etoim.mn
photos/орхон аймаг цэрэг.jpg

Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж ирсэн Ардын хувьсгалын партизан, дайн байлдаан, зэвсэгт тулгаралтад оролцож явсан баатарлаг дайчдыг эгнээндээ багтаасан Монголын ахмадын байгууллагын эх үүсвэр болох “Партизаны комисс” 1931 онд Цэргийн яамны харьяанд байгуулагдаж, 1941 онд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд шилжсэн байдаг. Улмаар 1968 онд Партизаны комиссыг залгамжлан БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дэргэд “Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хороо” байгуулагдсан түүхтэй. Тус хороо партизанууд, дайнд оролцсон баатрууд, ахмад дайчдыг эгнээндээ багтаасан нэр хүндтэй байгууллага байсан. Энэ тухайд дурдах болсон нь АИХ-ын Тэргүүлэгчдийн 1982 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 794 дүгээр тогтоолоор 1945 оны Чөлөөлөх дайнд баатарлаг гавьяа байгуулсан хурандаа Ж.Ядмаад “Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн” цол олгосныг онцлох гэсэн юм. Тэр үеийн ХТАЗ гэдэг улсын баатартай дүйх эрхэм хүндтэй цол хэргэм байсан тухай ахмад үеийнхэн олонтаа дурссан байдаг. Өдгөө ХТАЗ цол хүртсэн эрхэм тун цөөхөн үлдсэний нэг нь 96 насны сүүдэр тохиож буй ахмад дайчин, чөлөөнд байгаа хурандаа Жамсрангийн Ядмаа билээ.

Нэг. Эх орны дуудлага- Маршалын тангараг

1940 оны хавар, зун халаагаа өгөлцөж газар ус, мал сүрэг өнгө засаж байсан цаг. Хорин настай хүү Ядмаад цэргийн зарлан иржээ. Цэргийн албанд мордохыг монголын залуус ээлж өнгөрөөх бус эр хүний хувьд эх орноо хамгаалах их хувь заяа гэж үздэг тул цэрэгт мордсон тэр өглөө сумын даргаас эхлээд эцэг эх, эх нутаг, нугын хүмүүс улаан туг хийсгэн хөл хөөртэй, эцэг эх нь дөрөөн дээр нь сүү дусааж хүүгээ үнсэн, аян замын ерөөл хэлж байхад Ядмаа эхийгээ сэтгэлдээ амилуулан, ээж минь байсан бол... хэмээн сэтгэл өмөрч зогсов. Сумаас аймгийн төв орох зам идэр эрс, аргамаг хүлгийн хөлд дарагджээ. Эрүүл мэндийн үзлэг буюу “комиаслах” гэдэгт ороход анх удаа бие биенээ нүцгэн шалдан байхыг харахад инээдтэй ч сүүлд нь бие биенээ шоолох дооглох нэг далим болсон гэдэг.

Үзлэгээр тэнцсэн цэргүүдийг ногоон малгайтай, өргөн шанаа, бор царайтай, хоёр одонтой дарга хүлээж авсан нь Халхын голын заставын домогт хилчин П.Чогдон (Хожмын БНМАУ-ын баатар) байсан ажээ. Аймгаас Улаанбаатарт ирэхэд хот нүүгэлтэн, зах хязгааргүй мэт гэрэл гялалзан аугаа сонин байж, Бөхөг толгойн карантины хатуу хөтүүг амсавч, эхийн хэвлийд эцгээсээ, 12 насандаа эхээсээ өнчрөн, хал үзэж, халуун чулуу долоосон байлдагч Ядмаа ер ядарсангүй, ялангуяа сүүлийн хэдэн хоног тавхайгаа улайстал парад “гишгэж” зуны халуунд зулайгаа “шатаав”.

Тангараг өргөх өдөр маршал Х.Чойбалсан, урд зүс таних болсон Ю.Цэдэнбал  (Багш байхад суманд нь очиж, Ядмаа багштай гар барьж, сайн ажилла гэсэн үүрэг өгч байсан), бага хурлын дарга Г.Бумцэнд нар ирж төрийн сүлдтэй модон индэр дээр эгнэн зогсоод маршал Х.Чойбалсангийн уншсан тангаргын үгийг “БНМАУ-ын иргэн би...” гээд цоглог дуугаар даган уншиж эх орны баталгаат эр цэрэг болов.

Хоёр. Сулинхээр- “БНМАУ-ын хилийг хамгаалахаар алхаад марш”

Ж.Ядмаа тангараг өргөөд Сулинхээрийн отрядад хуваарилагджээ. Гэтэл тэр отряд шинээр байгуулагдан, анхны цэргүүдээ авч байсан тул Ядмаа тэр отрядын ууган цэрэг болох хувь тохиолтой байжээ. 

Бага насанд лам болохоор Рашаантын хүрээнд зургаан жил сууж, дараа нь монгол бичгийн багшийн курс төгсөж багш, бас сумын Эвлэлийн үүрийн даргын алба  хашиж байсан Ж.Ядмаа тухайн үеийн отрядын сэхээтэн байсан учир 1940 оны 10 дугаар сараас тасгийн дарга, 1941 оны 4 дүгээр сараас Сайнсүүж хилийн заставт (Хуучны Замын Үүдийн 4 дүгээр застав гэх ба дайсны туршуул, тагнуул их орж ирдэг хилийн тун чиг эгзэгтэй зурвас байв) жагсаалын даргаар очив. Жа даргын ажил гүйцэгдэхгүй, салаан даргын конспектыг номноос хуулж бэлдэнэ, цэрэг, байрны дэг журам, ариун цэвэр гээд ер хүрэхгүй ажил гэж үгүй. Ядаж саван байхгүй тул цэргийн хувцсыг том орос тогоонд хийж буцалган “угаана”. Удалгүй дарга нар нь солигдож, Отрядын даргаар алдарт хилчин Э.Халтар ирсэн бөгөөд түүнтэй Ж.Ядмаа дарга, цэргийн хувь заяаг үүрч, дайн дуусгах тавилантай байсан ажээ. Дарга нь Ж.Ядмааг хязгаарын цэргийн төв сургуулийн Заставын даргын курст сургаад, Онц дүнтэй төгсөөд ирэхэд нь 1942 оны 8 дугаар сарын 28-нд бага дэслэгч цолоор шагнаж, өөрийн отрядын Дэл дуулгантын заставын даргаар дөнгөж 22 настайд нь томилжээ. Ж.Ядмаа “Дэл” хэмээх газар төрсөн, тэгээд “Дуулгант” гэдэг газар офицер болж насан турш цэрэг малгай, папах өмсөж явах сонин учралтайд бэлэгшээж явдаг юм билээ.

            Эл застав нь хилээс найман зуугаад метрийн наана байрладаг учраас сөрөг тал Заставын хөдөлгөөн бүрийг дурандаж байдаг, тэдний харуулыг манайхан харахад дурангийн шил нь гялалзаж байдаг ажгуу. Япончууд хилийн манаанд халдах, баривчлах, устгахыг оролдож, хилийн гүнд тагнуул, хорлон сүйтгэгчээ нэвтрүүлэхийг эрмэлзэнэ. Тиймээс Ж.Ядмаа хяналтын нууц байр (Морьтой хүнтэйгээ нууц байх гурван метрийн окоп), харуулын хуурамч байр байгуулах зэргээр хил хамгаалалтаа баталгаажуулах бүхий л аргыг сүвэгчилж байв. Уйгагүй ажилласнаар 1942 онд хилийн цэргийн хэмжээнд зарласан уралдааны болзлыг биелүүлж, 1943 оны хавар отряддаа тэргүүлж, маршал Х.Чойбалсангийн хөрөг, гурван ном, дэслэгч цолоор шагнуулж байлаа. 1943 оны зун түүний цэрэг хил зөрчигч хоёрыг баривчилсан нь мэргэжлийн тагнуулчид байсан ажээ. Заставын хилийн манаа 24 цагаар гарна. Талх гэж үгүй, ууц чанаж ганзагалаад явна, хоол хүнс тасрах нь ч бий. Нэгэн удаа хүнс тасрахад Ядмаа хоёр хар сүүлт унагаж цэргээ хооллосон хэргээр тусгай төлөөлөгчид дуудагдан, шүүхэд явах ч шахаж байв. 1944 оны 10 дугаар сард Ядмааг албан тушаал дэвшүүлж, Сулинхээрийн отрядын штабын 1 дүгээр тасгийн даргаар томилж, хилийн алба, хил хамгаалалтын хэргийг хариуцуулсан нь хэрэг дээрээ бүхэл бүтэн отрядын 300 км хил, арван заставын хил хамгаалалтыг хариуцах хүнд үүргийг хүлээлгэжээ.

Ж.Ядмаа дарга отрядын сургагч А.И.Морозов, штабын сургагч Шмарев, отрядад хүч нэмэгдүүлэн суулгасан Зөвлөлтийн цэргийн хошууч Зайцев даргатай туслан хамгаалах ангийн 700 орчим цэрэгтэй, танк эсэргүүцэх буу, цөөн хөнгөн хуягт, холбооны ротын туслалцаатайгаар үүргээ нэр төртэй гүйцэтгэжээ. Энэ тухайгаа Ядмаа гуай “Зөвлөлтийн ард түмэн, зэвсэгт хүчнээс өөр хэн манай хил хязгаарыг өмгөөлөн хамгаалж, өмөг түшиг болж явсан юм бэ? гэж хүн хүнээс асуудаг, тийм ч учраас Зөвлөлт эх орны дайны жилүүдэд  хилчин бид өөрсдөө идэх уух, өмсөх зүүхээр дутуу дундуур байсан ч дайн дуустал жил бүр хоёр сарын цалин, хүнсний махаа Зөвлөлтийн армид тусламж болгон илгээж байлаа. Улсын хил түгшүүртэй, өдөр өнжихгүй шахам дайсны өнгөлзлөг болж, В.Маяковскийн хэлсэнчлэн “Дайзтай сум бүсэндээ, цэнэгтэй винтов мөрөндөө” байсан тэр үеийг мэдэх хүн цөөхөн үлджээ” гэж дурсамждаа бичсэнийг  өнөө би уншиж сууна.

1940-1945 оны хооронд Сулинхээрийн отрядын хамгаалах зурваст япончууд 40 гаруй удаа хилийн зөрчил гаргажээ. Тэд радиогоор ухуулга хийнэ, хайрцагтай тамхи хаяна. Элдвийн аргынх нь хариуд элдвийн л арга сүвэгчлэх хэрэг гарна. Ж.Ядмаа дурсамждаа “1940 онд 16, 1941 онд 37, 1942 онд 12, 1943 онд 20, 1944 онд 12, 1945 оны эхний хагаст 20 шахам тагнуул, хорлон сүйтгэгчийг баривчилж, олон арван зөрчил тулгаралтад манай хилчид ялалт байгуулсан түүхтэй. Энэ бол Сулинхээрийн отрядын баларшгүй үнэн түүх мөнөөс мөн” гэжээ.

Гурав. 1945 оны Чөлөөлөх дайнд мордов 

1945 оны 8 дугаар сарын 7-ны өдөр отрядын дарга нь сургагчаа Ж.Ядмаатай хамт авч, Зөвлөлтийн ангид дуудагдан очив. Зөвлөлтийн дэслэгч генерал газрын зураг дэлгэж улаан харандаагаар Задгайгаас Хаалган хүртэл сум зааж, ахмад Титаренко (Зөвлөлтийн туслан хамгаалах ангийн дарга)-д “Хугацаа 10 хоног” гээд, Өвөр монголын Улаан цавын чуулганыг тойруулан зураад, хошууч Э.Халтарт хандаж “Танай отряд фронтын хамгийн баруун жигүүрт байлдааны үүрэг гүйцэтгэнэ” гэв.

Бүх юм хоромхон зуур болно гэж санасангүй. Зөвлөлтийн арми хэдхэн хоромд жигдэрч, дайчин нөхдөө отрядынхон үдэн хөдөлгөв. Хоёр хоног өнгөрөв. 8 дугаар сарын 9-ний бямба гарагийн өглөө отрядын дарга Э.Халтар нь Ж.Ядмаа дэслэгчийг дуудаад: 

-Таныг хээрийн тусгай ангийн штабын даргаар томиллоо. Гүйцэтгэх үүрэг: 8 дугаар сарын 10-нд дайнд орно гэхэд хэдийгээр хилийн цэрэгт 5 жил алба хаасан боловч байлдааны ангийн даргаар дайнд орно гэж Ядмаа огт санаагүй байв. Цэргийн хүн учраас “гүйцэтгэе” гээд гарч ирээд 270 хүний амь насыг хариуцах болов. Гагцхүү түүний өмнө дайсны ямар хүч хаана байгаа, газар орон нутгийн олон түмний санаа гээд байлдааны талбарыг манай тагнуулчид бүрэн судалж тогтоосон байсан нь л зориг оруулж байв.

Ж.Ядмаагийн отрядын гүйцэтгэх үүрэг нь Төхөмийн сүмийг эзлэн авах (Тэр сүмд мэргэжлийн тагнуулч 7 япон, 2 хэлмэрч, 70 цэрэгтэй Японы онцгой яам нэртэй сууж байсан бөгөөд 7 японы 4 нь автомат, 3 нь винтовоор зэвсэглэсэн байв) бас бус 10 гаруй газарт тус бүр зуугаад цэрэг байгааг тогтоосон байсан бөгөөд тэр бүгдийг газрын зурагт оруулсан байв.

Дараагийн үүрэг бол Улаан цавын чуулганы төв–Батхаалга. Эргэн тойрон харуул, уул усаар хүрээлэгдсэн Японы онцгой яам, түүнээс урагш 22 км-т японы цэргийн генерал урвагч Шаравдорж сууж буйг бүрэн мэдэж байв. Тэр яам наяад офицер, зуу гаруй хүнтэй, 20 нохой сургадаг, хилээс 120 км-т оршдог ажээ.

 

Дөрөв. “Дайсанд амьдаараа бүү баригдаарай”

1945 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн  үд болоход цэрэг, агт, зэвсэг, ачаа хөсөг бүгд аян замд бэлэн болжээ. Байлдаанд Ж.Ядмаагийн удирдлагад орох хээрийн анги нь отрядынхаа зүүн дэнж хармаг буттай элсэрхэг толгойн ард эгнэн жагсав. Тэдний өөдөөс үдэгсэд, гэр бүлийн авгай хүүхэд, эцэг, эхчүүд эгнэн зогсжээ. Дайнд мордох, үдүүлэх гэдэг бол амар юм биш. Гэвч цуглаан ялалт, сайн сайхан бүхнийг ерөөсөн үгс, цогтой уриагаар говийн агаар тэнгэрийг долгилуулан байв. Хүүгээ, эр нөхрөө үдэж буй аав, ээж, эхнэр хүүхдүүд “Хар усаар үдэхгүй” гэдэг монгол ёсоор доголон нулимсгүй нүдээр инээмсэглэн зогссон ч “Эргэж ирэх болов уу?” гэж бүгдээр сэтгэл шаналж байсан нь илт байв. 

Ж.Ядмаагийн хань Сэрээнэн, охин Мядагмаагаа тэврэн зогсохдоо гэрээс гарахын өмнө хацраа өгч “Миний нөхөр дайсанд амьдаараа л бүү баригдаарай” гэсэн нь Ядмаа гуайн насан туршид сэтгэлд нь хадагдсан үг гэдэг юм билээ. Дайнд нөхрөө үдсэн үй түмэн эхнэр ийм үг хэлсэн болов уу?

Тав. “Эх орны торгон хилийг алхаад марш” 

Ж.Ядмаагийн дайчид Төхөмийн сүмийг эзлэх үүрэг авч эх орныхоо хил дээр очив. Тэнгэр хүртэл дайн зарлах мэт нижигнэсэн аадар асгаж, аян замыг угаан ариутгах мэт, цэрэг эрийн цувны хормой салхинд дэрвэлзэн, жадны нь үзүүрт хөх оч маналзан байв. БНМАУ-ын Засгийн газраас милитарист японд дайн зарласан тунхаг бичиг цэргүүддээ уншин сонсгоход, цэрэг эрсийн уухай гурвантаа цуурайтаж, үдшийн бүрэнхийг гэгээрүүлж байж.

Отрядын дарга, хошууч Э.Халтар “Штабын даргын хувьд эх орныхоо хилийг алхах тушаалыг та өг!” хэмээн дэслэгч Ж.Ядмаад тушаав.

Дэслэгч Ж.Ядмаа: “Зэргээц дундаа, буугаа сумла, мориндоо, эх орныхоо торгон хилийг алхаад марш” гэхэд тэр олон цэргийн бууны замаг зэрэг, зэрэг шархийхэд омог зориг оровч, хүний нутгийн хүйтэн хөрсөн дээр энэ олон цэргийг юу хүлээж, ямархан хувь заяа угтаж буйг таахын аргагүй явж дээ гэж өвгөн буурал Ядмаа гуай хуучилдаг юм. 

Зургаа.  Дайны үүрэг даалгавар

1945 оны 8 дугаар сарын 12-нд хил даваад япончуудад тамлуулж хэдэн сарын өмнө амьд мэнд монголдоо ирсэн Д.Лувсангаар газарчлуулан 4 хүнтэй тагнуулыг Төхөмийн сүм рүү илгээв. Үдийн алдад тэд эргэж ирээд: -“Төхөмийн сүм эзгүйрсэн байна” гэхээр нь маршаар урагшлав. Гэтэл Ширээт хошууны ламын залгамж хувилгаан гэгч, таван ламын хамт угтан шар хадаг барьж золгов. Төхөмийн сүмд очиход бүх юм ундуй сундуй, энд тэнд алагдсан хүн хэвтэнэ. Лам нарын үгээр бол орос цэрэг (Отрядад хүч нэмж байсан ахмад Титаренкогийн анги түрүүлж хил давсан) ирж яваа сургаар япончууд болон нутгийн ардууд зугтан явжээ.

-Тэд хаашаа зугтсан бэ? гэж ярьж зөвлөж байтал манайхны харуул нэгэн хүнийг барьж Ж.Ядмаад авчирчээ. Тэр нь Төхөмийн сүмд японы цэргийн адуучин байсан Охины Очирбат гэгч бөгөөд “Эндээс зугтсан япончууд намайг адуугаа тууж ир! гэсэн боловч би ах дүү нартаа ирлээ. Япончууд Ширээ улааны өвөрт тэмээчин Гомбынд байгаа” гэжээ.  

Хошууч Э.Халтар энэ хүний үгэнд итгэхэд бэрх боловч Гомбынд очихоор зориглож, штабын дарга Ж.Ядмаад “Та тасаг цэрэг аваад, энэ хүнтэй яв. Худлаа хэлсэн бол дор нь шууд бууд” гэж тушаав.

Ж.Ядмаа 9 цэргээ гурав, гурваар нь тэр айлын гурван талд хуваарилан бүслүүлээд өөрөө морин жолооч Чимэддагва, бие хамгаалагчтай гурвуул дайран орох шийдвэр гаргажээ. Тэр гурав мориндоо мордохын алдад тэмээн дунд нэг хүн явж буйг харав. Тэмээд рүү мань гурав давхин очвол нэгэн эмэгтэй байв.

-Танайд хэн байна? гэсэн чинь:

-Өвгөнөөс өөр хүн байхгүй гэнэ.

-Нарангууд (Япончууд) хаачсан бэ?

-Зүрх толгойд байгаа

-Өвгөнөө дууд! гээд эхнэр, нөхөр хоёрыг дагуулан морьтой байтугай явган явахад бэрх газраар явж, шөнө нь Зүрх толгойг бүслэв. 

Өглөө нь дайран ороход тэнд нэг ч хүн байсангүй. Үүргээ биелүүлэхийн тулд тэдний мөрийг айл, айлаас сураглан мөшгөв. Айлууд япончуудыг саяхан энгүүр, түүгээр өнгөрсөн хэмээн заана. Мөшгиж байтал, Айвын голын жижиг толгодын өвөрт хоёр гэр алган дээр мэт бөмбийн, гадаа нь тэмээ, морьд нэг л сэжигтэй. 

Ж.Ядмаа төлөвлөгөө ёсоор цэргээ хуваарилан, морин жолооч, бие хамгаалагчийн хамтаар тэр айл руу давхин ойртоход буун дуу начигнаж эхлэв. Нөгөө гурван харуулын нөхөд буудалцаж эхэлжээ. Ямар боловч гурван япон суманд өртөн унахыг Ядмаа харав. Мориныхоо амыг татаж, “Айлын монголчууд гэрээсээ гарч, холдоцгоо. Нарангуудыг (Япончуудыг) үлдээ” гэж хашгирав. Гэрийн хүмүүс хойд толгой руу гүйлдэж, араас нь гурван япон даган гарахыг Ядмаа хараад, буудаж унагав. Долоон японоос зургааг нь унагасан боловч нэг нь хаачив?  Алагдсан япончуудыг эргэн үзвэл, Төхөмийн хийд дэх Японы тагнуулын Онцгой яамны орлогч дарга Зенкачи Цуяма (Монгол нэр нь хууз Наран) алга байв. Түүнийг гурван тийш хайж явтал, тэрбээр голын эрэг дор нуугдан сууж байгаад Ядмаад тааралдав. Хууз Наран гранат эгэлдэрлэж, зүүн гартаа автомат винтов, баруун гартаа гар буу барьсан байв. Ядмаа:

-Чи буу, зэвсгээ хая! гэтэл тэр урдаас нь монголоор: 

-“Байз” гэж байна гэнэ. Тэгэхэд нь Ядмаа толгой дээгүүр нь нэг сум тавив. Хууз сахалт бүх зэвсгээ хаяж, бууж өгөв. Тэрбээр яамны тамга, монголд цөмрөх тактикийн зураг бүхий цүнхтэйгээ олзлогдов. Түүнийг олзлогдоод явах замд нэг морь хойд хоёр хөлөө буудуулж, урд хоёр хөлөөрөө мөлхөж байв. Бүсэлсэн гурван харуулын нэг болох Зандраагийн морь аж. Зандрааг Ядмаа дуудаж:

-Наадахаа устга! гэхэд

- Даргаа, би чадахгүй нь гэжээ.

-Тэгвэл чи морио японы генерал гэж бодоод, хулхинд нь бууд, түргэл! гэж тушааснаар тэр ажил дуусчээ. Зандраа мориныхоо толгойг тэврэн, төрсөн үрээ алдсан мэт уйлж байсан гэдэг. Өдгөө энэ тухайгаа ярихад Ядмаа гуай “Дайн чинь хүнийг араатан болгодог юм билээ” гэж дурсдаг бөлгөө. 

Долоо: “Монгол улсынхаа хилд алхаад марш” 

Ж.Ядмаа монголынхоо хилээс гарч, 77 хоног явж, дайсны 50-иад хүнтэй тулалдаж, өөрөө болоод нөхдийн хамтаар 32 дайсныг устгаад буцав.

Тэр 32 нь японы тагнуул, түүнд үйлчилж, монголынхоо эсрэг тэдний гар хөл болсон урвагчид байжээ. Ж.Ядмаа гуай нүгэл бус буян үйлдсэн учраас эдүгээ 96 насыг зооглож, оюун ухаан сав саруул, найз нөхөд, ах дүү, үзэг нэгт бидэндээ эцэг болж, сургаал гэрээслэлээ хайрласаар явна.

Дайнаас ирээд Ж.Ядмаа гуай монголын сэтгүүл зүйд насан турш зүтгэхдээ “Эх орны төлөө” сонинд 3 жил, “Улаан-Од” сонинд эрхлэгчээр тасралтгүй 27 жил ажиллаж, сониныхоо улаан тугийг Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны Улаан тугийн одонгоор мялаалгасан, дарийн утаа үнэрлэсэн, байлдааны болон  энхийн хөдөлмөрийн хүнд ачааг үүрсэн сэтгүүлч-хурандаа болсон юм.

Түүний энгэрт Сүхбаатарын одон, Байлдааны гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон тус бүр хос хосоор гялалзан буй нь ч түүний ариун шударга хөдөлмөрийн үнэ цэнийг илтгэн харуулдаг. Ж.Ядмаа хурандаагийн үйл хэргийг үргэлжлүүлсэн долоон сэтгүүлчийн энгэрт өнөөдөр “Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн”-ий тэмдэг гялалзан байдаг билээ.

“Улаан-Од” сонин нь 90 жилийнхээ ойгоор 94 насанд нь Ж.Ядмаа гуайд “Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн” цол хүртээсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Цэргийн сонины уншигчид тун их талархаж байдаг билээ. Баатар хилчний баларшгүй түүх цаг улирах тусам улам бүр тодорсоор байна.

1945 оны Чөлөөлөх дайн монголын ард түмэнд эрх чөлөө, тусгаар тогтнолыг авчирсан. Энэ бүхний төлөө үхлийг умартан тэмцэж явсан баатар эрийн тоо цөөрсөөр эдүгээ ялалтын 70 жилийн ойтой золгож байна. Тэдний гавъяа зүтгэлийг тодруулах, үнэлэх, дүгнэх цаг ойртсоор. Тэдний нэгэн, дархан хилийн ахмад дайчин Жавзангийн Ядмаагийн дайтаж явсан үнэн бодит түүхээс товчхон сөхөхөд ийм.

Ж.Ядмаа Сулинхээрийн отрядын анхны хилчин цэрэг, Чөлөөлөх дайны хилийн тусгай ангийн штабын даргаар байлдаанд оролцож, дайн дуустал цэргийн үүргээ нэр төртэй гүйцэтгэж, байлдааны онцгой мэдээлэл бүхий японы цэргийн дээд офицерыг олзолсон зэргээр дайн дуустал байлдааны үүрэг, даалгаврыг нэр төртэй гүйцэтгэн, улмаар энхийн цагт цэрэг, армийн, хилийн офицер, дайчдыг эх оронч үзлээр сурган хүмүүжүүлэх үйл хэрэгт 50 гаруй жил зүтгэж, 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жил, Сулинхээрийн отрядын 75 жилийн ойтойгоо золгож байна. Хилийн цэрэг болон холбогдох байгууллагуудаас Ж.Ядмаагийн эх орондоо үнэнчээр зүтгэсэн гавъяаг үнэлж, “Монгол Улсын Баатар” цолоор шагнагдахыг ахмад дайчид, Цэргийн албанд хамт зүтгэгсэд, залуу хойч үе нь чин сэтгэлээсээ хүсэж, хүлээсээр байна. 

Х.ШАГДАР  (Шинжлэх ухааны доктор, профессор)

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх