etoim.mn
photos/USER_SCOPED_TEMP_DATA_orca-image-1381148677.jpeg

Монгол улсын Засгийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

 

Цахим орчинд иргэд амаржаад удаагүй эхэд УОК-ынхон дэндүү харгис, хэрцгийгээр хандлаа  хэмээн ихээхэн бухимдаж байгаа сэтгэгдлээ  илэрхийлсээр байгаа билээ. Улмаар өнөөдөр иргэд Д.Сүхбаатарын талбайд сайн дураараа нэгдэн Улсын Онцгой комиссыг огцрохыг шаардан цуглаж эхэлсэн юм. УОК-ыг огцорхыг шаардсан иргэд одоо хэр нь  үргэлжилж байгаа бөгөөд эсэргүүцлээ илэрхийлэн ирж байгаа иргэдийн тоо нэмэгдсээр байна.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас Улсын Онцгой комисс болон Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд хариуцлага тооцохоор болсон талаар эх сурвалжууд мэдээлсэн. Тэгвэл дөнгөж сая Монгол улсын шадар сайд Я.Содбаатар болон ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох хүсэлтээ өргөн барьж байгаа талаараа мэдэгдлээ. 

УОК-ын дарга Я.Содбаатар:  "Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж УОК-ын удирдлага огцорч байна. Өчигдрийн үйл явдалд гүнээ харамсаж, чин сэтгэлээсээ мэдэгдэл гаргасан юм. Шууд миний хариуцаж байсан асуудал биш ч гэлээ хүнлэг бус, сэтгэлгүй хүмүүс монголын төрд цөөн ч гэсэн байгаад харамсаж байна. Хариуцлагатай албанд томилсон Монгол Улсын Ерөнхий сайд, нийт ард иргэдээсээ уучлалт хүсэж байна. Хариуцсан салбар, даалгасан ажлыг чин сэтгэлээсээ зүтгэж гүйцэтгэлээ. COVID-19 цар тахлыг дотооддоо алдалгүй 10 сарыг бид өнгөрөөсөн. Үүний 5 сар нь шинэ Засгийн газрын ажил байсан. Алдаатай оноотой ч COVID-19 цар тахлын эсрэг тэмцсэн миний тэмцэл, манай багийн тэмцэл стратегийн том алдаа гаргаагүй гэдгийг цохон тэмдэглэе. Бид дэлхийд COVID-19 цар тахалтай хамгийн амжилттай тэмцэж буй таван улсын нэг болж байгаа.

Энэ хүнд цаг үед галын фронтод ажилласан эмч ажилтнууд, мэргэжлийн хяналт, онцгой, тагнуул, орон нутгийн онцгой комисст Монгол Улсын Засгийн газар, УИХ-д бас хамтран ажилласанд талархаж байна.

Албан тушаалаасаа огцорч байгаа өргөдлөө өнөөдөр хуулийн дагуу Ерөнхий сайдад хүргүүлж байна. Хуулийн дагуу шийдвэрлэх байх гэж бодож байна. Дахин нийт ард иргэдээсээ уучлал хүсэж байна" гэлээ. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:  "Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас ард иргэдээ сэргийлэхийн тулд хоёргүй сэтгэлээр зүтгэлээ. Үүний үр дүнд өнгөрсөн хугацаанд халдварын дэгдэлтийг хохирол багатайгаар даван туулсан. Эрүүл мэндийн салбарт олон жил бугшсан буруу тогтолцоог өөрчлөхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажиллалаа. Тодорхой үр дүн гарсан.

Эрүүл мэндийн салбарт 57 мянган ажилтан бий. Хэдхэн хариуцлагагүй хүний үйлдлээс болж, нийт салбарынхны хүчин зүтгэлийг үгүйсгэж болохгүйг хэлмээр байна. Эрүүл мэндийн сайдын хувьд албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад уламжлах болно" гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх