Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/72ea3953-96ca-4771-8be9-c14eb0c9f096.jpeg

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.07) нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад 46 гишүүн ирцэд бүртгүүлснээр цахимаар эхлэв. Нэгдсэн хуралдаанаар эхлээд “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай” асуудал хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав.

 

Тус Байнгын хороо 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаараа “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүн томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Үндэсний зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурлаас нэр дэвшүүлж томилох нэг сул орон тоонд төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн нэр дэвшигчдийн талаар нууц санал хураалт явуулж шийдвэрлэсэн байна.

Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүний сонгуульт хугацаа дууссантай холбогдуулан Үндэсний зөвлөлийн гишүүдийг хуульд заасны дагуу чөлөөлж, томилж асуудлыг Улсын Их Хурлын 2020 оны 12 дугаар сарын 10-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд Жигжидийн Цэсэн, Гомбожавын Отгонбаяр, Маруушийн Уянга, Дамдины Цоодол, Мянганбуугийн Наранбаатар, Баасанжавын Ганболд нарыг Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилсон. Харин Үндэсний зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурлаас нэр дэвшүүлсэн нэр дэвшигч Чулуунбаатарын Батцэнгэл нь чуулганы нэгдсэн хуралдааны явцад нэрээ татсан тул МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлаас томилох нэг сул орон тоо гарсан. Иймээс Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг уг сул орон тоонд нэр дэвшүүлэхээр төрийн бус байгууллагуудаас 20 нэр дэвшигчийг санал болгосны дагуу нэр дэвшигчдийг нэгбүрчлэн танилцуулж, нууц санал хураалтыг санал хураах хуудсаар явуулахад нэр дэвшигч Дашигрэнцэнгийн Оюун-Эрдэнэ хамгийн олон санал авчээ. Нууц санал хураалтад Байнгын хорооны 15 гишүүн оролцсон байна.

Нэр дэвшигч Д.Оюун-Эрдэнэ нь сэтгүүлч мэргэжилтэй, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон бөгөөд Үндэсний зөвлөлийн гишүүнээр дахин томилуулахаар төрийн бус байгууллагаас нэрийг нь дэвшүүлжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлт, нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Т.Аубакир, Н.Алтанхуяг нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Дашигрэнцэнгийн Оюун-Эрдэнийг томилох санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 38 нь буюу 69.1 хувь нь дэмжиж, энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх