Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/download.jpg

Зургаадугаар сарын 12-ны өдөр Бүгд найрамдах Турк улсын ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын газрын дарга, дэслэгч генерал Мехмэт Даясал тэргүүтэй төлөөлөгчид Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн байлдааны буудлагатай сургууль, дадлагыг үзэж сонирхлоо. Сургуулийн дараа дэслэгч генерал М.Даясал манай сонинд ярилцлага өгсөн юм.

 Манай цэргүүдийн бэлтгэл Танд таалагдав уу?

-Тусгай хүчний бэлтгэлийг үзэж танилцлаа. Бие бүрэлдэхүүний бэлтгэлжилтийн түвшин өндөр байна. Хэдий чинээ бэлтгэлжилт сайн байна, тэр хэмжээгээр улс орны аюулгүй байдал өндөр түвшинд хангагдана. Цаашид хоёр орны тусгай хүчний сургалтыг үргэлжлүүлэх боломжтой гэж бодож байна. Танай оронд хөл тавих завшаан тохиож, цэрэг дайчдынх нь бэлтгэлтэй танилцсандаа баяртай байна.

Байлдааны буудлагатай сургуулийг Та үзлээ. Энэ сургуулийн талаарх сэтгэгдлээ манай уншигчидтай хуваалцана уу?

-Богино хугацаанд бүх зүйлийг харуулсан маш сонирхолтой сургууль боллоо. Танай цэргийн алба хаагчдын ур чадвар мэргэжлийн түвшинд хүрсэн байна. Сургуулиар бие бүрэлдэхүүний сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэл гээд бүх талыг харууллаа. Ялангуяа итгэлцлийн буудлага хийж буй цэргүүдийн авхаалж самбаа, өөртөө итгэлтэй байдал, буудлагын цэц гээд олон талын ур чадварыг харуулсан. Би өөрөө анги, нэгтгэл удирдаж явсан хүний хувьд сайн бэлтгэгдсэн цэргүүдийг харахад урам сэргэдэг юм.

Монгол-Туркийн цэргийн хамтын ажиллагаа, ялангуяа тусгай хүчний сургалт бэлтгэлийн чиглэлд арга туршлагаа солилцох боломжийг Та хэрхэн харж байна вэ?

-Хоёр орны тусгай хүчний хамтын ажиллагаа алхам алхмаар хөгжиж байгаа гэж би бодож байна. Цаашдаа хоёр орны тусгай хүчний хамтарсан сургуулийг бие биенээсээ харилцан суралцах чиглэлээр явуулвал илүү үр дүнтэй гэж бодож байгаа. Туркт явагддаг “Анадолу” тусгай хүчний сургуульд монголын цэргийн алба хаагчид оролцож ирсэн сайхан уламжлалтай. Энэ холбоо харилцааг үргэлжлүүлэх боломж байгаа.

Тусгай хүчний гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг Та хэрхэн үнэлдэг вэ?

-Дайн болоход хамгийн түрүүнд тусгай хүчнийхэн үүрэг гүйцэтгэж эхэлдэг. Тэдний нуруун дээр хариуцлагатай үүргүүд оногддог учраас тэдний бэлтгэл, бэлэн байдал онцгой байх учиртай. Манай хоёр орны Зэвсэгт хүчний зэвсэглэл өөр. Иймд зэвсэглэлээ хэрхэн эзэмших талаар бие биедээ зааж сургах нь чухал. Цэргийн алба хаагч хаана ч, ямар ч нөхцөлд үүрэг гүйцэтгэх нөхцөл үүсч мэднэ.

Манай уншигчдад хандаж юу хэлэх вэ?

-Бид өвөг дээдсийнхээ нутагт ирсэндээ баяртай байгаа. Өвөг дээдсийн маань нутгийг сахиж буй цэрэг дайчиддаа хэлэхэд үүргээ сайн биелүүлээд албаа сайн хаагаарай гэж хэлмээр санагдлаа. Турк Улсын Зэвсэгт хүчний удирдлага, бие бүрэлдэхүүнээс Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлснийг уламжилья. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх