Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ энэ оны хоёр дахь тэмцээн Израилийн Тель Авив хотноо Гранд Слам ангиллаар зохион байгуулагдаж байна. “Токио-2020” олимпийн наадмын эрхийн оноо олгох тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс эрэгтэй 248, эмэгтэй 174, нийт 422 жүдоч оролцож байгаа юм.
Энэ тэмцээнд манай улсаас ДАШТ-ий алт, хүрэл медальт Сайд Моллай хүч үзэж байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн -81 кг-ын жинд В хэсэгт хуваарилагдаж, эхний тойрогтоо гоц мөргөсөн. Улмаар хоёрын даваандаа Азербайжаны Зелим Чкаевтай учраа таарч өөрийн дархан өмсөх мэхээр хоёр вазари үнэлгээ авч цэвэр яллаа. Улмаар Европын АШТ-ий хүрэл медальт Италийн Антонио Эспозитог өмсөх мэхээр вазари үнэлгээгээр ялснаар хэсгийн аваргын төлөө шалгаран үлджээ.
В хэсгийн аваргын төлөө тэрбээр Гранд Слам, Гран При тэмцээнүүдийн аварга Германы Доминик Ресселийг вазари үнэлгээгээр яллаа. Түүнчлэн хагас шигшээд өнгөрсөн онд энэхүү тэмцээнийг Гран При байхад түрүүлж, “Мастерс”-ын хошой мөнгөн медальт ОХУ-ын Аслан Лаппинаговыг 3:20 минутад цэвэр ялсан байна. Одоо тэрбээр Ази-Номхон далайн орнуудын АШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Шарофиддин Болтабоевтай аваргын төлөө хүч үзэн ялагдснаар мөнгөн медаль хүртлээ.
эх сурвалж: Монголын Жүдо бөхийн Холбоо