Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/жудо.jpg

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны 2021 оны анхны тэмцээн болох Катар улсын Доха хотноо дэлхийн шилдэг жүдочид хүч, ур чадвараа сорино. Тус холбооны цуврал тэмцээний “World Masters - Doha 2021” нэгдүгээр сарын 11-13-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

“Ковид-19” цар тахлын улмаас олимпын оноо олгох тус тэмцээнд 5 тивийн 69 орны 398 жүдочид /эрэгтэй 216, эмэгтэй 182/ 3 өдрийн турш эрэгтэй 7, эмэгтэй 7 жинд өрсөлдөнө.

Жин тус бүрийн дэлхийн чансааны эхний 32-д эрэмблэгддэг жүдочид оролцох энэ удаагийн Доха Мастерс тэмцээн цар тахлын тархалтын улмаас олимпын оноо олгох сүүлчийн тэмцээн байх магадлал маш өндөр байгаа юм байна.

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, эрэгтэй жүдочдоос 60 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин /МУГТ/ Д.Амартүвшин, ОУХМ Л.Өнөболд, 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн, ОУХМ Ё.Басхүү, 73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар, МУГТ Г.Одбаяр, 81 кг-д С.Моллай, ОУХМ О.Ууганбаатар, 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана +100 кг-д ОУХМ Ө.Дүүрэнбаяр хүчээ сорино. Харин эмэгтэй тамирчдаас 48 кг-д МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг, 52 кг-д ОУХМ Л.Сосорбарам, ОУХМ Б.Хорлоодой, 57 кг-д Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумъяа, 63 кг-д ОУХМ Б.Ганхайч нар барилдана.

Үндэсний шигшээ багийн Ахлах дасгалжуулагч МУГТ, МУГД Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, дасгалжуулагч ОУХМ Ч.Болдбаатар гэсэн бүрэлдэхүүнтэй Катарын Дохаг зорих гэж байна.

Харамсалтай нь эрэгтэйчүүдийн -100 кг жинд зодоглох байсан дэлхийн аваргын хүрэл, Азийн наадмын хошой хүрэл медальт ОУХМ Л.Отгонбаатар бэртлийн улмаас Доха Мастерст зодоглох боломжгүй болжээ.

Олимпын оноо олгох Доха Мастерс тэмцээнд Монгол жүдо бөхийн холбооны үндэсний шигшээ багийн тамирчдыг оролцуулах асуудалд зөвшөөрөл олгож, сэтгэл гарган тусалсан Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир спортын улсын хороо, Хүнни Эйр компани, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагууд хамт олонд баярлаж талархснаа илэрхийлж, амжилтаар хариу барихыг хичээх болно гэж Монголын Жүдо бөхийн Холбооноос өөрсдийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх