Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/C7A2018_1-545x600.jpg

Монголын Хүүхдийн ордны авьяаслаг сурагч Цэрэнпунцагийн Цогбадрахын “Эхлэл” нэртэй уран бүтээлийн бие даасан тоглолт аравдугаар сарын 27-ны өдөр Монголын Хүүхдийн ордонд болох гэж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Нийслэлийн Баянгол дүүргийн “Хүрээ-Тулга” бүрэн дунд сургуульд үеийнхнээ манлайлан тун ч амжилттай суралцдаг түүний хувьд урлаг, соёлын арга хэмжээнд идэвхи зүтгэлтэй оролцож, бага наснаасаа маш олон амжилтын эзэн болсон тэргүүний сурагчдын нэг юм. Нийслэлийн хүүхэд залуучуудын газрын “Эрдэм“ алтан медаль, Монголын хүүхдийн ордоны Эрдэм Алт, Мөнгө, Хүрэл медаль, Монголын Сурагчдын Холбооны дээд шагнал “Таван онцын эзэн” медаль, “Баянгол” дүүргийн шилдэг хүүхэд, 2015 оны “Алтанцом” урлагийн улсын наадамд тэргүүн байр зэрэг тоочоод барамгүй олон шагналын эзэн авьяаслаг хүүг UBS телевизийн “Үл мэдэх цэцэгхэн хотхонд”, Монголын үндэсний телевизийн “Цоглог”, “Тунгаамал” хүүхдийн нэвтрүүлэг, ТВ-9 телевизээс  зохион явуулдаг “Гэгээн алсын одод- 2014, 2015 Монгол туургатны их наадам”-ын хөтлөгчийн үүргийг гүйцэтгэж байснаар нь уншигч та бүхэн тодхон санаж буй биз ээ. Ингээд түүнтэй тоглолтынх нь бэлтгэл ажлын заваар хэсэг хугацаанд ярилцсанаа хүргэж байна.     Сайн байна уу, өөрт чинь энэ өдрийн мэндийг хүргэе. Удахгүй болох тоглолтынхоо тухай яриагаа эхлүүлэе гэж бодож байна.   Баярлалаа, энэ өдрийн мэндийг хүргэе. Би энэ сарын 27-нд өөрийнхөө уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байна. Тоглолт маань Монголын Хүүхдийн ордонд болно. Би өөрөө Монголын Хүүхдийн ордны драмын дугуйланд арван нэг дэх жилдээ суралцаж байна. Энэ хугацаандаа юу сурч мэдсэнээ тайлагнаж байгаа гэж хэлэхэд болно.     Урлаг хүнээс их авьяас чадвар, хичээл зүтгэлийн аль алийг шаарддаг шүү дээ. Өөрийн тань хувьд яагаад урлагийн чиглэлээр авьяасаа хөгжүүлэх болсон бэ?   Намайг таван настай байхад ээж маань Монголын Хүүхдийн ордны драмын дугуйланд дагуулж ирж байсан. Түүнээс хойш тоглолтод оролцож, кинонд дүр бүтээх зэргээр авьяасаа хөгжүүлж байлаа. Ингэснээр би урлагт хайртай болох эхлэл маань тавигдсан болов уу гэж боддог. Одоо би жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй болсон.     Тоглолтоо яагаад “Эхлэл” гэж нэрлэсэн бэ?   Тоглолтынхоо бэлтгэл ажилд орсныхоо хэсэг хугацааны дараагаар нэрээ өгсөн лдөө. Нэрний хувьд маш их бодох хэрэгтэй болсон. Эцэст нь “Эхлэл” гэдэг нэрийг сонгосон юм. Яагаад гэвэл аливаа зүйлийн эхлэл гэдэг амжилтанд хүрэх хамгийн зөв зам байдаг учраас би тоглолтын нэрээ ийнхүү бодож өгсөн. Мөн хүүхэд, багачууд маань ч гэсэн өөрийнхөө хүсэж мөрөөдөж байгаа зүйлээ одооноос эхлээрэй гэж зөвлөж байна.     Жүжиглэхээс гадна өмнө нь хүүхдийн холбогдолтой олон арга хэмжээ, тэмцээн уралдааныг хөтөлж байсан санагдаж байна. Өөрөө ч маш олон шагналын эзэн болж байсан шүү дээ. Мөн дэлгэцийн бүтээлүүдэд дүр бүтээж байсныг тодхон санаж байна, сэтгэлд хамгийн ойр дүрийнхээ тухай хуваалцаач?   Би анх 2012 оноос эхлээд Монголын Хүүхдийн ордны дугуйлангуудын бүх тайлан тоглолтыг хөтөлж эхлэсэн. Хамгийн анх “Уран жиргээ” наадмыг хөтөлж байлаа. Үүнийхээ дараагаар өөрийгөө сорьж үзэх хүслээр “Уран жиргээ” наадамд Б.Догмидын “Оосор бүчгүй орчлон” өгүүллэгээр оролцоод Гран При шагналыг авсан. Хөтөлсөн зүйлүүдийн маань хамгийн том зүйлсийн нэг бол “Гэгээн алсын одод” Хүүхдийн урлагийн их наадам байсан. Энэ наадмыг хөтөлснөөрөө өөрөө ч маш их зүйл сурч мэдсэн гэж бодож байгаа. Тоглосон кинонуудаасаа дурьдвал “Амьдралд тавтай морил” олон ангит киноны Төгсөөгийн бага насны дүрд, “Чи итгэхгүй лдээ” киноны Анарын бага нас, “Хувь тавилангийн ээдрээ” олон ангит киноны Тэмүүжингийн бага насны дүрд гэхчлэн цөөнгүй уран бүтээлд оролцон  тоглосон.     Тоглолтынхоо үеэр өөр олон талын авьяасаа харуулна гэж бодож байна. Цогбадрахын хувьд жүжиглэх, хөтлөлт хийхээс гадна ямар авьяастай вэ?    Би урлагийн хүн болно гэж боддог учраас бусад бүх төрлийн авьяасд цогц суралцая гэсэн хүсэлтэй явдаг. Тоглолтынхоо үеэр мэдээж өнгөрсөн хугацаанд өөртөө бий болгосон бүхнээ үзэгчиддээ тайлагнана гэсэн зорилготой байна даа.     Тоглолт зохион байгуулагдахад уран бүтээлийн болон арын асуудлыг хариуцсан дэмжлэг их хэрэгтэй. Энэ тоглолтын хувьд дэмжлэг үзүүлж байгаа хүмүүсээ дурьдвал? Мөн тэдэндээ биднээр дамжуулан талархлаа илэрхийлж болно шүү дээ.   Тэгэлгүй яахав, маш олон хүмүүс тоглолтод маань бие сэтгэлээ зориулан туслаж байна. Хамгийн түрүүнд баярласан сэтгэлээ илэрхийлэх хүмүүс бол аав, ээж хоёр маань. Мөн Монголын Хүүхдийн ордны драмын дугуйлангийн багш, СТА Ө.Нямсүрэн болон Монголын Хүүхдийн ордны хамт олон маань их дэмжиж байгаа. Түүнчлэн “Нару” фото зургийн студи, “Sound of Mongolia” зэрэг байгууллагууддаа баярлаж байгаагаа хэлмээр байна. Бас миний найзууд надад их тусалж байгаа. Тоглолтынхоо дараа найзуудтайгаа хамт уран бүтээл хийхээр төлөвлөсөн байгаа. Энэ тоглолт миний цаашдын уран бүтээлийн эхлэл болж байгаагаараа онцлог юм.     Өмнө нь өөрөө тоглолт болон арга хэмжээг хөтлөн явуулдаг байсан бол энэ удаад өөрийнхөө тоглолтыг хэн нэгнээр хөтлүүлэх нь ээ. Нууц биш бол “Эхлэл” тоглолтыг хэн хөтлөн явуулах гэж байна?   Тийм шүү, мэдээж би өөрийнхөө тоглолтыг хөтлөхгүй нь мэдээж. Гэхдээ би үзэгчиддээ гэнэтийн бэлэг барих үүднээс зарим зүйлсээ нууцлахыг хүсэж байна. Тоглолт үзэхээ ирэхдээ бэлдсэн бүх зүйлсийг минь шимтэн үзэж, урам хайрлаасай гэж хүсэж байна. Мөн бусад тоглолтыг бодвол найруулга, зохион байгуулалт сайтайгаар бэлтгэгдэж байгаа болхоор тоглолтынхоо бэлтгэл ажилд ч сэтгэл хангалуун байгаа.     Хүн болгонд зорьсон зорилго, түүндээ хүрэх гэсэн тэмүүлэл, ирээдүйгээ сайхнаар харах төсөөлөл гэж байдаг. Чиний хувьд ирээдүйд өөрийгөө Монголын урлагийн орон зайд хэрхэн төсөөлж хардаг вэ?   Хүний төсөөлөл бол хязгааргүй. Би өөрийгөө магадгүй 10-20 жилийн дараа сайн жүжигчин болчихоод, хувийн болон хамтын уран бүтээлийг маш их хийсэн хүн байх болно гэж боддог. Хүн хамгийн сайн нь болно л гэж хичээдэг, би ч бас өөрийгөө олондоо хүндлэгдсэн сайн уран бүтээлч болно гэдэгт эргэлздэггүй.     Ярилцсанд баярлалаа, ирээдүйн уран бүтээл болон тоглолтод нь амжилт хүсье.   Баярлалаа, та бүхэнд ч бас амжилт хүсье

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх