Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/c6cd0d7c242beed323e938dfca48205f.jpg

Эр хүн ч хараад сүрдэхээр дүүрэн ачаатай том шуудай үүрсэн хэрнэ, нэг гартаа хүүхдээ тэвэрч, нөгөө гартаа мөн л дотроо дүүрэн зүйлстэй цүнх барьсан эмэгтэйн зураг Хятад улсад маш их шуугиан тариад байсан билээ. Хятадын гэрэл зурагчин, сэтгүүлч Жоу Кэ тус зургийг 2010 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Хятадын Зянси мужийн Нанчангийн төмөр замын буудал явж байхдаа дарсан нь ийн тус улсын  ядуурлын эсрэг тэмцлийн бэлгэ тэмдэг болжээ. 

Тухайн үед Хаврын баяр болж байсан тул олон сая хүн гэр бүл, төрөл төрөгсөд рүүгээ зочлохоор хот, хөдөөг зорьж, хөл хөдөлгөөн ихтэй байсан гэдэг. Хожим зурагчин тус зургийн эзэн бүсгүйг хайсан ч амжилтанд хүрээгүй аж. 

Гэтэл тэрээр өнгөрсөн сард тэр хайж байсан хүнээ олсон байна. Хятадын ядуурлын эсрэг тэмцлийн бэлгэ тэмдэг болсон бүсгүйг Баму Юүбүму гэдэг бөгөөд өдгөө 32 настай. Тэрээр гэр бүлийн хамтаар Хятадын Сичуань мужийн Юэкси тойрогт гэр бүлийн хамтаар аж төрдөг юм байна.  

Тухайн үед Баму Нанчан дахь тоосгоны нэгэн үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд төрөлх Юэкси тойрогтоо очихоор явах замдаа ийнхүү гэрэл зургийн хальсанд буусан байжээ. Тэрээр энэ талаар ярихдаа "Тухайн үед би сард 500-600 юань олдог байлаа. Энэ мөнгө гэртээ тариа тарихаас хамаагүй дээр байсан" гэжээ.

Баму тосгоны бусад эмэгтэйчүүдийн адил боловсрол эзэмшиж чадаагүй учраас нэг газраас нөгөө рүү шилжин, хийж болох бүхий л ажлыг хийдэг байсан аж. Харин гэрэл зурган дээрх хүүхдийн тухайд тэрээр 2009 онд төрсөн бөгөөд Бамуг Нанчан дахь тоосгоны үйлдвэрээс эргэж ирснээс хойш таван сарын дараа нас баржээ.

Энэхүү харамсалтай явдлаас хойш хэдэн жилийн дараа  Хятадын Засгийн газраас ядуурлыг бууруулах томоохон ажлыг эхлүүлсэн бөгөөд үүний үр дүнд Баму нөхрийнхөө хамтаар тамхины ургамал тариалж эхэлсэн байна. Мэдээж тэдний тариалалт байнга үр ашигтай байгаагүй бөгөөд ургац муу улиралд тэд Фужиан мужийн Сяпу тойрогт очин далайн өргөст хэмхний фермд ажилладаг хэмээн Синьхуа агентлагт ярьжээ. 

Бамугийн хэлж байгаагаар тэд өмнө нь эрдэнэ шиш, гурвалжин будаа, төмс тариалаад жилд 6000 юань хүрэхтэй үгүй орлого олдог байсан бол одоо тамхины ургамал, далайн өргөст хэмхний фермд ажиллаад жилд 100 мянган юанийн орлого олдог болсон байна.

Үүгээр зогсохгүй хосууд өөрсдийн хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө хадгаламж үүсгэсэн бөгөөд улмаар тэдний гэр бүл шавар байшингаас нүүж, Таоюань тосгонд баригдсан орон сууцанд нүүн оржээ. Баму хэлэхдээ "Борооны усанд автахгүй, хүйтэн салхи үлээхгүй тухтай байшинд амьдрах нь миний багын мөрөөдөл байсан. Дөрвөн хүүхэд маань хичээнгүйлэн сурч, сайхан амьдрах боломж бүрдэнэ гэж итгэж байна. Бидний амьдралд азгүй явдал тохиолдож, ядуурч хоосорсон ч гэлээ зоригтойгоор урагшлах ёстой" гэжээ.  

Түүний энэхүү ярилцлага нийтлэгдсэний дараа Хятадын иргэд бүсгүйг ихээхэн сайшаасан байна. Тэд хэлэхдээ "Тэр бусад шиг хоосон гээд худлаа ярьж, хулгай хийгээгүй. Зүгээр сууж гуйлга гуйгаагүй. Хэдий хагацал гуниг, хүнд хэцүү зүйл тохиолдсон ч амьдралын төлөө шүд зуун тэвчиж бусдад хөдөлмөрөөрөө амьдрахын сайхныг харуулж байна" хэмээжээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: xinhuanet.com

chinanews

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх