Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/135807843_744287836230532_8218244981905410280_n-6y9ymfk5q5u86m7kbw8byc3wflj0fhbe5sr1o7pwncw.jpg

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Мөнхбаярын Адъяабаатар сонины “Онцлох зочин”-оор уригдлаа. Тэрбээр Онцгой байдлын байгууллагын 2020 оны “Шилдэг удирдах ажилтан”-аар шалгарсан юм.

 Та бид хоёрын ярилцлага уншигчдад өөрийгөө хувь хүн талаас танилцуулахаас эхлэх нь зөв байх. Нутаг ус, аав ээжийн тухай яриа бол мөнхийн сэдэв юм даа?

– Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрсөн, айлын ууган хүү. Эцэг эхээс хоёулаа. Нэгдэл гэж байхад аав маань адуучин, ээж ямаачин хүн байлаа. Ийм л малчин удмын хүү дээ. Аав маань бөх барилддаг, аймгийн начин цолтой. Цэрэгт байхдаа Нууц товчооны 750 жилийн ойгоор Эрдэнэт хотод болсон наадамд барилдаад гурав давж байсан гэдэг юм. Бас морь уяна, эмнэг сургалтын спортын мастер хүн байсан.Сургууль төгсдөг жил аавыгаа алдсан. Аавын маань ах сайхан буурал бий, аавын минь орон зайг эзэлдэг хүн дээ. Бага нас маань бусдын адил хөдөө  малын зах дээр өссөн дөө. Цэцэрлэг, яслид явж үзээгүй. Сургуульд орохдоо тоолоод сурчихсан, тооны хичээлдээ сайн хүүхэд байсан. Дүүтэйгээ айраг их бүлдэг байсан нь тоо сурахад нөлөөлсөн байх. Дүү маань надаас хоёр насны зөрүүтэй. Одоо хөдөө малчин.

– Онцгой байдлын байгууллагын хэмжээнд удирдлагын баг харьцангуй залуужиж байна. Та тэдний нэг. Эрчтэй хүчтэй, зоригтой алхам, хийх бүтээх чин эрмэлзэл танай хамт олноос илт мэдрэгдэж байна. Дулаахан, сайхан уур амьсгал угтлаа. Бүтээн байгуулалтын олон ч ажил өрнүүлжээ. Хамт олны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд удирдлагын дэмжлэг, оролцоо, хандлага бас чухал байдаг байх гэж харж байна?

– Хамт олон маань намайг их сайхан хүлээж авсан. Би хамт олонтойгоо ярилцах дуртай. Онцгой байдлын байгууллагын зорилго, чиглэл хүртэл бусад төрийн байгууллагаас өөр. Бүгдээрээ яаж онцлог байх вэ, яаж бусдаас ялгарах вэ, аймгийнхаа хөгжилд яаж хувь нэмрээ оруулах вэ, залуучууд бид хийхгүй бол хэн хийх вэ гэж. Хамт олонтойгоо ярилцаад бодож төлөвлөсөн олон ажил бидний өмнө бий. Энэ орон нутагт байхгүй зүйлийг Онцгой байдлын газартаа хийж бүтээе, муу зуршилгүй, архи, тамхигүй хамт олон байя, аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг байх хэрэгтэй гэж хэлдэг юм. Жишээ нь дуу дуулах боллоо гэхэд хичнээн чаддаггүй  ч өөрийнхөө хэмжээнд тултал дуулах л хэрэгтэй. Тэр бол сэтгэл. Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байсан хурандаа О.Сайнхүү, Г.Буянтогтох, Л.Баярсайхан гээд олон сайхан даргатай хамтарч ажиллаж байлаа. Одоо ч надад түшиг болж, зааж зөвлөдөг. Я.Алтанхундага дарга маань надад нэг зүгт харсан, тогтсон сайхан хамт олон хүлээлгэж өгсөн, би азтай. Өдий зэрэгтэй явахад минь үе, үеийн дарга, удирдлага, хамт олон маань надад урам зориг, ташуур өгдөг. Төр засаг, удирдлагын зүгээс  Онцгой байдлын албыг бэхжүүлэх, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, техник хэрэгслээр хангахад их анхаарч ажиллаж байна. Бидэнд ажлаа муу хийх эрх байхгүй. Албаныхаа хөгжлөөс бид өөрсдөө хоцорч болохгүй, орчин үеийн багаж, техник хэрэгсэл ашиглаж байна, алдаа дутагдал гаргаж, хариуцлага алдаж болохгүй. Албаныхаа ариун сайхан буянд залбирч явдаг. Цэргийн байгууллагын хувьд ч захирах, захирагдах ёсны дагуу л явагдах ёстой. О.Сайнхүү хурандаагийн хэлсэн нэг үг санаанаас гардаггүй юм. Цэрэг хүний цаана эхнэр хүүхэд, гэр бүл нь байдаг юм шүү. Цэргийн байгууллага хэдий ч бид төрийн албан хаагч шүү. Эхнэртэй цэрэгтэй гэдгээ мартаж болохгүй гэж хэлдэг байсан. Алба хаагчдадаа урам, дэм өгөхийг хүсдэг. Өөрөө цэрэг байж үзсэн. Багаас нь явж ирсэн болохоор дарга надад юу гэж хэлбэл би урам зориг ордог байлаа гэж их боддог. Дулаахан, ая тухтай, таатай орчинд ажиллах, амьдрах нөхцөл боломжоор нь хангах ёстой. Тэр боломжийг нь бүрдүүлчихээд хүмүүст шаардлага тавих дуртай.

 Ингээд ярихаар таны хувьд Онцгой байдлын байгууллагад бас ч үгүй удаан ажиллажээ гэж харахаар байна. Ер нь цэргийн дарга болох эхлэл хэзээ тавигдсан юм бэ?

– Цогтцэцийдээ 8 жилээ, аймагтаа 10 жилээ дүүргэсэн. Миний суудаг байсан айлын хүргэн цэргийн сургууль төгссөн хүн байлаа. Сонсогч байхдаа гээд л цэргийн сургуулийн тухай гоё зүйл их ярина.  Бас аавын маань ах цэргийн хүн байсан. 10 жилд байхдаа л цэргийн хүн болох сонголтоо хийсэн дээ. Сайн ойлголтгүй хүн л ангийнхаа найзуудтайгаа нийлээд конкурс өгсөн. Тухайн үед хил, цагдаа гэж ялгалгүй бөөндөөд л шалгалт авдаг байсан. Найзууд маань нэг, хоёрт жагсаад хилийн албаны анги авчихлаа. Би гуравт жагсаад Хилийн цэргийн сургуульд орсон доо. Цэргийн сургууль сонгосон бас нэг шалтгаан нь малчин айлын хүүхдэд сургалтын төлбөрийн хүнд асуудал байлаа. Сургуулийн төлбөрөөс чөлөөлөгдөнө, дүрэмт хувцас өмсчихнө. Аав, ээжийгээ төлбөр гэж зовоохгүй,  өөрийнхөө хэмжээнд хөнгөн шийдчих санаа бас байсан байх /инээв/ 2006 онд төгсөөд Хилийн цэргийн 0166 дугаар анги Овоотын отряд Зам Бэлхийн заставт орлогчоор томилогдлоо. Баянхонгор, Өмнөговь аймгийн зааг нутаг алдарт  Сэгс Цагаан богд гэж Алтайн цаадах говийн цэнхэр уул нүдэнд харагддагсан.Томилогдоод нэг сар гаруй ажиллаж байтал эхнэр маань эргэж очлоо. Жирэмсэн, амаржих дөхчихсөн. Утас, цахилгаан, тог ч байхгүй ийм газар би байж чадахгүй гэж байна. Хоёулаа 10 аад хоног хамт байж байгаад эхнэрээ хүргэж  өгөхөөр хот орлоо. Тэгээд буцаж очоогүй. /инээв/. Тэгж яваад Онцгой байдлын байгууллагад ажилд орох боломж гарч, 2006 оны 11 дүгээр сард хуучнаар Аврах тусгай ангид сургалтын офицероор томилогдож байлаа. 2008 онд нутгаа зорьж, Онцгой байдлын газартаа салаан захирагч, байцаагч, хүний нөөц, орлогч хүртлээ ажилласан. Дарга, удирдлага дээрээс чиглүүлээд өгөхөд өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд  биелүүлээд л явж ирсэн. Өөрөө хамт олон удирдаад ирэхээр их зүйл бодогддог юм билээ. Удирдлага маань надад итгэл хүлээлгэж байхад алдаа дутагдал гаргаж болохгүй, хичээх ёстой. Ер нь аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй явахад хариу нь заавал ирдэг гэж боддог. Хамтран ажиллаж байсан удирдлага, хамт олныхоо итгэлийг алдахгүйг л их хичээдэг дээ.

 2006 онд Аврах тусгай ангид ажиллаж байсан гэхээр Ми-8 нисдэг тэрэгний осол болсон үе байна. Монголын ард  түмэнд ч том сургамж болж үлдсэн. Олон гэр бүл өнчирч үлдсэн.  Бидний хувьд ч мөр зэрэгцэн ажиллаж байсан олон хөвгүүдээсээ хагацсан. Хэнтэй нь илүү дотно найзалж нөхөрлөж байв?

– Ангийнхаа залуустай олон түймэрт хамт явсан. Бүгдтэй нь сайхан нөхөрлөдөг байлаа.  Үнэхээр харамсаад баршгүй. Анги цугларч, аранзны үзлэг хийгээд орой 24:00 цагт тарсан. Бороо орж хоносон. Өглөө анги дээр ирээд шөнө ирсэн бүрэлдэхүүнийг Сэлэнгийн түймэр рүү явуулсан гэдгийг мэдсэн. Онгоц осолдож, эрлийн бүхий л ажиллагааг анги зохион байгуулсан. Талийгаачдын цогцсыг үүрээд явж байх их хүнд байсан даа. Жижүүрт гарч байгаа бүрэлдэхүүн маань зулаа таслалгүй өргөж, тэднийхээ араас мөн ч их гашуудсан. Ахлах дэслэгч С.Дашбазар ахтай илүү ойр байсан. Бусдыгаа бодвол насаар ахимаг болохоор бидэнд үргэлж зааж сургаж, өөрийн ахаас өөрцгүй, сайхан хүн байсан. Хамтдаа инээж хөхрөөд, тогоотой хоолоо хувааж идээд гүйж явсан залуус маань олноороо харамсалтайгаар амь эрсдэхэд үнэхээр өр эмтрэнэ гэдэг юу болохыг тэгэхэд л мэдэрсэн дээ. Өмнөговь аймагт томилогдоод ирсэн хойноо ч эх орны хөвгүүдээ мөнхлөх нэг сайхан зүйл хийхсэн гэж дотроо бодоод л явдаг байлаа. Энд томилогдож ирээд удаагүй байж байтал комиссар  Д.Батбаатар даргыгаа энэ нутгийн хүн, Сайнцагаан сумынх гэж сонсоод амь эрсэдсэн баатарлаг эрсийнхээ гэгээн дурсгалд зориулан үйлс гавьяаг нь мөнхлөх, залуу хойч үедээ таниулах зорилгоор гэрэлт хөшөө бүхий хүндэтгэлийн талбайг өөрсдийн санаачлагаар бүтээсэн. Эх орныхоо төлөө халуун амиа өргөсөн тэр залуусын гавьяаг мартах учиргүй, хойч үедээ үргэлж сануулж байх ёстой. Дурсгал, хүндэтгэлийн талбайн нээлтийн арга хэмжээнд талийгаачийн гэр бүлийнхэн ирж оролцсон. Ээжид нь та эх орны хүү төрүүлж өсгөсөн шүү гэж хэлэхэд их баярласан. Өндөр сэтгэгдэлтэй буцацгаасан. Бид Онцгой байдлын газрыг Д.Батбаатар агсны нэрэмжит болгох асуудлыг судалж байна.

-Та хамгийн сүүлд хэзээ ээж дээрээ очив?

– Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар ээж дээрээ очиж, үнсүүлээд ирсэн. Ажил гэж явсаар ээждээ очилгүй зургаан сар болчихсон байсан. Ээж маань дүүтэй хамт хэдэн малаа маллаад үнээгээ саагаад л нутагтаа амьдарч байна. Цөөхүүлээ болохоор бие биенээ их санана аа. Өвөг дээдсийн маань буян заяа түшиж, эрүүл саруул, элэг бүтэн явна даа.

 Хөдөөний хүүхэд морь унаж өссөн нь мэдээж. Морь сонирхоно биз. Ажлын өрөөнд тань чамгүй олон морины зураг, баримал байна. Хобби  юу?

        – Сонирхоно оо. 4 настайгаасаа 8 дугаар анги хүртлээ хурдан морь унасан. Ер нь мал ахуйд дөртэй. Өвөөгийн маань бор азарга гэж алдартай хурдан хүлэг байлаа. 13 удаа түрүүлсэн. Хурдан бор азарганы удам дүү бид хоёрт үлдсэн. Хурдан борд маань зориулсан Т.Батсайхан гавьяатын дуулдаг дуу хүртэл байдаг юм. Аймгийнхаа 60 жилээр би зургаан настай байхдаа өөрийнхөө даагыг унаад айрагдуулж байлаа. Намайг гар дамжуулж шидээд л бөөн баяр хөөр болж байсан санаанаас ер гардаггүй юм. Миний хар морь 2019 онд улсын наадамд есөөр давхисан. Хурдан буяныхаа ачаар нутаг усныхаа, аавынхаа, өөрийнхөө нэрийг гаргаж их баярласан. Бас л омогшил шүү дээ. Сүхбаатар аймгийн Асгат сумын угшилтай адуу. Бүсийн наадамд айрагдаж түрүүлсэн.

Алдарт уяачийн болзлыг хангахад хэр ойрхон явж байна даа ?

– Өө тэр яахав дээ. Алдар цолны болзлын тухайд бол  хангачихаад байгаа. /инээв/ Уяж, хурдлуулсан хүлгүүд маань аймаг, орон нутгийн хэмжээнд 10 гаруй удаа айрагдсан. Найз нөхөдтэйгээ нийлээд монгол морины өв соёлыг тээгээд явж байна. Хөвгүүддээ өвлүүлж, энэ өв соёлыг үлдээхийг зорьдог.  Дүү маань аймгийн алдарт уяач. Бор морь нь ч хурдан. Сүүлийн үед үхрийн үүлдэр угсаа их сонирхож байна. Нэг сайхан жүчээ, жижигхэн байшин  барьчихаад нутагтаа амар жимэр амьдрана даа гэж ирээдүйгээ төсөөлдөг. Хөдөө хээр тал үнэхээр сайхан. Уул овоондоо гарч, байгальтайгаа ойр байх их дуртай. Эх орон минь амар амгалан байгаасай гэж сүжиглэн залбирах сайхан.

 Хөдөө орон нутагт хаана ч очсон алба хаагчид маань тохитой, дулаан орон сууцанд амьдарч, ажиллах орчин нөхцөл сайжирч байгааг харах сайхан юм. Дундговь аймгийн Онцгой байдлын газар гэхэд орон сууцны хоёр ч барилга барьж алба хаагчид эхнээсээ байрандаа орсон байнаТаны дээр хэлсэн боломжийг нь бүрдүүлчихээд шаардлага тавих дуртай гэсэн үг сайхан санагдлаа. Байртай болсон алба хаагчид баярласан сэтгэлээ хэрхэн илэрхийлдэг вэ?

– Миний энэ цаг үед удирдлагаар нь ажиллаж байгаагийнх аймагтаа, хүндээ үлдэх,  алба хаагчдын амьдрал ахуйд нь нэмэр болох зүйл хийхийг л зорьж, хичээж байна. Зах зээлийн үнээс доогуур, 30 орчим сая төгрөгтэй байхад 45 м2 хоёр өрөө байртай болж байна. Албандаа хоёр өрөө байртай болсон. 12 дугаар сардаа багтаан хоёр дахь байраа ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 40 айлын гал голомтыг шинээр асааж, ар гэртээ санаа зовох зүйлгүй, үр хүүхэд нь тав тухтай орчинд өсч хүмүүжиж байгаад баяртай байна. Залуучууд маань ажил дээр бол сэтгэл хөдлөлөө нэг их ил гаргаад байдаггүй. Харин орой, ажил тарсан хойно гар утас руу Даргаа, баярлалаа гээд мессеж явуулна аа.

Биднийг Дундговь аймгийн Онцгой байдлын газарт томилолтоор ажиллах үеэр газрын орлогч нийслэлд болох албаны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох багаа  аваад бэлтгэлд гарчихсан эзгүй байлаа. Энэ айлын өнгө гэрэлтэй, гэгээтэй, дулаахан, дотно. Залуус нь хоорондоо эвтэй, хийх бүтээх чин хүсэл, эрмэлзлэлээр дүүрэн, нэг л “ассан”, гялалзсан атлаа говийн хүмүүсийн зан чанар ч юм уу, цаанаа нэг тавиухан, инээд алдсан, сайхан энергитэй хамт олны дунд нэгэн өдрийг өнгөрөөлөө. Д.Адъяабаатар даргын хэлснээр нэгэн зүгт харсан, тогтсон сайхан хамт олон аж. Ард иргэдээ болзошгүй аюул, ослоос авран хамгаалах үүргээ нэр төртэй гүйцэтгэн ажиллахын зэрэгцээ аймгийнхаа хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж, шинийг сэтгэж, бүтээлч байхыг зорьдог Энх цагийн баатруудын маань ариун үйлс нь үргэлж өөдрөг гэгээн байх болтугай.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх