Япон улс ирэх сарын 10-ны өдрөөс эхлэн гадаадын бүлэг жуулчдыг хүлээн авахаар төлөвлөж байгаа талаар тус улсын Ерөнхий сайд Фумио Кишида пүрэв гарагт мэдэгдлээ.
Тодруулбал, тэрбээр хэлэхдээ “хүн хоорондын идэвхтэй харилцаа нь эдийн засаг, нийгмийн үндэс суурь болж байдаг. Бид 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн гадаадын бүлэг жуулчдыг хүлээн авч эхэлнэ” гэв.
Ингэхдээ зөвхөн Хоккайдо арлын Шинэ Читосе, Окинава арлын Наха олон улсын нисэх буудлуудад гадаадын бүлэг жуулчдыг хүлээж авахаар бэлдэж буйг дуулгажээ.
Фумио Кишида хэлэхдээ, “өдөрт хилээр нэвтрэх хүний тоог хоёр дахин нэмэгдүүлж 20 мянгад хүргэх ба цар тахлын тархалт багатай бүс нутгуудын зорчигчид тус улсад очоод шинжилгээнд хамрагдах шаардлагагүй” гэв.