etoim.mn
photos/14955806_1095812040534917_2628821797264902520_n.jpg

ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбаттай ярилцлаа. Энэ удаагийн ярилцлага 2016 оны 9 дүгээр сарын 1-нд УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар шинэчлэн батлагдсан Батлан хамгаалах салбарын багц хуулийн хүрээнд өрнөж байна. Ингэхдээ шинэчлэгдсэн хуулиуд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд ямар өөрчлөлтийг авчрах, цэргийн алба хаагч танд ямар ашигтай талаар дагнан ярилцав.

-Батлан хамгаалах салбарын дөрвөн том хуулийг УИХ-аар шинэчлэн баталснаас хойш гурван сар гаруй хугацаа өнгөрлөө. Шинэчлэгдсэн хуулийн дагуу мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин байх зорилгын хүрээнд томоохон бүтцийн өөрчлөлт хийгдэнэ гэсэн ойлголт байна. Өөрчлөлтүүд хийгдэж эхэлж байгаа юу?

-Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль гээд дөрвөн том хууль УИХ-аар шинэчлэн батлагдаж, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ дагуу шинэчлэгдсэн хуулиудынхаа таниулгыг ч Зэвсэгт хүчний анги, байгууллагад хийгээд явж байна. Ер нь таны асуусанчлан шинэ хуулийн дагуу ЗХЖШ-т бүтцийн томоохон өөрчлөлт хийнэ гэж шууд утгаар нь ойлгож болохгүй. Өрөөсгөл ойлголт болно. Мэдээж та бүхэн мэдэж байгаа. Зэвсэгт хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Зэвсэгт хүчин нь хуурай замын болон агаарын цэргээс бүрдэхээр хуульчилсантай уялдуулаад хуурай замын цэргийн командлал, агаарын цэргийн командлалуудын бие даасан үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлэх, хангаж өгөх шаардлага гарч ирж байна. Өөрөөр хэлбэл, ЗХЖШ-ын бүтцээс хоёр командлалыг тусгаарлаж, хуульд заасан эрх, үүргийг нь хэрэгжүүлэх, бие даасан үйл ажиллагаа явуулах боломж нөхцлийг нь олгохоор ажиллаж байна. Эхний ээлжинд ЗХЖШ-ын бүтцээс гаргаж, бие даасан үйл ажиллагаа явуулах талд нь илүүтэй анхаарч байна. Энэ талаар ЗХЖШ-ын түвшинд хийж байгаа олон ажил бий.

-Хоёр командлал бие даасан үйл ажиллагаа явуулж эхлэхэд төсөв мөнгөөс эхлээд хүндрэл гарах уу?

-Эхний ээлжинд командлалуудыг бие даасан бүтэцтэй байхаар орон тооных нь зохицуулалтыг хийж байна. Хоёрдугаарт, эрх зүйн баримт бичгүүдийг нь шинэчлэх учиртай. Энэ хүрээнд ЗХЖШ-ын дүрмийг шинэчлэх болон командлалуудын өөрсдийнх нь дагаж мөрдөх дүрмүүдийг боловсруулах ажил хийгдээд явж байна. Мэдээж хуулийн дагуу цэргийн мэргэжлийн дээд удирдлага нь ЗХЖШ байж, чиглүүлж ажиллана. Эрхийг хэрэгжүүлэхгүй дундуур нь яам болон ЗХЖШ дайрч ороод байх шаардлага байхгүй. Эрхээ эдэлж, үүргээ гүйцэтгэх хариуцлагатай тогтолцоо хоёр командлалд ирж байна гэж ойлгох хэрэгтэй. Одоохондоо эрх зүйн хүрээнд үйл ажиллагааг нь төгөлдөржүүлэхийн төлөөх бичиг цаасны ажил байгаа учраас төсөв санхүүгийн хувьд хүндрэл гараад байх зүйлгүй. Цаашдаа командлалуудын үйл ажиллагааг нь бие даасан байдалд шилжүүлэхэд өөр олон арга хэмжээ, ажил үргэлжлээд хийгдэж таарна. Тэр бүхэн нь Батлан хамгаалах салбарын төсөвтөө багтаад явчих асуудал. Түүнээс биш орон байр, үйл ажиллагаатай холбоотойгоор нэмэгдэл зардал болгон гаргах нь зохимжгүй. Магадгүй төсөв мөнгө шаардлагатай гэж үзвэл 2018 оны улсын төсөвт тодорхой санал оруулж хэлэлцүүлж болох байх. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Шинэчлэл өөрчлөлт нэг далайлтаар шийдэгдэхгүй. Тодорхой үе шаттайгаар хэрэгжинэ.

-Шинээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн хуулиудаар Зэвсэгт хүчний удирдах албаны шатлалуудыг тодорхой зааж өгсөн. Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ, төрлийн командлалуудаас эхлээд ангийн захирагчийн эрх үүргийг тодорхой болгосон. Энэ тухай тодруулахгүй юу?

-2015 онд УИХ-аар шинэчлэн батлагдсан Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт энэ тухай тусгаж, 2016 онд батлагдсан салбарын багц хуулиар бүрэн баталгаажууллаа. Зэвсэгт хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Зэвсэгт хүчний улс төрийн дээд удирдлагыг Улсын Их Хурал, төрийн захиргааны удирдлагыг Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол Улсын Засгийн газар, батлан хамгаалах, хил хамгаалалтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг ЗХЖШ, цэргийн захиргааны удирдлагыг төрлийн цэргийн командлагч, нэгтгэл, анги, байгууллагын захирагч, цэргийн мэргэжлийн удирдлагыг төрөл, мэргэжлийн цэргийн дарга нар Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, цэргийн нийтлэг дүрэм, журмын хүрээнд хэрэгжүүлэхээр болсон. Эдгээр удирдлагын бүрэн эрхийн хоорондын уялдаа холбоог нарийвчлан зааглаж өгсөн байгаа. Цаашдаа энэ зааг, ялгаа нь ЗХЖШ-ын болон командлалуудын дүрмүүдээр илүү боловсронгуй болж зохицуулагдаад явна.

-Та сая хуулийг хэрхэн, яаж хэрэгжүүлэх тухай дүрэм журмууд боловсруулж батлуулахаар ажиллаж байна гэлээ. Хуулийг мөрдүүлэхэд гол хүчин зүйл нь болдог дүрэм журмууд хэзээ батлагдаж дуусах вэ?

-Мэдээж цаг хугацаа орно. Одоогийн байдлаар 70 гаруй баримт бичигт өөрчлөлт орох хандлага харагдаж байна. Дүрэм журам болгон харилцан адилгүй. Тухайлбал, одоо мөрдөж байгаа зарим дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт оруулах, заримыг нь шинээр боловсруулах, заримыг нь бусад яамдуудтай хамтарч боловсруулах гээд ажил их байна. Энэ бүхэнд тодорхой цаг хугацаа орно. Хууль маань нэгэнт хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн учраас аль болох түргэн хугацаанд дүрэм, журмаа боловсруулж батлуулахын төлөө ажиллах ёстой. Өнөөдөр ч гэсэн БХЯ, ЗХЖШ-ын холбогдох албан тушаалтнууд үүн дээр ажиллаад сууж байна.

-Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг болон Батлан хамгаалахын багц хуулиар БХЯ, ЗХЖШ-ын эрхлэх асуудлын хүрээн дэх ажлын давхардал бүрэн арилсан гэж хууль тогтоогчид онцолж байгаа. Хууль мөрдөгдөж эхэлсэн энэ үед давхардалууд нь арилж уу, анзаарагдаж байна уу?

-Хуучин цагт Цэргийн яам гэж байхад ЗХЖШ бүтцэнд нь орж ажилладаг байсан. Хожим 1997 онд ардчилсан нийгэм рүү шилжсэнтэй холбоотой бас дэлхий нийтийн чиг хандлага руу ойртуулах үүднээс энэ хоёр байгууллагыг зааглаж, эрх, үүргийг нь ч тодорхой зааж өгсөн. Төрийн захиргааны төв байгууллага нь Батлан хамгаалах яам байна. Батлан хамгаалах яам маань батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээг улс орны хэмжээнд төлөвлөн зохион байгуулах, бусад төрийн захиргааны төв байгууллагуудтай энэ үйл ажиллагааг уялдуулах, орон нутгийн удирдлагуудтай батлан хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах, Зэвсэгт хүчний зэвсэглэл техникийг шинэчлэхэд анхаарч ажиллах гээд олон талын эрхтэй. Харин ЗХЖШ нь цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага нь байж, дотооддоо чиглэсэн үйл ажиллагааг хариуцаж явуулна гээд тодорхой заачихсан. Ингэхдээ ЗХЖШ нь бэлэн байдлыг хангахад үйл ажиллагаагаа түлхүү чиглүүлнэ. Миний ойлгож байгаагаар манай хоёр байгууллагын үйл ажиллагааны зааг, ялгаа угаасаа тодорхой байсан. Өмнөх хуулиараа ч тодорхой байсан.

-Төрийн цэргийн байгууллыг салбарын тулгуур баримт бичиг болон хуулиараа баталгаажуулж тодорхойллоо. Хил хамгаалах, онцгой байдлын байгууллагатай энэ чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Манай байгууллагуудын дунд нэгнээ дэмжиж, хүндэтгэж ирсэн сайхан уламжлалтай харилцаа гэж бий. Өмнө нь албан ёсоор хуульчлаагүй ч гэсэн зарчмын хувьд нягт хамтын ажиллагаатай байгууллагууд байсан. Харин багц хуулиар үүнийг маань улам баталгаажуулаад төрийн цэргийн байгууллагад хамааруулсан нь энэ. Цэргийн эрх зүйн хэм хэмжээ, цэргийн нийтлэг дүрэм, цэргийн цол, цэргийн алба хаагчийн бие бялдрын стандарт, энхийг дэмжих ажиллагаанд оролцох байдлаараа нэгдмэл байх эрх зүйн үндэс бүрдсэн. Цаашдаа тайван цагт төрийн цэргийн байгууллууд ямар чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллах вэ гэдгээ улам боловсронгуй болгох шаардлага гарч ирж байна. Тодорхой төлөвлөгөө боловсруулах уу, эсвэл хамтарсан санамж бичиг байгуулах уу, эсвэл тодорхой журмаар зохицуулах уу гэдгээ ярилцаж байж шийднэ.

-Алба хаагчид рүү чиглэсэн хуулийн зүйл заалтын талаар ярилцъя. Алба хаагчдын ажил үүргээ эрхлэх болон нийгмийн хамгаалалд чиглэсэн бие даасан хуультай болов. Энэ тухай тодруулахгүй юу?

-Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулж байсан асуудлыг Цэргийн албаны тухай хууль болон Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль гэсэн хоёр хуулиар зохицуулахаар хуульчиллаа. Цэргийн албаны тухай хуулиар цэргийн алба нь цэргийн жинхэнэ алба, цэргийн бэлтгэл албанаас бүрдэхээр, цэргийн жинхэнэ алба нь хугацаат болон гэрээт алба, дүйцүүлэх, ахлагчийн болон офицерийн алба гэсэн бүтэцтэй байхаар хуульд тусгасан. Ингэж хоёр тусдаа хууль болгосон нь маш том амжилт. Мэдээж энэ хоёр хууль өнгөрсөн хугацааны тулгамдаж байсан бэрхшээлийг шийдэх сургамжид үндэслэн боловсруулж батлуулсан.

-Хуулиудыг эргээд харахад дутуу орхигдуулсан зүйл байна гэж та хувьдаа хардаг уу?

-Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиуд нь цаг үеэ мэдэрсэн сайн хуулиуд гэж дүгнэмээр байна. Яах вэ, тэр зүйл заалтад нь зохицуулалт дутуу байж дээ гэсэн зүйл харагддаг. Гэхдээ хуулийг дүрэм, журмаар хэрэгжүүлэх учраас энэ бол санаа зовоох асуудал биш. Нарийвчилсан санааг нь дүрэм, журам, заавраар зохицуулаад явах бүрэн бололцоотой. Хууль боловсруулах болон хуулийг өргөн бариад хэлэлцэх явцад үзэл санааны хувьд ойлгомжгүй, шаардлагагүй ганц нэг зөрчилтэй заалтууд орсон байхыг үгүйсгэхгүй. Үүнийг түрүүн хэлсэнчлэн дүрэм журам заавартаа залруулаад хэрэгжүүлэх боломжтой.

-Алслагдам анги, байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдын орон байрны асуудлын тодорхой хувийг Зэвсэгт хүчний анги, байгууллага шийдэж байхаар хуульчилсан. Үүнд зарцуулах төсөв тооцоо нь гарсан уу?

-Алба хаагчдын ажил үүргээ тогтвортой, үр дүнтэй гүйцэтгэхэд тэдний нийгмийн хамгаалал маш чухал үүрэгтэй. ЗХЖШ-ын удирдлагуудын санаа зовж явдаг сэдэв мөн үү гэвэл мөн. 2015-2016 онуудад энэ чиглэлээр ч шат дараалсан тодорхой ажил зохион байгуулж цөөн гэлтгүй алба хаагчид маань орон сууцны нөхцлөө сайжруулсан байгаа. Цаашдаа энэ талаар олон арга хэмжээ зохион байгуулж ажиллах шаардлага бий. Харин алслагдмал анги, байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдын амьдрах орон сууцанд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх асуудлыг бол жил бүрийн төсөвт судалгаа, тооцоотой нь боловсруулж оруулна. Төсөвт оруулаад шийдээд байвал хүндрэл гараад байх асуудал байхгүй гэж харж байна.

-Офицер, ахлагчийн цэргийн албанд ажиллах хугацааг хоёр жилээр нэмэгдүүлсэн. Энэ нь судалгаа болон алба хаагчдын хүсэлт шаардлагад үндэслэв үү?

-Энэ нь өөрөө хууль шинэчлэн батлагдахаас өмнө олон жилийн туршид яригдсан асуудал. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд дундаж наслалт уртасч, хөдөлмөр эрхлэлтийн байдал дээр тодорхой өөрчлөлт орж байна. Энэ талаас нь харж үзэх бас дэлхийн орнуудын чиг хандлага, Зэвсэгт хүчний алба хаагчдынх нь тэтгэвэрт гарах хугацааг нь үндэслэж хоёр жилээр сунгах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. Түүнээс биш цэргийнхэн хэт залуугаараа тэтгэвэрт гарчихаад хийх ажил олдохгүй байгаа юм биш. Харин ч цэргийн албанд ажиллаж байсан хүнийг хувийн хэвшлүүд үүрэг, хариуцлага хүлээх чадвар, ажлын бүтээмжийг нь бодолцоод ажилд авах дуртай байдаг. Энэ хуулиудаар цэргийн албанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүнд төрийн албанд үргэжлүүлэн ажиллах нөхцлийг бүрдүүлж өгсөн байгаа. Манай офицер, ахлагч нар энэ заалтад сэтгэл хангалуун байгаа болов уу гэж харж байна.

-Энгийн ажилтан алба хаагчид цэргийн алба хаагчдаас ялгаагүй ачаалал үүрч ажилладаг. Гэвч авах цалин, нийгмийн хамгааллыг шийдэх байдал нь харилцан адилгүй. Энэ талд ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-Энгийн ажилтан алба хаагчид өнөөдөр Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийн хүрээнд зохицуулагдаж байна. Цаашдаа эрх зүйн орчныг сайжруулахын тулд Хөдөлмөрийн тухай хуульд цэргийн албанд ажиллаж байгаа энгийн ажилтны тухай бүлэг зүйл заалт оруулж, өөрчлөх санал хүргэх ёстой. Магадгүй бие даасан тусгай хууль батлуулах шаардлага ч байж болно. Энэ талаар ЗХЖШ-ын удирдлагын түвшинд яригдаж буй асуудал бий.

-Цэргийн албаны үүрэг гүйцэтгэж байгаад тооцох тухай заалтын талаар тодруулах зүйл байна. Ялангуяа, энхийг дэмжих ажиллагаанд оролцсон алба хаагчид томоохон боломж олгосон байгаа гэх юм?

-Үүнд багагүй өөрчлөлт орсон. Тухайбал, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар Цэргийн алба хаагч ангийн байрлал эсвэл ангийн байрлалын гадна албан үүрэг, байлдааны жижүүрлэлт, харуул, хоногийн манааны үүрэг гүйцэтгэх, ажилдаа ирэх, буцахыг албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцно. Мөн гадаад улс болон орон нутагт албан томилолтоор ажиллах, дотоод, гадаадын цэргийн сургуульд суралцах, цэргийн сургалт бэлтгэл, дайчилгаатай сургууль, цугларалтад оролцох, улсын хил, онц чухал объектыг хамгаалах, орон нутгийн хамгаалалтын арга хэмжээнд оролцох, энхийг дэмжих ажиллагаанд оролцох, томилгоот бусад үүрэг гүйцэтгэх гээд хэд хэдэн арга хэмжээг үүргээ гүйцэтгэж байгаагаар тооцохоор болсон. Ингэхдээ манай улс НҮБ-ын болон олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаагийн хувьд эрсдэлтэй газар, оронд ажиллаж байгаа алба хаагчдынхаа төлөө тэдний үүрэг гүйцэтгэсэн 6 сарыг 8 сар алба хааснаар тооцохоор хуульчилсан. Энэ бол алба хаагчдынхаа төлөө хийж байгаа алхам. Хуучин мөрдөж байсан хуульд ч энэ санаа явж байсан.

-Гэрээт цэргийн талаар шинээр бүлэг заалт орсон. Хуучин бол гэрээт цэрэг бол байлдагч, түрүүчтэй төстэй үүрэг гүйцэтгэдэг байсан. Одоо үүнд зарчмын маш том өөрчлөлт орсон гэж ойлгосон?

-Хуучин мөрдөж байсан хууль, дүрэм журам заавар дээр гэрээт цэргийн алба гэж байсан. Ингэхдээ байлдагч, түрүүчийн албыг гэрээгээр хаахаар зохицуулагдсан байсан. Харин шинэчлэн батлагдсан хуулиар Зэвсэгт хүчний хөгжил, дэлхий нийтийн хөгжил хандлага, дээрээс нь сүүлийн үед өндөр хүчин чадалтай зэвсэг техник нэвтэрч буйтай холбогдуулж гэрээт цэргийн албыг улам өргөжүүллээ. Өөрөөр хэлбэл, нарийн мэргэжил шаардсан офицер, ахлагчийн албыг гэрээгээр хаах боломж иргэдэд нээгдэж байна гэсэн үг. Цэргийн гэрээт албыг байлдагч, түрүүчийн түвшинд ч хааж болно. Эсвэл нарийн чиглэлийн мэргэжилтэй иргэд Зэвсэгт хүчинтэй тав хүртэлх жилийн хугацаатайгаар гэрээ байгуулаад ажиллаж болно. “Та Зэвсэгт хүчинд ажилд орсон бол заавал 25 жил ажилла” гэсэн хатуу зарчмаас илүү нарийн мэргэжилтэй залууст өөрсдөд нь сонголтыг үлдээнэ. Эрхэлсэн ажилдаа үнэнч байж, ажил үүргээ сайн гүйцэтгэсэн, үргэлжлүүлэн ажиллах сонирхол байвал тухайн иргэн сунгаад явах боломжтой. Мэдээж офицер, ахлагчийн албан тушаал дээр ажиллахад тодорхой шалгуур, шаардлага хангасан байх ёстой. Тэр шаардлагыг нь дүрэм, журмаар зохицуулж өгнө.

-Та бүхэн Улаанбаатар цэргийн хүрээний ангиуд, ОБЕГ, ХХЕГ-т багц хуулийг таниулж байна. Алба хаагчдын зүгээс ямар санал хүсэлт тавьж байх юм?

-Миний хувьд Зэвсэгт хүчний 016 дугаар бригадад ажиллалаа. Хууль танилцуулах явцад ажиглаж байхад манай офицер, ахлагч, ажилтан алба хаагчид маань хуулийг төдийлөн бүрэн гүйцэт уншаагүй нь анзаарагдаж байна. Зарчмын томоохон өөрчлөлтийг нь танилцуулахаар ойлгоод сонирхож, ярилцах алба хаагчид ч олон гарч байна лээ. Хуулиа сурталчилахын хажуугаар анги, байгууллагын удирдлагуудад хүн нэг бүрээр хуулиа уншиж судлуулахаар үүрэг өгсөн байгаа. Мэдээж алба хаагчдын зүгээс Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль гээд бие даасан хоёр хууль боловсруулж батлуулсан явдалд сэтгэл хангалуун байна.

Эх сурвалж: "Соёмбо" сонин, Д.Болормаа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх