etoim.mn
photos/f259645899c806d5e1898e5cd93790fd.png

        Өндөр хөгжилтэй орнуудад нэлээд хөгжөөд байгаа хэрэглэгч, бизнес эрхлэгчдийг нэг дор холбосон, үйлчилгээ авах хүсэлтээ илгээгээд л бизнес эрхлэгчид өөрөө танд хандах боломжтой онлайн үйлчилгээ  манайд бий болжээ. Монголын анхны хэрэглэгч төвтэй платформ болох yagg.mn цахим туслахыг санаачлагч, үүсгэн байгуулагч Л.Баасан-Ёндонтой ярилцлаа.  

 

-Хэрэглэгч төвтэй онлайн үйлчилгээ эрхлэх санаа хэрхэн төрсөн бэ?

 

-Энэ санааг хоёр жил гаран бодож байж хөгжүүлэхээр шийдсэн. Манайд ийм төрлийн үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй болоод байна. Хэрэглэгчид яг ийм төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ эрхэлдэг, хийж чаддаг газар байна уу, байршил нь хаана байдаг гэх мэт мэдээллийг онлайнаар авах сонирхолтой болсон. Нөгөө талаар төрөл бүрийн үйлчилгээ, бизнес эрхлэгчид олширсон, хэрэглэгчээ олж үйлчлэх нь чухал байдаг. Энэ бүгдийг нэгтгэж хэрэглэгч болон бизнес эрхлэгч аль аль нь бие биенээ хялбар олж, хэрэгцээгээ ханган харилцан ашигтай байхаар төлөвлөж Yagg.mn цахим туслах сайтыг нээн ажиллуулж байна. Үүнээс гадна янз бүрийн мэргэжилтэй, ур чадвартай хүмүүс ажлын хажуугаар давхар орлого олж өөрийн чадварыг бизнес болгон хөгжүүлэх боломжийг нээж байгаа.

 

-Yagg.mn сайт хэрхэн ажилладгийг товчхоноор тайлбарлаж өгөөч? 

 

-Танд ямар үйлчилгээ хэрэгтэй байна, түүнийгээ хүсэлт болгон илгээгээд бизнес эрхлэгчдээс хариу саналууд авна. Хариу саналуудтай танилцаж, харьцуулалт хийх замаар өөрт хамгийн тохиромжтой саналыг сонгож үйлчилгээгээ авна. Цаг үе маш хурдтайгаар өөрчлөгдөж байна шүү дээ. Хэрэглэгч бүтээгдэхүүн үйлчилгээг хайдаг биш бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэгчдийг хайж олдог болсон байна. Гэхдээ манайд эсрэгээрээ байсаар байна. Өнөөдөр дэлхийн хэрэглэгч, худалдан авагчдын чиг хандлага өөрчлөгдөж зөвхөн өөртөө яг л тохирсон үйлчилгээгээ авдаг болоод байна. Саяхан уншсан барууны нэгэн судалгаанаас харахад хэрэглэгчдийн 78 хувь нь бусад хэрэглэгчдийн туршлага дээр тулгуурлаж шийдвэрээ гаргадаг болсон байна. Телевизээр цацсан сурталчилгаанаас 18 хувь нь ашигтай борлуулалт хийж, үзэгчдийн 90 хувь нь сурталчилгааг шууд алгасдаг гэсэн судалгаа гарсан байсан.

 

Үнэхээр манайд ямар нэг үйлчилгээ хэрэгтэй болохоор эрж хайх нь асуудал болдог?

 

-Бид google-ддэг. /инээв/ Зараас шүүж үздэг, лавлах утаснаас асуудаг, хэн нэг найзаасаа асуудаг. Надад ч гэсэн энэ асуудал байнга тулгардаг.  Бидэнд өөр сонголт байхгүй байна л даа. Зарлал, лавлахаас авсан дугаарын цаана ямар чанартай, ямар үнэтэй үйлчилгээ байгааг мэдэх боломжгүй. Дээр нь авсан мэдээлэл маань хуучирсан, тухайн байгууллага одоо идэвхтэй үйлчилгээ эрхэлж байгаа эсэх нь тодорхойгүй. Судлаад үзэхэд манай дийлэнх бизнесийн байгууллагууд вебсайтгүй, эсвэл вэбсайтаа авч явах нь хүндрэлтэй байдаг юм билээ.  Нөгөө талаар сайн үйлчилгээг хямдаар үзүүлж байгаа ч өөрийгөө таниулж чадахгүй, хэрэглэгчдэдээ хүрч чадахгүй байгаа олон бизнес, хувь хүмүүс байдаг. Энэ мэт олон бэрхшээлийг манай платформд шийдэж бизнес эрхэлж, үйлчилгээ үзүүлж байгаа хэн бүхэнд зах зээлийн шударга өрсөлдөөний гарааны ижил түвшин, эрх тэгш, хэрэглэгчидтэйгээ хялбар холбогдох, өнөөгийн хэрэглэгчид юу хүсээд байгааг мэдэх боломжийг бий болгож байгаа нь бидний давуу талуудын нэг. Үүнийг бас товчоор илэрхийлвэл бид өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрлэлийг шууд утгаар нь дэмжиж байгаа юм. Нөгөө талаасаа хэрэглэгчид хүссэн үйлчилгээгээ авахын тулд зардал, цаг хугацаа алдалгүйгээр өөрт тохирсон үйлчилгээг олоход хялбар болж байгаа нь хамгийн том дэвшил болж байгаа.

 

      Бидний оролцоогүйгээр хэрэглэгч, бизнес эрхлэгчид өөрсдөө харилцаад, хөгжөөд явах боломжтой

 

Хэрэглэгчид ийм төрлийн үйлчилгээг хараахан мэдэхгүй, шинэлэг байгаа байх. Yagg.mn цахим туслах-д өөр ямар онцлог, давуу талууд байгаа вэ?

 

-Хэрэглэгч талаас харвал цаг хугацаа, зардал хэмнэж, мэдээллийг нэг дороос авч, бизнесүүдийг харьцуулан сонголтоо хийх боломжтой. Үйлчилгээ хүссэн хүсэлт бүрт 1-8 хүртэлх бизнес эрхлэгчийн саналыг хүлээн авна. Хэрэглэгч ирсэн саналуудаас үнийн баримжаа, үйлчилгээний чанар, үйл ажиллагааных нь талаар мэдээлэл, зураг материалыг төвөггүйхэн олж авна. Хэрэглэгчдэд олгож байгаа бас нэг боломж бол хүсч байгаа үйлчилгээнийхээ зураг материалыг хавсаргаж бизнес тус бүртэй харилцах боломжтой. Харин бизнес эрхлэгчдийн хувьд компани, аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгч буюу мэргэжилтэн гэсэн багцаас сонгож, өөрийн профайл танилцуулга хуудсыг үүсгэн, удирдах самбараар дамжуулан хүсэлт хүлээн авах, үйлчилгээнийхээ тайлан мэдээг үзэх, хямдрал урамшууллаа постлох зэрэг бизнес эрхлэхэд хэрэгцээтэй туслах багаж хэрэгсэлтэй болж байгаа юм. Хамгийн гол нь хэрэглэгч тус бүртэй харилцаа үүсгэж тохирсон үйлчилгээг нь үзүүлэх боломжтой болно. Бизнес эрхлэгчдийн хувьд оршин тогтнох үндэс нь хэрэглэгчид шүү дээ. Нөгөө талаараа Yagg.mn платформ нь бизнес эрхлэгчдийн хувьд сүүлийн үед их ашиглах болсон хэрэглэгчдийн CRM гэж хэлж болно. Үүнээс гадна бизнес эрхлэгч өөрөө хэрэглэгч гэсэн агуулгаар тооцоолж B2B буюу бизнесүүд хоорондоо харилцах боломжийг орхигдуулаагүйг энд хэлэх хэрэгтэй болов уу.

 

Нэрний хувьд сонирхолтой сонсогдож байна. Яагаад yagg гэж нэрлэсэн бэ? 

 

-Монголчууд бид чинь хүссэн юмаа олохоор “яг энэ мөн” гэж ярьдаг даа. Үүнээс л үүдэлтэй Ягг!!! хүссэнээ аваасай гэсэн санааг илэрхийлсэн. Латин үсгэнд хөрвүүлэхээр yagg гэж бууж байгаа юм.

 

Хүн бүр энэхүү платформыг ашиглах боломжтой юу? Бэрхшээлтэй асуудлууд гарч байна уу? 

 

-Хүн бүр ашиглах бүрэн боломжтой. Бүртгүүлээд л хэрэглээд эхэлнэ. Бизнес эрхлэгчдийн хувьд хэзээ ч хуучирсан мэдээлэлтэй байхгүй. Өөрийн гэсэн удирдлагын самбараа хялбар удирдаж хэрэглэгчийн хүсэлт, үнэлгээнд тулгуурлан үйлчилгээгээ улам бүр сайжруулж боловсронгуй болгох боломжтой. Харин хэрэглэгчдийн хувьд зөвхөн танд үйлчлэх боломжтой бизнесүүд таны хүссэн цаг хугацаанд тантай ярилцаж тохиролцон, хүссэн үйлчилгээг тань үзүүлэх болно. Хүн бүр харилцан адилгүй болохоор хүссэнээ хэн нэгний оролцоогүйгээр авах нь хамгийн том давуу тал болж байна. Яг үүнтэй адил бид барууны орнуудад хөгжөөд байгаа зөвхөн өөрт тохирсон үйлчилгээгээ хэрэглэгч өөрөө сонгодог тэр л зарчмаар ажиллана. Одоогоор манай хэрэглэгчид уламжлалт аргаар үйлчилгээ авах хандлагаас нь өөр болохоор дасал болохгүй байх шиг байна. Гэхдээ манай сайт платформыг ашиглаад эхэлвэл ямар амар болохыг хялбархан ойлгох болно.

 

Хэрэглэгчиддээ ойлгуулах үүднээс хэрхэн ашиглах процессийг тайлбарлаж өгвөл?

 

-Хамгийн түрүүнд хэрэглэгч бүртгүүлнэ. Учир нь бизнес эрхлэгчээс ирсэн үйлчилгээний хүсэлтийн хариу, бусад харилцааг мэйлээр давхар мэдэгддэг. Түүний дараа үйлчилгээ хүссэн хүсэлтээ илгээнэ. Хүсэлт илгээхийн тулд ямар үйлчилгээ хэзээ, хаана хэрэгтэй байгаа талаар цөөхөн хэдэн асуултад хариулна. Мөн хүсвэл зураг, материал хавсаргаж болно. Энэ бүх мэдээлэл бизнес эрхлэгчдээс танд тохирохыг нь зөв холбоход тусалж байгаа юм. Хүсэлтэнд 1-8 хүртэлх бизнес эрхлэгчийн хариу санал ирнэ. Эндээс хэрэглэгчид үнийн баримжаа, тухайн бизнес эрхлэгчийн мэдээлэл танилцуулга, хаана байрладаг, бусад хэрэглэгчдийн өгсөн үнэлгээ зэргийг мэдэж аваад харьцуулалт хийн өөрийн сонголтоо хийх юм. Дээр нь нэмж хэлэхэд бизнес эрхлэгч бүртэй харилцаж асууж тодруулж болно. Харин бизнес эрхлэгчид орлогоо өсгөх томоохон боломжтой болно. Бизнес эрхлэгчдийн хувьд илүү олон төрлийн функцтэй. Жишээ нь: Хүсэлт хүлээн авах эсэхээ шийдэх, ирсэн хүсэлтүүдийг одоо харилцаж байгаа, хүлээн авсан, аваагүйгээр нь ангилах, хэрэглэгч бүртэй харилцах тусдаа булантай байх, тайлан мэдээлэл авах гэх мэт. Үүнээс гадна хямдрал урамшуулал, бэлэг постын тохируулга хуудас, мобайл, и-мэйл маркетинг тохиргооны хуудас, бизнес танилцуулгын тохиргоо хуудас зэрэг удирдлагын самбар гэж нэрлэгддэг багаж хэрэгслүүдтэй.

 

Товчхондоо ийм байна. Сурталчилгаагаа явуулах өөр олон төрлийн боломжууд байгаа. Хэрэв манай сайтын талаар асууж тодруулах шаардлага гарвал бидэнтэй чөлөөтөй харилцаж болно. Бид үргэлж дуртайяа хүлээн авах болно.

 

Yagg.mn цахим туслахын ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ ? 

 

-Өнөөдөр Монгол улсын хэмжээнд 2.5 сая интернэт хэрэглэгч байна, цаашдаа улам бүр хурдацтай өснө. Интернэт орчинд  худалдаа үйлчилгээ тодорхой хэмжээгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж эхэлж байна. Бид ойрын хугацаандаа орон зай, хил хязгаараас хамааралгүйгээр Монголын хэрэглэгч бүр хүссэн үйлчилгээгээ авах, бизнес эрхлэгч бүр бизнесээ өргөжүүлэх боломжийг бий болгоно. Алс хэтдээ Монголын бүх аймаг сумдуудыг хамарч, Өвөр Монгол, Хятад, Оросын холбооны улсуудын хооронд үйлчилгээг холбосон платформ болохоор зорьж байна. Энэ бүхэн бүрэн боломжтой гэж боддог.

 

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

 

-Чөлөөт зах зээлийнхээ зарчмаар чөлөөтэй харилцаж, сонгох сонгогдох эрхээ эдэлдэг, харилцагч талуудыг харилцаа холбоо үүсгэхэд нь хэрэгцээтэй бүхнээр дэмжих нь бидний үнэт зүйл байх болно гэж хэлж болно. Yagg.mn платформын хувьд бидний оролцоогүйгээр хэрэглэгч, бизнес эрхлэгчид өөрсдөө харилцаад, хөгжөөд явах боломжтой. Бид зөвхөн тэдний найдвартай харилцаа, тэдний хүсэл шаардлагад нийцсэн хөгжүүлэлтийг хийж, улам боловсронгуй болгоход чиглэж ажиллах зарчим илүүтэй баримтална гэж боддог.

 

Үнэ төлбөрийн хувьд ямар байх вэ? 

 

-Одоогоор бид Yagg.mn платформыг бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүйгээр туршиж үзэхийг санал болгож байгаа. Цаашдаа компани, аж ахуйн нэгж, бичил бизнес эрхлэгч-мэргэжилтэн гэсэн өөрт тохирсон багцаас сонголт хийн гишүүнчлэлийн төлбөртэй байна. Гишүүнчлэлийн төлбөр харилцан адилгүй, бичил бизнес эрхлэгчдийн хувьд харьцангуй хямд буюу сарын 3000 төгрөгөөс эхлээд компани аж ахуйн нэгжийн хувьд хамгийн өндөртөө жилийн 300 мянган төгрөг байна. Харин хэрэглэгчдийн хувьд 100 хувь үнэ төлбөргүй үйлчилгээ байх юм.

 

Өнөөдөр эдийн засаг хямралтай, бизнесүүд зогсонги байдалд орж байна. Харин үүнийг боломж болгож ашиг харахаасаа илүүтэй хамтдаа бүтээж, хамтдаа хөгжихийн төлөө ажиллах хэрэгтэй байх. Yagg.mn цахим туслахд бидэнтэй хамтарч ажиллах сонирхолтой хувь хүн, бизнесийн байгууллага, ижил төрлийн бизнес эрхлэгч, старт-апуудтай хамтран ажиллахад нээлттэй байгаа гэж хэлмээр байна. Бид хийж чаддаг, мэддэг бүхнээрээ хамтарч чадвал илүү ихийг асар богино хугацаанд бүтээж, улс орноо хямралаас аврахад хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх