Португалийн нэрт хөлбөмбөгч Кристиано Роналдо домогт хөлбөмбөгч Пелегийн тогтоосон дээд амжилтыг эвджээ.
Тодруулбал, К.Роналдо өнгөрөгч ням гарагт Кальяри клубийн эсрэг тоглолтод гурван гоол оруулснаар түүний албан ёсны тоглолтуудад оруулсан нийт гоолын тоо 770 болжээ. Харин Бразилын алдарт хөл бөмбөгчин Пелегийн хувьд тэрээр карьерийнхээ хугацаанд 767 гоол оруулж дээд амжилтыг эзэгнэж байсан юм.
К.Роналдо энэ талаар өөрийн “Instagram” хуудстаа “Өнөөдөр миний бие мэргэжлийн карьерийнхээ 770 дахь гоолыг орууллаа. Юун түрүүнд Пелед хандан чин сэтгэлийн үгээ хэлмээр байна. Дэлхий дахинд түүний тоглолт, гоол, амжилтын талаар дуулж байгаагүй тоглогч нэгээхэн ч үгүй. Би ч мөн тэдний нэг юм” хэмээн бичжээ.
Харин домогт хөлбөгчин Пеле түүний хариуд мөн л өөрийн цахим хуудастаа К.Роналдод баяр хүргэн, түүнийг бахархан биширдэг хэмээн гэдгээ бичсэн байна.
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа
эх сурвалж: bbc.com