etoim.mn
photos/14907117_1092521544197300_6709183709572600722_n.jpg

Монгол Улс тэртээ 1961 онд НҮБ-д гишүүнээр элсэн орж байв. Туурга тусгаар улс гэдгээ баталгаажуулан элсч орсны түүхт 55 жилийн ой өнгөрсөн сарын 27-нд тохиолоо. НҮБ-ын гишүүн орнууд ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, энх тайвныг эрхэмлэхээс эхлээд олон үүрэг хүлээдэг. Олон улсад энх тайвныг эрхэмлэх, улс төр дипломатын аргыг чухалчлах гэсэн үндсэн үүргүүдийг Монголын Зэвсэгт хүчний дайчид гүйцэтгэж байна. Энэ тухай Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Г.БАТТУНГАЛАГТАЙ ярилцлаа.

-Манай улс НҮБ-д гишүүнээр элсэн ороод 55 жилийг ардаа орхисон байна. Энэ хугацаанд гишүүн орныхоо үүргийг хэрхэн биелүүлж ажиллав гэдгээс яриагаа эхэлье?

-Түүхэн ойг олон нийт, оюутан сурагчид, манай улсад ажиллаж байгаа НҮБ-ын төлөөлөлтэй хамтран тэмдэглэн өнгөрүүлж, хэд, хэдэн арга хэмжээ зохион байгууллаа. Баяр ёслолын байдалтай тэмдэглэн өнгөрүүлэхээс гадна бид юу амжуулав, ямар үр дүнтэй байна гэдгээ дүгнэж, цаашдын төлөвлөгөөгөө ч хэлэлцлээ. Эргээд харахад НҮБ-д элссэн нь орчин цагийн Монгол Улс тусгаар тогтнолоо баталгаажуулж, олон улсын хамтын нийгэмлэгийн идэвхтэй гишүүн гэдгээ олон улсад бататгасан он жилүүд байлаа. Эрдэмтэн судлаачид ч гэсэн энэ үйл явдлыг тусгаар тогтнолоо баталгаажуулах алхам байсан гэдгийг онцлон хэлдэг. Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын гишүүн 193 орноос манай улсыг олон улсын нийгэмлэгийн хариуцлагатай нэг гишүүн орон гэдгийг хүлээн зөвшөөрч байна.  Ямар ч улс орон НҮБ-ын дүрэм, олон улсын хэм хэмжээ, зарчмыг хүлээн зөвшөөрсний үндсэнд гишүүнээр элсдэг хатуу зарчимтай. Тэр хэмжээгээр гишүүн орны хүлээх олон талт үүрэг гэж бий. Мэдээж олон талт үүргийн нэг чухал арга хэмжээ болон энх тайвныг эрхэмлэх үйлсэд Монгол Улсын Зэвсэгт хүчний дайчид маш том хувь нэмэр оруулж байна.

-Энэ тухайгаа тодотгохгүй юу?

-Олон улсад энх тайвныг эрхэмлэх, энхийг сахиулах үйлсэд Монгол Улсын Зэвсэгт хүчин 2002 онд Конго улсад ажиглагч хоёр офицерийг илгээснээр хувь нэмрээ илүү бодитой оруулж эхэлсэн. Энэ хугацаанд олон мянган цэргийн алба хаагчид дэлхийн халуун цэгт энхийг сахиулсан байна. Одоо ч гэсэн Бүгд Найрамдах Өмнөд Судан болон Судан улсын Дарфур мужид батальон, цэргийн эмнэлгийн баг үүргээ нэр төртэй үргэлжлүүлэн гүйцэтгэж байна. Монголын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагаанд тогтвортой оролцож байгаа явдалд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл үнэлж, Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн талархал ирүүлдэг. Тэд тогтоол шийдвэртээ ч Монголын дайчдын үүрэг гүйцэтгэлтэд сэтгэл өндөр байдгийг онцлон тэмдэглэж байна. Тухайлбал, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд Сьерра Леон улсад Монгол Улсын Зэвсэгт хүчин 10 ээлжээр үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ орныг тайван цаг руу шилжүүлэхэд Монголын дайчдын оруулсан хувь нэмэр их бий” гэж бичсэн байдаг. Энэ бол манай улс олон улсын энх тайвныг сахих, түүнийг баталгаажуулахад хувь нэмрээ оруулж байгаагийн маш тод жишээ.

-НҮБ-ын 193 орны хэд нь энхийг сахиулах ажиллагаанд оролцдог вэ?

-100 гаруй орон оролцож байгаа. Тэр дундаас илгээсэн цэргийнхээ тоогоор манай улс 30 дугаарт эрэмбэлэгдэж байна. Манайх шиг хүн ам цөөнтэй орны хувьд энэ бол том үзүүлэлт. Магадгүй хүн ам цөөнтэй улс оронтой харьцуулж үзбэл илгээсэн цэргээрээ нэгдүгээрт орох байх. Дахиад онцлоё. Энэ бол маш том амжилт. Монгол Улсын Зэвсэгт хүчний улс орондоо оруулж байгаа маш том хувь нэмэр юм. Саяхан 55 жилийн ойтой холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас Монгол Улсад талархлын илгээлт ирүүлсэн. Илгээлтэд байнга дурьддаг Монголын энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэлтэд сэтгэл хангалуун буйгаа онцолсон байсан. Цаашдаа энэ амжилтаа бууруулахгүй, улам чанаржуулах бодлого баримталж ажиллах учиртай. Энэ хүрээнд ч олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь цэргийн алба хаагчдаас гадна цагдаагийн алба хаагчдыг энхийг сахиулах үйлсэд оролцуулах тухай юм. Эхний ээлжинд цагдаагийн хоёр алба хаагчийг илгээж ажиллуулж байна.

-Манай улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллаагаа дахь оролцоог нэмэгдүүлэх өөр ямар бодлого баримталж байгаа вэ?

-Түрүүн хэлсэнчлэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Монголын Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэл өндөр, дайчдынх нь сахилга бат сайн гэж үнэлдэг учраас цаашдаа оролцоогоо улам нэмэгдүүлж ажиллаач гэдэг хүсэлтийг байнга тавьдаг. Мэдээж хүн ам цөөнтэй улс орны хувьд алба хаагчдынхаа тоог нэмэгдүүлж оролцох бололцоо хязгаарлагдмал. Гэхдээ өнгөрсөн хугацаанд үзүүлсэн амжилт, үнэлэлтээ баталгаажуулахын тулд оролцоогоо аль болох өргөжүүлэхийн төлөө байна. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс “НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд түлхүү оролцох нь зөв” гэсэн зарчмын шийдвэр гарсан учраас Гадаад харилцааны яамны зүгээс БХЯ, ЗХЖШ-тай хамтраад энэ чиглэлээр ажиллаж байна.

-Манай дайчид харуул хамгаалалт, эмнэлгийн цэргийн багаас гадна удирдлагын түвшинд ажиллаж байгаа. Илгээж буй цэргийнхээ тооноос хамаарч удирдлагын түвшинд ажиллах алба хаагчийн тоог ч нэмэгдүүлэх боломж бий юу?

-Өмнөд Судан улс дахь НҮБ-ын UNMISS ажиллагааны Хойд секторын командлагчаар Монгол Улсын Зэвсэгт хүчний хоёр дахь алба хаагч үүргээ гүйцэтгэж байна. Энэ алба нь маш хариуцлагатай бөгөөд генерал цолтны албан тушаал.

-Манай улсад хадгалагдаж үлдэх албан тушаал биз дээ?

-Хэдийгээр манай улсад олгосон албан тушаал гэдэг боловч НҮБ-ын дүрмээр орон тооны албан тушаалыг зарлана. Бусад орнуудад хүсэлтээ илгээнэ. Ганцхан Монгол гэлтгүй олон орны дайчдыг командлах учраас тэр хэмжээгээр мэдлэг ур чадвар, манлайлах чадамж, энхийг сахиулах ажиллагаа дахь туршлага, эрсдэл даах, үүссэн цагийн байдалд оновчтой зөв шийдвэр гаргах чадвар зэрэг маш олон шалгуураар сонгон шалгаруулдаг. Манай офицеруудын хувьд энэ шаардлагуудыг нь биелүүлж байгаа учраас үүрэг гүйцэтгэж байна. Мэдээж энэ секторын командлагчийг Монгол Улс хариуцаад авч явна гээд бичигдээгүй боловч ерөнхий зарчим бол бий. Дээрээс нь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газар гэж бий. Энэ газарт анх удаа Монгол Улсын Зэвсэгт хүчний офицер хоёр жилийн хугацаатайгаар үүргээ амжилттай гүйцэтгээд дуусч байна. Дараагийнх нь хүнийг сонгох шалгаруулалт эхэлсэн байгаа. НҮБ цагийн байдал тогтворгүй 20 гаруй оронд энхийг сахиулах ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээр орнуудын үүрэг гүйцэтгэлтийн нөхцөл байдал, цагийн байдлын үнэлгээний мэдээллийг авах, цааш нь Аюулгүйн зөвлөлдөө дамжуулах алба гэсэн үг. Энэ мэтчилэн манай жирийн нэгэн цэргийн алба хаагчаас эхлээд өндөр албан тушаалтан энхийг сахиулах ажиллагаанд чанарын хувьд сайн гэсэн үнэлгээтэйгээр оролцож байна. Цаашдаа боловсон хүчнээ шат шатандаа бэлтгэх том ажил бидний өмнө бий.

-НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа явагдаж байгаа 20 гаруй оронд манай улсыг нэмж оролцуулах тухай хүсэлт ирдэг үү?

-Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад Монгол Улсын Зэвсэгт хүчний батальон үүрэг гүйцэтгэж байгаа. Цаашдаа энэ батальоноос гадна дахиад цэргийн баг явуулаач гэдэг хүсэлт байнга ирдэг. Гэхдээ хүсэлт болгоныг хүлээж аваад байх нь эрсдэл дагуулж мэднэ. Маш өндөр эрсдэлтэй бүс нутаг учраас энэ асуудалд нухацтай хандах ёстой. Үүнийг хаана, хаанаа ч ойлгодог.

-Энхийг сахиулах ажиллагаа дахь санхүүжилтийн талаар асуух зүйл байна. Бусад улстай харьцуулахад манай цэргийн алба хаагчдад олгож байгаа санхүүжилт нь яг адилхан түвшинд байдаг уу?

-НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс баталсан дүрмийн дагуу яг адилхан түвшинд олгоно. Олон цэрэг илгээж байгаа, цөөн цэрэг илгээсэн гэж ямар ч ялгаа байхгүй. Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа аль ч орны цэрэг адилхан түвшинд цалин авна. Нэг зүйлийг ойлгомжтой болгох үүднээс тайлбарлахад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төсвийг гишүүн орон болох 193 улс бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, гишүүн орнуудын татвараар бүрдүүлдэг гэсэн үг. Ойролцоогоор 60 тэрбум доллар орчмыг гишүүн орнууд нь хандиваар өгч байж бүрддэг төсөв. Эргээд энэ төсвөөс нь тодорхой хувийг манай энхийг сахиулагчид нөхөн төлбөрөөр авч байна.

-Цагийн байдал амаргүй улс оронд үүрэг гүйцэтгэж байгаагийн хувьд авах цалин хангамжийг нь нэмэгдүүлэх боломж бололцоо бий юу. Энэ тал дээр Гадаад харилцааны яамнаас хүсэлт шаардлага тавьдаг уу?

-Цэргийн алба хаагчдаа олон мянгаар нь илгээж оролцуулж байгаа Энэтхэг, Шриланк, Непал, Пакистан зэрэг орнуудын зүгээс “Цэргийн алба хаагчдад өгөх цалин тэтгэмжээ нэмэгдүүлэх ёстой” гэдэг шаардлагыг НҮБ-т байнга тавьдаг. Манай улсын хувьд эдгээр орнуудтай хамтраад цэргийн алба хаагчдынхаа эрх ашгийн төлөө байнга ярьж хэлж байна. Ялангуяа, эрсдэл өндөр газар учраас нэмэлт тэтгэмж өгөх, эрсдлийг нь дахин тооцож, нэмэгдүүлэх боломж байна уу, сарын цалингаа нэмэгдүүлье гэж байнга ярьж ирсэн. ЗХЖШ-ын удирдлагууд ч энэ талаар ярьж, хэлэх ёстой гэж бидэнд байнга сануулж байна.  Олон орны хүсэлтийн дагуу НҮБ-ын тодорхой албан тушаалтнууд судалгаа хийгээд “Цаашид нэмэгдүүлэх шаардлагатай юм байна” гэсэн зөвлөмж гаргасан. Хоёр жилийн өмнө 193 орны удирдлага яг энэ асуудлаар яриа хэлэлцээр өрнөсөн. Гэсэн ч НҮБ-ын төсөв гишүүн орнуудын татвараас бүрддэг учраас эргээд татвар нэмэгдэх нөхцөл үүснэ гээд хөгжингүй орнууд төдийлөн хүлээж аваагүй. Мэдээж тэдний өгөх татвар олон сая доллараар яригдах тоо байдаг. Энэ утгаараа энхийг сахиулагчдын цалинг нэмэгдүүлэх асуудалд зарим орнууд хойрго ханддаг нь нууц биш. Гэхдээ үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэсэн завсарын шийдвэр гаргасан байдаг. Удахгүй 200-300 доллараар нэмэгдүүлнэ гэсэн шийдвэр гаргасан. Манай улсын зүгээс цэргийн алба хаагчдынхаа эрх ашгийн төлөө хүсэлт шаардлагаа байнга тавьж байх болно. 193 улсын байр суурь нэгдэж байж шийдвэр гардаг учраас энэ асуудал өөрөө бас амаргүй юм.

-НҮБ-ын мандатаас гадна НАТО-гийн энхийг дэмжих ажиллагаанд манай улс оролцож байна?

-Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад Герман болон АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа. НАТО-гийн гишүүн орнууд болон хамтран оролцогч орнууд “Энэ ажиллагаа дахь оролцоогоо зогсоохгүй, үргэлжлүүлээч” гэдэг хүсэлтийг гаргадаг. Гэхдээ эцсийн дүндээ шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гаргана.

-НҮБ-ын гишүүн орны хувьд хүлээсэн бусад үүргийн хэрэгжилт ямар түвшинд байдаг бол. Хүний эрхийг хангахаас эхлээд олон үүрэг хүлээсэн байдаг?

-Энэ сэдэв өөрөө маш том өргөн хүрээтэй. Гэхдээ товчхон ярихад, жил бүрийн НҮБ-ын чуулганд Монгол Улсын төрийн тэргүүн оролцож үүргээ хэрхэн биелүүлж байгаа тухай, ямар байр суурьтай байгаа тухайгаа илэрхийлж байна. Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээр гээд олон улсын анхаарлын төвд байгаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эцэст нь онцолж хэлэхэд, НҮБ-ын зүгээс 1990 оны зах зээлийн эдийн засагт шилжих үеэс эхлэн манай улсад тусламжийн гараа сунгаж ирсэн түүхтэй. Өнөөдөр Хөгжлийн сан, Хүүхдийн сан, Хүн амын сан, Хүнс хөдөө аж ауйн байгууллага гээд НҮБ-ын системийн байгууллагууд манай улсад ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлээд явуулж байна. Зуд турхан болоход хамгийн түрүүнд НҮБ-аас тусламжийн гараа сунгадаг гээд энэ сэдвээр яривал их олон зүйл бий.

Эх сурвалж: "Соёмбо" сонин, Д.Болормаа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх