Өнөөдөр Улаанбаатар хотын Эмээлт орчимд 13:00 цагийн үед тэр хавьд амьдардаг иргэдэд чичирхийлэл мэдрэгджээ.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад , Тухайн үед сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс очиж холбогдох шалгалтыг хийхэд Их-Оч ХХК нь Мэргэжлийн хяналтын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр замын хайрга гаргаж авах зорилгоор холбогдох дүрэм журам, аюулгүй ажиллагааг хангасны үндсэн дээр тэсэлгээ хийсэн байна гэсэн юм.
Харин МХЕГ-аас дараах тайлбарыг бидэнд өгсөн юм. Тэдний мэдээлж байгаагаар, 2021.01.17-ны өдрийн 13:00 цагт Улаанбаатар – Дархан чиглэлийн замыг шинэчлэх алжын хүрээнд, МХЕГ-аас олгосон “Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглах хяналтын хуудас”-ын дагуу, “Ард капитал” ХХК-ийн захиалгаар тэсэлгээний ажил үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл бүхий “Их оч” ХХК Сонгино хайрхан дүүргийн 32-р хороонд замын хайрга, дайрга бэлтгэх зорилгоор замын трастын дагуу тэсэлгээ хийсэн байна.
Энэхүү тэсэлгээг хийхэд хууль, дүрэм журам зөрчигдөөгүй бөгөөд тухайн аж ахуйн нэгжээс Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны Засаг дарга, цагдаа зэрэг холбогдох байгууллагад урьдчилан мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн байна гэсэн юм.