. “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд мөн явган хүний гүүрэн гарцын ажлыг хийхээр төлөвлөсөн. Уг ажилд шаардлагатай эхний ээлжийн бараа, материал Улаанбаатар хотод ирсэн бөгөөд угсралтын ажлаа эхлүүлэхээр бэлтгэл хангаж байгааг албаныхан мэдээллээ.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх