etoim.mn
photos/content_dscf3705.jpg

Сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургууль нь 1964 оноос эхлэн 50 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа. Өнгөрсөн хугацаанд тус сургуулийг 700 орчим хүүхэд төгссөн ба одоогоор нийт 340 хүүхэд суралцдаг ажээ.

Ингээд энэхүү сургуулийн захирлаар тав дахь жилдээ ажиллаж буй Б.Батсайхантай тус сургуулийн тулгамдаж буй асуудлын талаар ярилцсанаа хүргэж байна.

Сайн байна уу? Та суургуулиа танилцуулахгүй юу.

- Манай сургууль үндэсний хэмжээнд сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийг сургадаг бөгөөд 1964 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа. Өнгөрсөн хугацаанд 700 орчим хүүхдийг төгсгөсөн. Анх бага сургууль байж байгаад дунд сургууль болсон бол сүүлийн арваад жил бүрэн дунд сургууль болон үйл ажиллагаа явуулж байна.

Сонсголын гэдэгт бол төрөлхийн болон олдмол сонсголгүй, сул сонсголтой хүүхдүүд багтдаг. Хэл ярианы бэрхшээлтэй гэхээр сонсдог, оюун ухаан эрүүл, ярьж чаддаггүй, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийг сургаж байна. Сүүлийн үед ийм хүүхдүүд нэлээд олшроод байгаа. Энэ жилийн хувьд тийм хүүхдүүдтэй нэг анги шинээр элссэн байгаа. Үүнээс үзэхэд өмнөх жилүүдийнхийг бодвол ихэссэн байна. Ярьж чадахгүй байгаагаас гадна зарим авиагаа хэлж чаддаггүй хүүхдүүд хүртэл хэл ярианы бэрхшээлтэйд тооцогдоно. Тэдгээр хүүхдүүдийг жирийн сургуульд оруулахаар бусад хүүхдээс тодорхой хэмжээгээр хоцрогдоод байдаг. Иймэрхүү бэрхшээлтэй хүүхдүүд манай сургуульд суралцсанаар хэл заслын хичээлүүдэд хамрагдаж хэсэг хугацааны дараа жирийн сургуульд суралцах боломжтой болдог. Манай сургууль 50 гаруй жил үйл ажиллагаа явуулахдаа үндэсний хэмжээнд хүүхдүүдийг элсүүлж сургадаг. Мөн хоёр дотуур байртай. Дотуур байранд хөдөө орон нутгийн болон, хотын захын хүүхдүүдийг авдаг. Гэхдээ дотуур байр дүүрэн хүүхэдтэй байдаггүй учраас  байранд орох сонирхолтой гэр хороололд байдаг, эцэг эх нь зөөх боломжгүй хүүхдүүдийг  ч гэсэн авдаг байгаа. Багш нарын хувьд өмнө нь нийт багш нарын 70-аас  80 хувь нь ОХУ, Унгар улсуудад төгссөн яг хэл яриа, сонсгол заслын мэргэжлийн багш нар байдаг байсан бол одоо найман багш л байна. бусад нь бол шинэ залуу багш нар байдаг. Яг энэ чиглэлээр бэлтгэгдсэн багш байдаггүйгээс багш нарыг сургаж, мэргэшүүлж ажиллуулдаг. Ингэхдээ тусгай сургуулийн арга зүйд сургана, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах арга зүйд сургана, жилийн турш дохионы хэлний сургалтанд хамруулна. Тэгэж байж л багш нар арай арга зүйтэй болж байна.

Хичнээн багш ажилчинтай вэ?

- Одоогийн байдлаар нийт 139 ажилтантай. Үүнээс туслах багштайгаа нийлээд 65 багш ажиллаж байна. Хоёр дотуур байранд багш, асрагч, жижүүр нийлээд 30 ажилтан байдаг. Дотуур байрны асрагч нарын хувьд хүүхдүүдэд ээжээс нь өөрцгүй байдаг. Бага хүүхдүүдийг бол усанд оруулах, үсийг нь самнах, хувцсыг нь угаах, ахуйн баримжаа олгох, нийгэмшүүлэх гээд ажиллагаа маш ихтэй.

Та сая туслах багштайгаа нийлээд 65 багш байдаг гэж байна. Анги бүрт туслах багш байдаг юм уу? Тэдгээр багш нарын үүрэг?

- Сүүлийн үед бага ангиудыг туслах багштай болгоод байгаа. Энэ нь маш давуу талтай, сайн ажил болсон. Хэдий ангиуд цөөхөн хүүхэдтэй ч гэлээ шинээр элсэж байгаа хүүхдүүдийн ихэнх нь ямар ч үгийн нөөцгүй ирдэг. Үүнээс болоод маш их хүндрэл тохиолддог. Туслах багштай болсноор хүүхэд бүртээ тулж харилцах боломж, цаг хугацаа илүү нэмэгдэж байгаа. Сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эмгэг хавсарсан байдлаар илрэх тохиолдол нэмэгдээд байгаа. Ганц сонсголын эсвэл хэл ярианы бэрхшээлтэй байдаг байсан бол одоо давхар оюуны ухааны бэрхшээл, дауны синдром, аутизм зэрэг бэрхшээлтэй болоод байгаа. Эдгээр хүүхдүүдэд туслах багшийн үүрэг маш их хэрэгтэй байна. Уг нь сургуульд оруулахаасаа өмнө тусгай цэцэрлэгт хүүхдээ сургах боломжтой. Цэцэрлэгт хамрагдаж байгаад ирсэн хүүхдүүд бол харьцангуй амар байдаг боловч тийм хүүхэд маш цөөхөн ирдэг.

Тэгвэл танай сургууль тийм давхар бэрхшээлтэй хүүхдүүдийг ч бас авдаг гэсэн үг үү?

- Яг сонсохгүй байгаа тохиолдолд бол авахаас өөр аргагүй болчихоод байгаа юм л даа. Харин бусад бэрхшээлтэй хэрнээ сонсдог, яридаг ч юм уу хүүхдүүдийг бол бусад тохирсон сургуульд нь оруулдаг байгаа.

Танай сургууль насанд хүрэгчдэд бас тусгай хэрэгцээт боловсрол олгодог гэсэн. Энэ ямар учиртай вэ?

- Орон нутаг гэлтгүй нийслэлд ч хүртэл хүүхдээ сонсгол, хэл ярианы бэрхшээлтэйгээс болоод арван тав зургаан нас хүртэл нь, тэрнээс ч том болтол нь сургуульд оруулаагүй эцэг эхчүүд байдаг. Тийм том хүүхдийг сургая гээд ирэхэд нь бид авахгүй гэж чаддаггүй. Тэдгээр хүүхдүүдэд хичээл зааж, бичиг үсгийн боловсрол олгодог байсан юм. Гэхдээ сүүлийн үед Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төврүү явуулдаг болчихоод байгаа. Тэнд бичиг үсэг, дохионы хэл заахаас гадна мэргэжлийн сургалтанд хамрагдах боломжтой байдаг. Гэхдээ хөдөө орон нутгаас нэгдүгээр ангид арван хоёр гуравтай хүүхдүүд их ирдэг. Тэд хүүхдүүдийг авахаас өөр аргагүй. Ингээд хичээлийн програмын дагуу сургахаар зарим нь хорь гарчихсан хойноо сургуулиа төгсөж байна.

Ер нь улсын хэмжээнд байгаа хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн хэдэн хувь нь сургуульд хамрагддаг юм бол?

- Улсын хэмжээнд яг нарийн судалгаа, тоо баримт бол байдаггүй. Гэхдээ би 70-80 хувь орчим нь суралцдаг гэж боддог. Яагаад гэвэл яг тодорхой мэдээлэл байдаггүй. Үүн дээр нь нарийн үзлэг оношлогоо дутмаг, тэдгээрийн хүрэлцээ дутмаг байдлаас болоод нарийн тоо гаргахад хүндрэлтэй байдаг. Уг нь сонсголын бэрхшээлтэй хүүхдийг эрт оношлоё гээд Эх нялхсын эрүүл мэндийн төвийг эрт оношлогооны аппараттай болгосон боловч тэр нь заримдаа ажиллаад, заримдаа ажилладаггүй юм шиг байгаа юм. Тэр аппаратыг л ядаж аймаг бүрт өгчихвөл тэнд тэдэн хүүхэд байна гэдгийг мэдэх боломж илүү болно. Манай сургуулийн хувьд бол жил бүрийн найман сард элсэлт авч байгаа талаар, мөн жилдээ хоёроос гурван удаа ийм сургууль байдаг гэдэг мэдээллийг телевизээр дамжуулан иргэдэд хүргэдгээс хүмүүс мэдэж хүүхдээ авчирч өгдөг.

Сая та эрт оношлогооны аппаратыг аймаг бүрт байлгамаар байна гэлээ. Эрт гэхээр яг хэдий үеэс оношлох боломжтой байдаг юм бол?

- Төрөх эмнэлгүүдэд олгоно гээд байхыг бодоход төрсөн үеэс нь л оношлох боломжтой юм шиг байна лээ. Аль болох эрт оношлуулж мэдэх нь маш чухал. Учир нь эцэг эхчүүд ихэвчлэн хүүхдээ хоёр нас хүрснээс хойш ийм бэрхшээлтэй гэдгийг мэддэг. Гэтэл энэ нь оройтоод байна. Сонсголын бэрхшээл давхар оюун ухааны бэрхшээл үүсгэх нь бий. Юм сонсохгүй байна гэдэг нь мэдээллээс хоцорч байна. Хэл яриа байхгүй байна гэдэг нь хөгжихгүй байна гэсэн үг. Гаднаас мэдээлэл авах нь маш чухал. Гэтэл энэ хүүхдүүд чадахгүй байна шүү дээ. Эрт оношлуулбал эрт арга хэмжээ авна. Тэр нь илүү үр дүнтэй болно. Жишээлбэл, дунгийн суулгацын хагалгаа хийлгэлээ гэхэд л аль болох багад нь хийлгэх тусмаа үр дүнтэй. Том болоод ес, арав хүрсэн хойно нь хийлгэлээ гэхэд яг л дөнгөж хэлд орж байгаа хүүхэд шиг бүхнийг эхнээс нь эхэлнэ, бүхнийг дөнгөж төрсөн хүүхэд шиг л хүлээж авна шүү дээ. Тэгхээр хоцрогдоод байдаг. Тэгээд том болсон хойно нь хэл заслын хичээл гэх мэтээр явсаар байгаад хоёр гурван жил болж байж л дуу авиаг ялгах чадвартай болдог.

Та бүхэн яг энэ асуудлаар боловсролын яам ч юм уу холбогдох байгууллагад хандаж санал хүсэлт тавьж үзсэн болов уу?

- Хуучнаа бодвол сүүлийн үед төр засгаас тусгай сургуулиудад арай илүү анхаарал тавиад байгаа. Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороон дээр ажлын хэсэг гарч тусгай сургуулиуд ажиллан шаардлагатай зүйл юу байгааг, ямар ямар дэмжлэг хэрэгтэй байгаа талаар нэлээд судласан. Энэ үеэр бид нар бүх асуудлуудаа танилцуулж, шийдэж өгөхийг хүссэн байгаа.

Элсэж байгаа хүүхдүүдийн хувьд төрөлхийн болоод олдмол бэрхшээлтэй хүүхдүүдийн аль нь олон байдаг вэ?

- Олдмол гэхээсээ илүүтэй төрөлхийн нь олон байдаг. Тэдгээр хүүхдүүд нийт суралцагчдын бараг 90 хувийг эзлэдэг. Манай сургуульд нэг айлын хоёр хүүхэд сурч байгаа тохиолдол ч бий.

Хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг илүү авъяастай байдаг гэдэг.  Та бол энэ хүүхдүүдийн тодорхой нэг хэсэгтээ ажилладаг хүн. Энэ талаар таны бодол?

- Тийм шүү. Эдгээр хүүхдүүд маш их авяастай. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд харааны чадвар нь илүү хөгжсөн байдаг. Манай аль ч  сурагч зураг зурах, гар урлал хийх авъяастай. Үүнээс гадна давхар бүжиг, шатар, спортын авъяастнууд ч их. Хараагүй хүүхдүүд  гэхэд бас л бараг бүгд хөгжмийн авъяастай байдаг.

Энэ сургуулийг төгссөн төгсөгчдийн хувьд цаашдаа сурч боловсрох, мэргэжил эзэмших боломж хэр нээлттэй байдаг юм бол?

- Ажиглаад байхад манай төгсөгчид биеийн тамир, бага ангийн багш, компьютер график, дизайн гэсэн чиглэлээр их суралцдаг. Нийгмийн ухаан, анагаах зэрэг салбарууд арай хүнддээд байдаг.

Харин МУБИС-д тусгай хэрэгцээт боловсрол олгодог нэг жилийн баклаврын анги байдаг. Зарим багш тэрэнд суралцсан байдаг. Дээрээс нь засгийн газраас энэ чиглэлээр гадаадад сурахад дэмжлэг үзүүлж, үнэгүй сургадаг болсон. Багш нарт бол боломжууд олон байна.

Их сургуульд орлоо гэхэд ийм хүүхдүүдийг элсүүлэх сонирхолтой, боломжтой сургууль хэр олон бэ? Энэ асуудал бас л хэцүү зүйлсийн нэг байх.

- Манай төгсөгчдийн хувьд МУБИС, СУИС, биеийн тамирын сургуулиуд, зургийн сургуулиудад их элсдэг. Сургуульдаа элсэж орлоо гэхэд суралцах тал дээр нэлээн бэрхшээлтэй. Их, дээд сургуулиуд, МСҮТ-үүдэд дохионы хэлний орчуулагч байдаггүйгээс болж хүүхдүүд бичсэн юмыг хуулах, унших зэргээр хагас дутуу ойлголттой болж л төгсдөг. Би хувьдаа тэдгээр сургуулиуд төлбөр авч л байгаа юм чинь сэтгэл гаргаад сургуульдаа ядаж нэг дохионы хэлний орчуулагчтай болчихвол илүү үр дүнтэй байна л гэж боддог. Уг нь хуулиндаа тухайн байгууллагын 25 ажилтан тутамд ядаж нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллууулна гэсэн заалттай боловч тэр хуулийг хэрэгжүүлдэг, хэрэгжилтэнд санаа тавьж, анхаардаг газар гэж алга. Уг нь энэ хуулийн дагуу ажиллаагүй бол өндөр торгууль тооцож, биелүүлж байвал урамшуулдаг бол эдгээр иргэдийг хөдөлмөр эрхлэхэд  маш их хөрөнгө оруулалт болох юм. За тэгээд төгсөж гараад ажил хийх гэхээр ажил олдохгүй. Манай сургуулийн үйлчлэгч нар бүгд л манай сургуулийн төгсөгчид байдаг. Мөн энэ жил манай сургууль хэлээд хэдэн туслах багш авсны зарим нь манай сургуулийг төгсөөд, МУБИС-ыг төгссөн багш нар байгаа. Бид төгсөгчдөө аль болох боломжтой ажлын байраар хангахыг эрмэлздзэг.              

Дотуур байрныхаа талаар танилцуулаач. Хоол, байрны мөнгийг хэрхэн шийддэг вэ?

- Манайх эрэгтэй, эмэгтэй хоёр дотуур байртай. Нийлээд 320 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Байранд орох хүсэлтийг хэзээд хүлээж авдаг. Байрны мөнгө гэж авдаггүй. Манай байр үнэ төлбөргүй байдаг байгаа. Хоолыг улсаас санхүүжүүлдэг, жил бүр тодотгол хийнэ гэчихсэн байдаг боловч хамгийн сүүлд 2012 онд тодотгол хийж, нэг хүүхдийн бүтэн өдрийн хоолны мөнгийг 2315 гэж тогтоосон байдаг. Гэтэл одоо энэ мөнгөөр арай гэж л хүүхдүүдийн хоолыг шийдэж байна. Ингэхдээ өдөрт 4 удаа хооллодог. Жимс, сүү, тараг гэх мэтийн нэмэлт тэжээл өгөх хүнсийг өгөх боломж байдаггүй. Бас зургаан настай хүүхэд, 20 настай төгсөх ангийн сурагч хоёрын хувьд ижил хоол өгч болох уу гэдэг асуудал байна.  

Энэ асуудлыг ямар байгууллага хариуцах ёстой юм бэ?

- Боловсролын яам жил бүр байрны хүүхдийн хоолны мөнгөнд тодотгол хийлгэх ёстой байдаг. Гэтэл энэ төсөв сүүлийн дөрвөн жил өөрчлөгдсөнгүй. Бас дотуур байрны хоолноос гадна тусгай сургуулийн хүүхдүүдийг үдийн хоолонд хамруулах талаар хоёр жилийн өмнө хуулинд заасан байдаг боловч одоо болтол журам нь гардаггүй. Одоогийн байдлаар нэгээс тавдугаар ангийн хүүхдүүд 600 төгрөгний үдийн цайнд хамрагдаж байна. Манай сургуульд бол үдийн цайнд хамрагддаггүй дунд болон ахлах ангийн 150-160 орчим сурагч л байдаг. Уг нь зургаан тусгай сургуульд нийтдээ 1500 гаруй л хүүхэд байгаа. Энэ тоо бол жирийн ерөнхий болоьсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдийн талд ч хүрэхгүй тоо.   

Зургаан тусгай сургууль байдаг гэж та хэллээ. Үүнд ямар ямар чиглэлийн сургалттай, хэд хэддүгээр сургууль багтаж байгаа вэ?

- Баянзүрх дүүргийн 55, Хан-Уул дүүргийн 63, Баянгол дүүргийн 70, Сүхбаатар дүүргийн 25 дугаар сургуулиуд оюун ухааны бэрхшээлтэй хүүхдүүдийг сургадаг. Манай хажууд байгаа 116 дугаар сургууль бол харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль байгаа.

Танай сургуульд жилд хэдэн хүүхэд суралцаж, тэдгээрийн хэд нь дотуур байранд байдаг вэ?

- Энэ жилийн хувьд нийтдээ 340 хүүхэд суралцаж байгаагийн 150 нь дотуур байранд орсон байгаа. Мөн нэгдүгээр ангид өмнө жилүүдтэй харьцуулахад олон хүүхэд элсэж орсон. Бас шилжиж ирсэн хүүхэд нэлээд байгаа. Ер нь жилийн жилд 300 гаруй хүүхэдтэй байдаг. Үүнээс харахад сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийн тоо огт буурахгүй байна.

Өмнө танай сургуулийг мэргэжлийн ангиудтай гэж сонсож байсан юм байна.

- Бид зургаадугаар ангиас нь эхлээд төгстөл нь мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор үсчин гоо сайхан, оёдол эсгүүр, мужаан, нийтийн хоолны ангиудыг хичээллүүлдэг. Энэ ангиудад хэдэн жил сураад хүүхдүүд сайн мэргэшиж чаддаг. Харин үүнд ядаж үнэмлэх, гэрчилгээ олгодог болгох талаас нь би байнгын хорооны хурал дээр ярисан байгаа. Чадварын хувьд бол сайн. Үсчингийн ангийн хүүхдүүд гэхэд л дотуур байрны хүүхдүүдийн үсийг засаад, янзлаад өгчихдөг юм. Хоолны ангийхан бол солонгос, хятад гээд гадаад хоолнуудыг ч их сайн хийж байгаа. Оёдлын ангийнхан ч гэсэн сайн бэлтгэгдэж чаддаг.

Энэ ангиудыг хэзээнээс эхлэн хичээллүүлэх болсон бэ?

- 2008 онд гадны төслөөр байгуулсан. Тоног төхөөрөмжийн хувьд ч түүнээс хойш нэмэгдсээр боломжийн болсон, хэрэгцээтэй зүйлс нь байгаа. Харин практикын зардал жаахан дутагдалтай байдаг. Хүүхдүүд дадлага хийх гэхээр материал байдаггүй. Төсөв санхүүг нь шийдээд өгчихвөл хүүхдүүдийн чадвар улам илүү сайжирна шүү дээ.

Эдгээр ангиудыг гадны хөрөнгө оруулалтаар байгуулсан гэлээ. Гаднаас санхүүжилт хэр их орж ирдэг вэ? Манай дотоодын байгууллагууд энэ тал дээр ямар байдаг юм бол?

- Ашиглалтын зардлын хувьд нэг сургууль, хоёр дотуур байрны халаалт, ус, цахилгаан зэргийн мөнгө маш өндөр гардаг. Тэр бүхнийг улс хариуцдаг болохоор улсаас гаргаж байгаа зардал гадна, дотны хөрөнгө оруулалтаас хамаагүй их байдаг. Яг сургалтын тоног төхөөрөмж, анги танхим тохижуулалтын хувьд бол гадны хөрөнгө оруулалт нь их. Хамгийн сүүлд гэхэд Туркын ТИКА гээд байгууллага урлагийн заалны иж бүрэн засварыг хийж өгснөөр бусад сургуулиудад байхгүй л сайхан заалтай болголоо. Бас нэг Солонгосын компани хоёр ангийг бүрэн засварлаж өгсөн гэх зэргээр засвар үйлчилгээ, тохижуулалт, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтууд хийгддэг. Сүүлийн дөрвөн жилд төсвийн гадуур, төсөл хөтөлбөрөөр 800 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

Дотоодын компаниудаас хөрөнгө оруулалт хэр их орж ирдэг вэ?

- Хас банкны  “Хөгжлийн алтан сан холбоо” манайхтай их олон жил хамтран ажиллаж байна. Хийсэн ажлуудаас нь гэвэл дотуур байрны гадаа мод тарьж, резинэн шалтай сагсны талбай байгуулж өгснөөс гадна сургалтууд явуулдаг. Ард санхүүгийн нэгдэл, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг ротарик клубүүд, Худалдаа хөгжлийн банк, Эко констракшн зэрэг байгууллагууд хамтран ажилладаг л юм. Ер нь гадна, дотны байгууллагууд манай саналыг нааштайгаар хүлээж авдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхдийг жирийн дөрвөөс таван хүүхэдтэй тэнцэнэ гэж үздэг гэсэн. Анги дүүргэлтийн хувьд?

- Хуулиндаа бол сонсголын бэрхшээлтэй хүүхдийн нэг ангид 8-12 хүүхэд байна гэж заасан байдаг. Гэвч энэ нь ихдээд байдаг учраас бид нар 6-8 болгож өгөөч гэсэн санал тависан байгаа. Арван хүүхэдтэй анги гэхэд л дөчин хүүхэдтэй ангитай ижил гэсэн үг шүү дээ. Нэг хэлээд ойлгочихгүй, яг хүүхэд бүртээ тулж ажиллахад цаг их шаарддаг. Нэг үг заах гэж л нэг цаг зарцуулна шүү дээ. Өчнөөн олон үйлдэл хийнэ.

Багшийн ажил ер нь их ачаалалтай, стресс ихтэй ажил шүү дээ. Тэгэхээр танай багш нар хэд дахин илүү байгаа байх. Яаж хүлээж авдаг вэ? Тэр хэрээрээ илүү цалин авч чаддаг болов уу?

- Тэгэлгүй яахав, ачаалал ихтэй. Энэ ажил үнэхээрийн сэтгэл шаардсан ажил. Яг энэ чиглэлээр бэлтгэгдээгүй шинэ багш нар хэд хоноод зугтчихдаг. Харин эсрэгээрээ би яг энд ажиллана гэсэн зорилготой ирж байгаа багш нар ч бий. Ер нь доод тал нь нэг жил болж байж л овоо зүгширдэг. Цалингийн хувьд бол бусад сургуулийн багш нараас 30 хувиар илүү цалинтай байдаг. Гэхдээ энэ нь бас л хангалтгүй байна.

Эдгээр хүүхдүүд их эмзэг байх шиг байдаг.

- Тийм шүү. Жилд хэд хэдэн удаа хүүхдүүддээ зориулсан сургалт явуулдаг. Өнгөрсөн жилээс сургуульдаа сэтгэлзүйчтэй болсон. Эхэндээ хүүхдүүд сайн ойлгохгүй байсан бол одоо арай ойлголттой болоод байгаа. Эмчийн үзлэг, сургалтыг байнга хийж байна. Цагдаагийн байгууллагаас  хэв журмын зөрчилд өртөхгүй, холбогдохгүй байх, өөрийгөө хамгаалах талын сургалтууд авна. Мөн багш нар маань өөрсдөө янз бүрийн сургалт явуулдаг байгаа.

Тусгай сургуулиудын хувьд тулгамдсан асуудал нь юу байдаг вэ?

- Ийм сургуулиудад зориулсан сурах бичиг огт байдаггүй. Бид өөрсдөө хүүхдүүдийнхээ онцлогт тохируулаад сурах бичиг гаргая гэхээр зардал мөнгөний асуудлаа шийдэж чаддаггүй. Манай хүүхдүүд жирийн ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг ашиглаж байна. Энэ нь хүүхдүүдэд хүнддээд байдаг. Ядаж бага ангийн хүүхдүүдэд зориулсан математик, монгол хэлний номтой байвал арай амар болох гээд байна. Манай хүүхдүүд жирийн хүүхдүүдтэй харьцуулбал үгийн баялаг нь хэд дахин бага учраас ойлгоход хүндрэлтэй байдаг.  Манай сургууль хоёроос дөрөвдүгээр ангийн монгол хэлний сурах бичиг гаргасан. Тэрийгээ бага ангиуддаа ашигладаг. Багш нарынхаа хүчийг ашиглаад хүүхдүүдэд тохирсон ном,  сурах бичиг гаргалаа гэхэд зардал хэрэгтэй байна. Мөн цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зарцуулж байгаа учраас тухайн ажилд оролцож байгаа багш нарт урамшуулал олгох хэрэгтэй байна. Манай багш нарын боловсруулсан хэл заслын номны материал бэлэн байна. Тэрийг хэвлэчихвэл сургууль, цэцэрлэг, эцэг эхчүүд ч аваад ашиглах боломжтой, маш ойлгомжтой ном байгаа.

Сургуулийн хөрөнгө санхүүгийн асуудал л жаахан муутай, ашиглалтын хэдэн зардлаас өөр юмгүй болчихоод байна. Улсаас энэ гурван байрны засвар үйлчилгээнд гэхэд л өнгөрсөн жил 1,5 сая төгрөг төсөвлөсөн. Энэ мөнгө бол нэг өрөөг ч сайн засварлах боломжгүй шүү дээ. Дээрээс нь засварын мөнгө гэж хураах гэхээр манайх жирийн сургууль шиг олон хүүхэдтэй биш учраас хэцүү байдаг.

Ярилцсанд баярлалаа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх