etoim.mn
photos/3967-696x567.jpg

Аавынхаа үйлсийг залгамжлан яваа анхны эмч хурандаа Лхагвасүрэнгийн Ганчимэгтэй ярилцлаа. Тэрбээр ЗХЖШ-ын Ар талын газрын Эрүүл мэндийн хэлтсийн даргын алба хашдаг бөгөөд хос тангараг өргөсөн ховор хувь тохиолын эзэн билээ. Түүнтэй уулзахаар Гачуурт дахь гэрт нь саатсан юм.

-Гачууртад хэзээнээс амьдрах болов. Манайх бас энд байдаг юм аа. Ажлаа тараад ядарсан үед жаахан холдоод байдаг юм. Танд тэгж санагддаг уу?

-2013 оноос Гачууртад амьдарч байна. Их хол санагдаад эхний жилдээ хотын төвд хүүхдүүдтэйгээ амьдарсан. Нөхөр маань нохойнуудаа хараад (Алмааз, Хүдэр, Мира хэмээх түвд банхар тэжээдэг юм билээ) эндээ байдаг байлаа. Харин сүүлийн хоёр жил Гачууртад амьдарч байна. Урд талд минь Баянзүрх хайрхан сүндэрлэн, Туул гол урсаад, агаар сайтай, нам гүм сайхан байдаг юм. Өглөө эрт түгжрэлгүй үед 15 минутын дотор л ажилдаа оччихно шүү дээ.

-Улсын их баяр наадмын өмнө Та хурандаа цол хүртсэн. Энэ хүрэхэд амаргүй, урт зам туулсан байх?

-Би цэргийн эмч болсон үеэсээ эхэлж яримаар байна. 1996 онд Анагаах ухааны их сургуулийг төгсөөд Цэргийн төв эмнэлэгт ажиллах хүсэлт гаргасан юм. Тэднээс зургаан эмч сонгон шалгаруулсны нэг нь би байлаа. Эхний нэг жил энгийн орон тоон дээр ажиллаад, 1997 оны арваннэгдүгээр сард офицерийн дамжаанд суралцан, дэслэгч цол зүүж, тэдний бүрэлдэхүүнд багтаж билээ. Түүнээс хойш цэргийн цол хүртээд 19, цэргийн эмч болоод 20 жил болжээ.

Аав минь цэргийн эмч байсан болохоор багаасаа л хүчний байгууллагатай ойр өссөн. Миний аав одоо бэлтгэл хурандаа. Ээж минь цэргийн худалдааны газарт ажиллаж байсан. Намайг эмч биш, цэргийн хүн болгоно гэж аав минь хүсдэг байж. Энэ хүслийг нь биелүүлж, цэргийн эмч болсондоо баярладаг. Цэргийн төв эмнэлгийн Хүлээн авах, Дотор, Мэдрэлийн гээд бараг л бүх тасагт нь ажиллаж үзсэн.

2011 оноос Хордлогын яаралтай Тусламжийн үндэсний төвийн орлогч дарга, Эрчимт эмчилгээний тасгийн даргаар тус тус ажиллаж байгаад Жанжин штабын Ар талын газрын Эмнэлгийн хэлтсийн даргаар дэвшин томилогдсон. ХБНГУ , АНУ, БНСУ, Япон, Люксембургийн вант улсад цэргийн эмчийн мэргэшүүлэх болон хэлний урт, богино хугацааны сургалт дамжаануудад хамрагдан, мэдлэг, мэргэжлээ дээшлүүлсэн.

-Таныг сурч байх үед Анагаах ухааны их сургуульд цэргийн эмчийн анги байсан юм уу?

-Намайг сурахаас өмнө нэг хэсэг цэргийн эмч бэлтгэсэн юм билээ. Жилд 19-20 хүн төгсгөдөг байж. Тухайн үедээ төгссөн бүх хүн цэргийн эмч болохгүй ч очсон газартаа их сайн ажилладаг байсан. Анагаах ухааны их сургууль төгссөн зургаан жилийг нь цэргийн алба хаасанд тооцдог байлаа. Сүүлийн жилүүдэд ОХУ болон бусад улсад Цэргийн анагаах ухааны сургуулийг цэргийн эмчийн мэргэжлээр төгссөн шинэ залуу эмч нараар боловсон хүчнээ тэлж байгаа.

-Хурандаа цол хүртсэнээр Та Монголын Зэвсэгт хүчин дэх хамгийн өндөр цолтой эмэгтэй албан хаагч болсон гээд хэлэхэд буруудахгүй биз?

-Зэвсэгт хүчний салбараас төрсөн эмэгтэй хурандаа өмнө нь хоёр, гурав байсан гэдэг юм билээ. Харин эмчээс хурандаа цолонд хүрсэн эмэгтэй гэдгээрээ би анхдагч нь. Одоогийн байдлаар армид ажиллаж буй эмэгтэй хурандаа надаас өөр байхгүй. Тиймээс өөрийгөө их азтай гэж боддог. Наадмын өмнө цэргийн 11 албан хаагч хурандаа цол хүртэхэд би хамгийн эхэнд авсан.

Батлан хамгаалах салбарт ажилладаг дэд хурандаа эмэгтэй маань миний дараа хурандаа цол хүртсэн. Би дараагийнхаа эмэгтэй хурандаа цолтныг төрүүллээ гэж бэлгэшээж байгаа шүү. Тэр хурандаа маань ХБНГУ-д цэргийн атташегаар ажиллаж байна. Тэгэхээр Монголдоо цэргийн алба гүйцэтгэж байгаа гэдэг утгаараа би хамгийн өндөр цолтой эмэгтэй алба хаагч болж байгаа юм.

-Одон тэмдэг, шагналыг үнэгүйдсэн гэж ярьдаг ч цэргийн цол хэзээд үнэ цэнээ алддаггүй гэж боддог. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ. Анх дэслэгч болсны дараа хурандаа цол хүртэнэ гэж бодож байв уу?

-Бодож байгаагүй ээ. 2010 онд дэд хурандаа цол авахад манай тасгийн дарга дэд хурандаа О.Доржханд эмч маань “Эмэгтэй хүний хувьд дэд хурандаа гэдэг хамгийн дээд цол шүү” гээд стаканд орос маягаар архи дүүргэж өгөөд өлзий хээг минь хийн уулгаж билээ. Тэр үед “Хамгийн дээд цолыг нь авчихлаа” гээд их баярлан, хамт олонтойгоо өргөн тэмдэглэж байсан нь саяхан мэт боловч тэрнээс хойш зургаан жил өнгөрчээ,.

-Гэгтэл дараагийн цолонд нь хүрчихлээ шүү дээ?

-Би гавьяа шагнал горилохоос илүү дарга удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг сайн биелүүлэхийг л хичээж ирсэн. Энэ салбартаа үе дамжин ажиллаж буй учраас аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийдэг. Өөрөө санаачлан хийсэн ажил цөөнгүй. Энэ албан тушаалд томилогдож ажиллаад хоёр жилийн дараа хурандаа цол хүртлээ. Хурандаа цол гэдэг бол шалгуур, хариуцлага өндөртэй, нэр хүндтэй цол гэдгийг мэдэрч байна.

-Санаачилсан ажлаасаа сонирхуулна уу?

-Би 2003-2005 онд ХБНГУ-ын Цэргийн төв эмнэлэгт хэлний болон мэргэжлийн чиглэлээр сургалтад хамрагдсан юм. Тэр үед Герман улсын цэргийн зарим эмнэлэг татан буугдаж буй талаар мэдээлэл авч, холбогдох албаны хүмүүсээс нь татан буулгах эмнэлгийнхээ тоног төхөөрөмжийг Монголын эмнэлэгт шилжүүлж өгч болох, эсэхийг тодруулсан. Миний хүсэлтийг тэд найрсгаар хүлээн авсан. Герман хэл боломжийн хэмжээнд сурсан минь давуу тал болсон шүү. Ингээд БХЯ болон ЗХЖШ-ын удирдах албан тушаалтнууддаа энэ тухайгаа танилцуулан шийдвэр гаргуулсан.

Герман улсаас 220 мянган еврогийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар манай Цэргийн эмнэлэгт өгсөн нь одоо хүртэл эмчилгээ, оношилгоонд ашиглаж байна. Мөн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн эмнэлэгт хоёр сарын хугацаатай үүрэг гүйцэтгэсэн юм. Аав минь урьд нь тус ангийн эмнэлгийн даргаар ажиллаж байсан. Эмнэлгийн барилга нь хуучирсан байсан учраас ангийн захирагчтай нь уулзан “Би хоёр сарын хугацаанд ямар нэгэн бүтээлч ажил санаачлан хиймээр байна” гэхэд эмнэлгийн байрны засварын хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлж, засвар хийхийг даалгасан.

Тухайн үед Дорноговь аймгийн Засаг дарга байсан Ж Батсуурьтай уулзаж, учир байдлаа хэлэхэд “Улаанбаатар хотын хүн, манай говийн цэргийн ангийн эмнэлэгт санаа тавьж байхад дэмжилгүй яах вэ” гээд зургаан сая төгрөгийг шийдвэрлэж өгсөн. Эмнэлгийн засварын ажлыг эхлүүлсэн ч дуусгаж амжилгүй буцсан. Дараа нь Зүүнбаянд очиж засвар хийсэн эмнэлгээ харахад сайхан байсан.

-Таны аав аль нутгийн хүн билээ?

-Миний аав Галхүүгийн Лхагвасүрэн Завхан аймгийн Идэр сумын харьяат. Анагаах ухааны их сургууль төгсөөд, цэргийн алба хааж, цэргийн эмч болсон. Дараа нь ОХУ-ын Цэргийн хүн эмнэлгийн академид суралцан цэргийн эмч мэргэжил эзэмшсэн. Одоо миний ажиллаж байгаа ЗХЖШ-ын эмнэлгийн хэлстийн даргаар аав минь тодорхой хугацаанд ажиллаж байсан.

-Тэгэхээр Та аавынхаа мэргэжлийг өвлөжээ. Танаар бахархдаг байх даа.

-Яг л гаргасан мөрөөр нь явж байна даа. Би хурандаа хэмээх эрхэм алдар хүртсэндээ болон анагаах ухааны магистр, тэргүүлэх зэрэгтэй эмч болсноороо бахархаж явдаг. Одоо ч цэргийн чиглэлээр мэдлэгээ дээшлүүлэн суралцаж байна. Эмнэлгийн хэлтсийн даргын албан тушаалд ирж, хурандаа цол авахад хамгийн их баярлаж догдолсон хүн бол миний аав.

-Таныг анх цэргийн эмнэлэгт ажиллахыг санал болгосон хүн аав тань гэсэн. Хэрэв аавынхаа үгэнд ороогүй бол өдийд юу хийж яваа бол?

-Аравдугаар ангиа алтан медальтай төгссөн, сурлага сайтай байсан учраас олон улсын харилцааны чиглэлээр мэргэжил эзэмших байсан болов уу. Гадаадад сургуульд сурна гэж боддог байсан. Чехэд анагаахын чиглэлээр сурах хуваарь ирсэн ч улс орны байдлаас шалтгаалаад явж чадаагүй. Гэхдээ Монголдоо сурсан ч мэргэжлээ зөв сонгосон гэж боддог.

-Хурандаа цолоо аваад Та хамгийн түрүүнд хэн дээр очсон бэ?

-Хурандаа цолны мөрдэсөө Жанжин штабын даргаар зүүлгээд аав, ээж, ханьдаа мэдэгдсэн, дараа нь тогтсон журмынхаа дагуу дарга удирдлагууддаа илтгэл өгч танилцуулсан.

-Зарим үед эмэгтэй хүн нөхөртөө хэлэхээргүй, хэлэх ч шаардлагагүй сэтгэл зүйн асуудалтай тулгардаг. Тийм үед яаж сэтгэлээ онгойлгодог вэ?

-Би их нээлттэй хүн. Нөхөртөө бүх л зүйлээ ярьдаг. Хэрэв тийм шаардлага гарвал ээждээ л хэлэх байх даа. Би өөрийгөө олны хайранд өссөн гэж боддог. Ямар нэгэн юмыг бугшуулж, буруу санадаггүй. Хүүхэд байхын л ил тод, илэн далангүй байсан. Нөхөр минь ч гэсэн нээлттэй хүн. Заримдаа бид гал мэт асаад амархан намжчихдаг. “Муу нуухаар сайн илчил” гэдэг шүү дээ.

-Олон эрчүүдтэй ажилладаг бүсгүй хүнд зовлон их үү. Ойлголцох, хамтран ажиллахад эрчүүд хэр ээлтэй вэ?

-Надад эрчүүдтэй ойлголцоход их ойрхон, амар байдаг. Би долоон нас хүртлээ бошинз өмсөж үзээгүй. Богино өмд (шорт) өмсөөд л хөвгүүдтэй тоглодог байсан гэсэн. Том эгч минь эмээ дээр өссөн учраас гэртээ ах, эрэгтэй дүүтэйгээ мод, чулуугаар байлдаж хүүхэд насаа өнгөрөөсөн. Сургуульд ороод ч охидтой нийлж, гүйгээд байдаггүй байлаа. Тиймээс надад эрчүүдтэй ойлголцоход хүндрэл гардаггүй.

-Та ханьтайгаа хэзээ, яаж танилцаж байв. Нөхөр тань бас хурандаа цолтой байх аа?

-Нөхөр минь манай нөгөө ангийн хүүхэд л дээ. Бид Улаанхуарангийн 14 дүгээр сургуульд хамт сурч байлаа. Боломж олгоогүй гэдэг шиг араас минь өдөр, шөнөгүй гүйсээр байгаад л аваад суучихсан (инээв). Нөхөр маань МБГ-ын Хяналт, шалгалт, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажилладаг. Мөрдөн байцаагчийн ажлаа хийж байгаад хурандаа цол авсан хоёр хүний нэг нь.

-Ярилцлага авах тухайгаа дуулгах гээд утсаар залгахад “Хүүхдүүдтэйгээ кино үзэж байна” гэсэн. Гэр бүлдээ цаг хэр гаргадаг вэ?

-Залуу байхад бүх л зүйлийг зохицуулж, олон ажил амжуулдаг байжээ. Гэртээ хүүхдээ хараад суух зуураа л жолооны курс, хэлний дамжаанд сураад амжчихсан. Ажлынхаа хажуугаар ч их сургуульд цагийн багш, хувийн эмнэлэгт оройн цагаар үзлэг, эмчилгээ хийх зэргээр зүгээр суудаггүй байв. Ажил гээд цаг зав муутай байсан ч хүүхдүүдээ бас ч гэж муу хүмүүжүүлээгүй гэж боддог. Хоёулаа төрийн байгууллагад ажилладаг учраас орой гэртээ очоод хоолоо хийнэ, хүүхдүүдийнхээ хичээлийг давтуулах гээд ажил дуусахгүй шүү дээ. Баасан гаригт ажлаа тарж гэртээ очоод бүх хувцсаа угаагаад, маргааш өглөө нь индүүдээд тавьчихна.

Тиймээс бямба гаригийн үдээс хойш, ням гаригт гэр орны ажил хийлгүй, үр хүүхдэдээ цаг гаргадаг байлаа. Гэхдээ аав, ээжийнхээ тусламжтай гурван хүүхдээ өсгөсөн. Заримдаа ч хүүхэдгүй юм шиг ажилладаг байлаа. Хоёулаа зэрэг түргэн авахад тэд минь л ар тал болж үлддэг байсан.

-Та их дайчин эмэгтэй юм. Эрүүл мэндийн хэлтэс гэх их айлыг удирдахаас гадна докторын зэрэг хамгаалж байгаа гэж сонссон юм байна. Энэ их эрч хүчийг хаанаас олж авдаг юм бэ?

-Миний ээж Цэцгээ гэж их сайхан, дайчин эмэгтэй бий. МУИС-ийн нягтлан бодогчийн анги төгсөөд худалдааны салбарт олон жил ажилласан. Аав минь олон сар жилээр хөдөө, гадаа явахад ар гэрээнийхээ ачааг үүрч ирсэн. Одоо ч гэсэн бүх зүйлийг зохицуулж, амарна гэж мэддэггүй хүн байдаг юм. Ээжийнхээ л дайчин чанарыг дуурайсан юм болов уу.

Миний хувьд ЗХЖШ-ын бодлогыг төлөвлөнө гэдэг шинэ зүйл байсан. Энэ бодлогыг улам төгөлдөржүүлж ажиллахын төлөө өөрийгөө дайчилж, хөгжүүлөх хэрэгтэй. Би “Суусан цэцнээс явсан тэнэг нь дээр” гэж хэлэх дуртай. Тиймээс энд тэнд явж, хүмүүстэй уулзаж, туршлага судлан суралцсаар ирсэн. Аюулгүй байдлын чиглэлээр БХИС-д докторын зэрэг горилон суралцаж байна. Генерал, профессоруудаас их зүйл сурч байгаа. Эцсийн мөч хүртлээ суралцана гэж боддог шүү.

-Цэргийн дүрэмт хувцас эмэгтэйчүүдэд илүү сайхан харагддаг. Дүрэмт хувцастай яваа албан хаагч олны анхааралд их өртдөг. Тиймээс сайхан харагдах шаардлага тулгардаг байх. Гоо сайхандаа яаж анхаардаг вэ?

-Ажлын цагаар л дүрэмт хувцсаа өмсдөг. Бусад үед энгийн хувцастай явдаг. Гэхдээ хурал, зөвлөлгөөн гээд цэргийн хувцастайгаа гадуур явах тохиолдол гаралгүй яах вэ. Тэр үед хүмүүс их сонжиж хараад байдаг юм. Тиймээс биеэ цэгцтэй авч явах хэрэгтэй. Дэслэгч болоод анх өмссөн цэргийн хувцас маань одоо хүртэл надад таарч байгаа. Сүүлийн үед хүмүүс биеийн жингийн индекс гэж их ярих болсон. “Монгол цэргийн жавхаа-2016” тэмцээний шалгаруулалтын комисст багтан цэргийн ангиудаар явахад биеийн жингийн зохистой харьцаа алдагдсан албан хаагч маш ховор байсан нь сайшаалтай санагдсан.

Бид ч мөн албан хаагчдынхаа бие бялдарт анхаарч ойр ойрхон шалгалт авдаг. Биеийн жингийн харьцаа алдагдсан хүнд албан бичиг явуулдаг. Миний хувьд бол амралтын өдөр гэр бүлийнхэнтэйгээ дугуй унан, ууланд авирдаг юм. Ардын жүжигчин А.Долгор гуайн зөвлөснөөр мөнгөн аяганд ус хийж хонуулаад өглөө бүр ууж байгаа (инээв). Мөн өглөө болгон коллаген хэрэглэж, өдөрт хоёр удаа хар кофе уудаг. Хоолны дэглэм барьдаггүй.

-Таны хүүхдүүдээс хурандаа болох хүн гарах нь уу?

-Манайх гурван хүүхэдтэй. Том хүүг минь А.Самдан гэдэг. МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль төгсөөд Австралид магистрт сурах гэж байна. Хоёр дахь охин А.Сайнзаяа Турк сургуулийн 12 дугаар ангид орно. Отгон охин А.Сайнжаргал II сургуулийн тавдугаар ангийн сурагч. Манай хоёр том цэрэг, цагдаа болохгүй гэж ярьдаг. Би үе дамжин ажиллаж буй учраас хүүхдүүдийнхээ нэгийг хүчний байгууллагад ажиллаасай гэж хүсдэг.

-Цэргийн байгууллагад олон жил ажиллаж буй Танаас эх орон гэж юу болохыг асуухгүй өнгөрч боломгүй.

-Эх орон гэдэг би, миний гэр бүл, хамт олон, байгууллага, Зэвсэгт хүчнээс эхэлнэ гэж боддог. Өөрийгөө эх орны нэг төлөөлөл, үндсэн нэг нэгж гэж бодож байгаа учраас эх орон минь ямар байх надаас шалтгаална гэж ойлгодог. Тиймээс хийж байгаа ажил төрөл, хүүхдээ зөв хүмүүжүүлэх маань ч эх орондоо оруулж буй миний хувь нэмэр гэж боддог. Хүн эх орон гэж чухам юу байдгийг харьд байхдаа л илүү мэдэрдэг юм билээ. ХБНГУ-д сурч байхад бүх зүйл нь бэлэн, тухтай хэдий ч өвлийн амралтаараа эх орондоо ирэхэд утаатай ч гэсэн үнэхээр сайхан мэдрэмж төрүүлсэн. Гадаад оронд монгол эмэгтэй л гэж ярихаас хэн гэдгээр нь мэдэхгүй. Тиймээс эх орныхоо нэрийг муугаар хэлүүлэхгүйг хичээдэг.

Эх сурвалж: “Ням гариг” сонин

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

sor

[203.91.115.35]

2016-08-02 20:30:43

Anhniih gedeg yu l bol, Gereltsatsralt gej hurandaa tsoltoi emch emegtei bsn shte.

ganchuluun

[103.212.119.94]

2016-08-02 14:43:12

Hurandaa tsol absand egchdee bayr hvrgie

zochin

[122.254.126.2]

2016-08-02 11:43:43

Hiisen ajiltai heleh ugtei hun saihan yumaa tand bayar hurgie, amjilt husie

Зочин

[180.235.178.147]

2016-08-02 11:36:47

Wow ёстой бүхнийг амжуулж ажиллаж чаддаг дайчин бүсгүй юмаа. Хурандаа бүсгүйд болон Ар гэр аав ээж нарт нь аз жаргал хүсье.