etoim.mn
photos/14316697_1297712573595133_6003271238860036126_n.jpg

         “Үнэн худлын дэнс” нэвтрүүлгээрээ үзэгчдэд танил болсон хөтлөгч М. Орхонтуул нь цахим ертөнцөд “Facebook”-ийг идэвхитэй ашиглагч нэгэн ажээ. Түүний нүүр номоор “зөвшөөрөлгүй” зочилж үзвэл оруулсан мэдээлэл бүртээ хүмүүсээс олон сэтгэгдэл, хандалтыг авч чадсан байгаа нь сонирхлыг ихээхэн татлаа. Тэгээд түүнтэй цахим ертөнцийг ашиглан уран бүтээлээ хэрхэн хийж байгаа талаар нь цөөн хором ярилцсанаа уншигч танд хүргэе.

 -Та олон нийтийн сүлжээг ашиглаж, үзэгчидтэйгээ байнгын холбоотой байдаг. Энэ нь ямар давуу талыг бий болгодог вэ?

- Дэлхий нийтээрээ хүмүүс интернэт цахим ертөнцийг өдөр тутмын хэрэглээ болгон ашиглаж байна. Тиймээс цахим орчинд өөрийн бодол санаагаа бусадтай хуваалцахаас гадна хүмүүс юу хүсэж, мөрөөдөж, эрэлхийлж байгааг мэдэх боломжтой. Миний хувьд хэдэн мянган хүнд өөрийн бодол, санаагаа нэг зэрэг түгээж, тэднээс өөрт хэрэгтэй, мэдэхийг хүссэн зүйлийнхээ хариултыг олж авах зорилгоор ашиглаж эхэлсэн. Ер нь хүмүүс цахим орчинд мэдээлэл оруулж бусадтай санаа бодлоо чөлөөтэй хуваалцаж чаддаг. Мөн бусдын оруулсан мэдээлэлд ч гэсэн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж  таалагдаж байгаагаа болон таалагдахгүй байгаагаа шууд илэрхийлдэг. Тэгээд ч үр дүн нь тэр дороо харагддаг болохоор бусад мэдээллийн хэрэгсэлээс давуу талтай  байдаг. Сүүлийн жилүүдэд үзэгч, уншигчдын боловсрол маш өндөр болсон. Би Facebook-ийг сүүлийн нэг жилийн хугацаанд идэвхитэй ашиглаж байна. Одоогоор чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байгаа болохоор миний ажил, амьдрал цахим ертөнцөд л өрнөж байна.

 - Орхон гол дээр очиж сурвалжлага хийснээ “Facebook”-дээ бичсэнийг тань олон хүн дэмжиж сэтгэгдэл бичсэн байсан. Олон нийтийн сүлжээг ашиглах нь  мэдээлэл олж авах, цаг хэмнэх гээд олон давуу талтай  биз?

- Тийм шүү. Орхон голын бохирдолын талаархи мэдээллийг  үзээд газар дээрээ ямархуу байгаа бол гэсэн бодол төрсөн. Тэгээд “Долоон бурхан” нэвтрүүлгийнхээ оролцогчидтойгоо Орхон голыг зорьцгоосон юм. Орхон голын бодит байдлыг нүдээр харах үед сэтгэл маш хүчтэй өвдсөн. Өмнө нь би хэзээ ч байгалийн нүд халитрам, харамсамаар дүр зураглалыг өөрийн нүдээр харж, биеэр мэдэрч байгаагүй. Тэгээд “Үнэн худлын дэнс” нэвтрүүлгээрээ Орхон голын бодит байдлыг дэнслэхээр шийдэж нэвтрүүлгээ бэлтгэсэн. Нэвтрүүлгийнхээ бичлэгээс  нэгээхэн хэсгийг “Faсebook”- тээ оруулсан нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж олон ч хүн үзэж, өөрсдийн сэтгэгдлээ илэрхийлсэн байсан. Хүмүүсийн үлдээсэн сэтгэгдлийн ихэнхи нь “Орхон гол руу дахин явж уул уурхайн компаниудыг нөхөн сэргээлт хийлгэхийн төлөө тэмцээч, ард түмний дуу хоолойг хүргээч” гэсэн байсан. Нэгэнт эхлүүлчихсэн ажил болохоор цаашдаа бохирдол үүсгэсэн компаниудыг нөхөн сэргээлт хийх хүртэл хуулийн хүрээнд тууштай тэмцэх болно.

Орхон голыг нөхөн сэргээхийн төлөө тууштай тэмцэнэ гэлээ. Ямар үр дүнд хүрэхийг хүсч байгаа вэ?

 Мэдээж уул уурхайн компаниуд олборлолтын зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа байх. Байгалийг нь сүйтгэж усыг нь бохирдуул гэж  зөвшөөрөл олгодоггүй биз дээ. Тиймээс олборлолт хийж сэндийлсэн газрын хөрс, бохирлогдсон гол усаа нөхөн сэргээлгэмээр байна. Ард түмнийхээ нүд чих, дуу хоолой байж  тэмцлийнхээ үр дүнг үзэхийг хүсэж байна. Би ямар нэгэн ажлыг эхлүүлчихвэл үр дүнг нь заавал үзэж байж л санаа амардаг хүн дээ. Өөрөөрхэлбэл, ухрах араа нь эвдрээд  дахин засвар авахааргүй машинд суучихсан гэсэн үг юм уу даа. /инээв/ 

- Сэтгүүлч хүнд олон нийтийн дэмжлэг хэр чухал вэ?

- Чухал байлгүй яахав.

- Та хэд хэдэн телевизэд ажиллаж байсан. Сүүлийн үед чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байгаа гэлээ. Чөлөөт уран бүтээлчээр ажиллахын  давуу тал юу вэ?

-  Телевизэд ажилладаг байхад өөрийн хүссэнээрээ нэвтрүүлэг хийх боломж тэр бүр олддоггүй байж дээ. Миний хувьд чөлөөт уран бүтээлчээр ажиллах болсоноор хийхийг хүссэн нэвтрүүлэгээ хэн нэгэнд болон цаг хугцаанд шахагдахгүйгээр хийж байгаагаа давуу тал нь юм уу даа гэж бодож байна.

- Бие дааж уран бүтээл хийхэд мэдээж санхүүгийн бэрхшээл тулгардаг байх. Энэ асуудлаа хэрхэн шийдвэрлэж байна вэ?

- Бие дааж уран бүтээл хийхэд санхүүгийн бэршээл байнга л тулгардаг. Телевизийн уран бүтээлд техник тоног төхөөрөмж, студи гээд олон зүйл шаардлагатай болдог. Олны анхаарал татсан сэдвээр уран бүтээл хийх үедээ бусдаас санхүүгийн тусламж хүсэх болдог. Жишээлбэл, Орхон голын талаархи нэвтрүүлгийг дахин хийхийн тулд  санхүүгийн тусламжийг хүмүүсээс хүссэн. Мөнгөний асуудал араасаа хэл ам их дагуулдаг. Тиймээс санхүүгийн тайлангаа нийтэд нээлттэй байлгахын тулд дансны орлого зарлагаа Facebook хуудсандаа байршуулж байгаа.

 -  Та Төв аймгийн Батсүмбэр сумын ахмадын асрамжийн газарт “Үнэн худлын дэнс” нэвтрүүлгээ хийхийн зэрэгцээ ахмадууддаа зориулсан сайн санааны хандивын аяныг зохион байгуулах гэж байгаа тухайгаа “Facebook хуудсандаа  “LIVE хийж байршуулсан байсан. Энэ талаар?

“Үнэн худлын дэнс” ток шоуд олны танил эрхмүүдийг оролцуулж тэднийг дэнсэлдэг. Нэвтрүүлгийнхээ хамрах хүрээг өргөжүүлэн ток шоу хийхээс гадна баримтат эрэн сурвалжлах төрлөөр хийх бодолтой байгаа. Ер нь ДЭНС  гэдэг үг өргөн цар хүрээг хамруулдаг учраас гол ус, байгаль орчин, нийгэм гээд дэнслэж болох бүхнийг дэнслэнэ. Мөн хаана юу болж байна, болохгүй байна гэдгийг ч дэнслэх болно. Арваннэгдүгээр сарын эхээр Төв аймгийн Батсүмбэр суман дахь ахмадын асрамжийн газарт  “Үнэн худлын дэнс” нэвтрүүлэгээ хийхээр төлөвлөсөн. Дан ганц нэвтрүүлэгээ хийхээр очмооргүй байна. Ахмадуудадаа туслах сайн санааны хандивийн аянг өрнүүлж тэдэнд бэлэгтэй очихыг хүсэж байна. Уншигч танд юу байна түүгээрээ манай нэвтрүүлгийн багийнханы өрнүүлсэн сайн санааны хандивын аянд нэгдэж болно шүү. Мөн нэвтрүүлгийн багийнхантай хамтдаа очиж хөгшчүүлтэй нэг өдрийг хамтдаа өнгөрүүлж тэдний сэтгэлийг бага ч гэсэн бүлээцүүлэхийг  хүсвэл бидэнтэй хамт явж болно. Танд юу байна түүгээрээ сайн санааны хандивын аянд нэгдэж болно. Хоол хүнс, дулаан хувцас, ойр зуурын хэрэглээний зүйлс гээд юу ч байж болно. Батсүмбэрийн ахмадын асрамжийн газарт үр хүүхдүүд нь аав ээжийгээ эргэж очиж, харж ханддаггүй гэдэг яриа хүмүүсийн дунд байдаг. Тиймээс тухайн асрамжийн газарт байгаа хөгшчүүлийг нэвтрүүлэгтээ урьж оролцуулан тэдний сэтгэлийг уудалж хэсэгхэн ч гэсэн ярилцаж тэдний дуу хоолойг хүмүүст хүргэхийг хүссэн юм. Мөн үсчин, гоо сайханчдыг хамтарч ажиллаач гэдэг хүсэлтээ ярилцлагаар дамжуулан хүргэмээр байна.

- Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ? Уран бүтээлийнхээ ажлаас сонирхуулаач.

“O entertainment” студийг байгуулсан. Студидэдээ нэвтрүүлгүүдээ хийхийн зэрэгцээ фото зураг авах болон видео бичлэгийг хийнэ. Мөн бүх төрлийн арга хэмжээг хөтлөнө. Сүүлийн үед хийгдэж байгаа уран бүтээлийн хувьд “Үнэн худлын дэнс” нэвтрүүлгээс гадна “Амьдралын амт”, “Долоон бурхан” зэрэг нэвтрүүлгийг шинээр хийлээ. “Амьдралын амт” нэвтрүүлгээрээ амьдрахын учир утгыг хүмүүст таниулахыг зорьсон. “Долоон бурхан” спортын нэвтрүүлгээ сард нэг спортын төрлөөр бэлтгэж үзэгчдэд хүргэхээр эхний дугаараа бэлтгээд эвлүүлгийнхээ ажилд орчихсон байгаа. Удахгүй үзэгчдэдээ хүргэх болно.

Нэвтрүүлгээ ямар телевизээр үзэгчдэд хүргэх вэ?

 Сүүлийн үед дэлхий нийтээрээ цахим ертөнцийг ашиглаж “Live” хийдэг болсон. Тиймээс “Live TV”-гээр нэвтрүүлгүүдээ цацах болно.“Live” хийх үедээ үзэгчдийн хандалт, сэтгэгдлийг шууд хянадаг учраас үр дүнгээ шууд харах боломжтой байдаг. Энэхүү ажилд маань “Якузана нэт” ХХК-тай хамтарч ажиллаж байгаа. 

Ярилцсанд баярлалаа.

Таалагдахгүй байна

5
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

бадамханд

[202.179.27.208]

2017-05-30 17:12:41

утсаа өгөөч цэвэлаагиин утасыг авах гэсэи туслаач96064113

zochin

[202.179.29.87]

2016-11-01 19:43:31

amjilt khusie