Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/2e561ddc-cff4-462e-9754-9ae4d0acd44f.jpg

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.22) хуралдаан 09 цаг 28 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, зургаан асуудал хэлэлцэв. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сэргэлэн  танилцуулсан.

Тус танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт тайлбар авсан юм. Тухайлбал, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцсөнөөр Монгол Улсаас хилийн чандад суугаа дипломат төлөөлөгчийн газарт визийн асуудал эрхэлсэн ажилтныг томилж, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхээр заасан төслийн 9.4.1 дэх заалт, мөн хилийн чанадад ажиллах виз мэдүүлгийн төвийн байршлыг тогтоох, сонгон шалгаруулах, гэрээ байгуулна. Визийн мэдүүлгийг виз мэдүүлгийн төвөөр дамжуулан авна гэсэн 9.4.2 дахь заалтуудын талаар тодрууллаа. Хууль зүй, Гадаад хэргийн сайд нар зөвшилцсөний үндсэн дээр ГИХГазрын мэргэжилтнүүдийг дипломат албанд элсүүлэн, консулын ажилтан болгон визийн өндөр ачаалалтай зарим нэг газар виз хариуцан ажиллуулах бололцоог нээх нь зүйтэй хэмээн дээрх зохицуулалтыг төсөлд тусгасан талаар Ц.Мөнх-Оргил гишүүн тайлбарлалаа. Эл зохицуулалт гарцаагүй хэрэгцээтэй газрууд буюу цөөн тооны газруудын талаар ярьж байгаа гэдгийг тодотгосон. ГИХГазрын мэргэжилтнүүдийг дипломат албанд элсүүлэн, консулын ажилтан болгох талаараа сайтар анхаарах, түүнчлэн “гарцаагүй өндөр ачаалалтай газар”-ын талаар төсөлдөө маш тодорхой тусгах саналыг тэрбээр хэлж, дагалдах эрсдэлийн талаар санал хэлж байв.

    Монгол хүүхдийг гадаадад үрчлүүлэхтэй холбоотой тодруулсан гишүүний асуултад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж хариулт өглөө. Төслийн 40.1.6-д “Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх шийдвэр гаргах;” хэмээн тусгасан байгаа бөгөөд ингэснээр ГИХГазрын чиг үүрэг дээр нэмж тусгах юм байна. Одоо дээрх асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарын хамтран баталсан журам, зарим асуудлыг нь Гэр бүлийн тухай хуулиар зохицуулж ирснийг ийн өөрчилж байгаа гэв. АНУ-д 156, ХБНГУ-д 35, БНИтали Улсад 22 гэх зэргээр Монгол Улс 1999 оноос өнөөдрийг хүртэл 272 монгол хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх шийдвэр гаргаж байна. Энэ онд Монгол Улсын харьяат 1 хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх шийдвэр гаргасан байна. Хяналт тавих асуудлыг ГИХГазар хариуцдаг бөгөөд хүүхэд үрчлүүлэх асуудлыг олон улсын Гаагийн конвенцд нэгдсэн, итгэмжлэгдсэн байгууллага хариуцан ажилладаг байна. Тухайн улсын нийгмийн ажилтан 0-3 хүртэлх насны хүүхдийн талаарх тайланг жилд 2 удаа,  4-9 хүртэлх насны хүүхдийн талаарх тайланг жил бүр,  9-16 хүртэлх насны хүүхдийн талаар тайланг 2 жил тутам ГИХГазарт хүргүүлдэг байна. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 37.9 албадан гаргахтай холбоотой зохицуулалтын талаар үг хэлж, бодит нөхцөл байдал дээр үүсдэг бэрхшээлийн талаар мэдээлэл өгсөн юм. Төслийн дээрх зохицуулалтыг хуульчилснаар гадаадын иргэдийн албадан гаргах боломжгүй болно гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Тус асуулттай холбогдуулан ажлын хэсгээс хариулт, тайлбар өгөв. Гадаадын иргэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал 12 үндэслэлээр албадан гаргах зохицуулалт өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилдэг. Үүний нэг буюу оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, эсхүл түр ирэгч визийн хугацаа хэтрүүлсэн хоёр тохиолдолд ар гэрийн гачигдал, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон, тухайн улсдаа очоод эрүүдэн шүүгдэх нөхцөл байна хэмээн үзвэл улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслээд ерөнхий байцаагч буюу ГИХГазрын дарга албадан гаргах эсэхийг шийдэх юм байна. Өмнө гарсан тодорхой тохиолдлууд гарсны үндсэн дээр хуульд зохих өөрчлөлтийг оруулах шаардлага үүссэн гэв.  

    Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх