Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/IMG_4636.jpg

Санхүүгийн зохицуулах хороо 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 12:00 цагт хэвлэлийн бага хурал зохион байгуулан санхүүгийн салбарын 2020 оны эхний хагас жилийн тойм, хөрөнгийн зах зээл дээр хийгдэж буй онцлох ажлууд болон мөнгө угаах болон терроризмтой тэмцэх  талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар товч танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Санхүүгийн салбарын 2020 оны эхний хагас жилийн тойм

Санхүүгийн зохицуулах хороо нь зохицуулалт хяналтынхаа чиг үүргийн хүрээнд 2020 оны хагас жилийн байдлаар нийт 2854 зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллалаа.

Коронавирус /COVID-19/-ын нөлөөллийн улмаас  хөрөнгийн зах зээлийн голлох үзүүлэлтүүд буурсан  байна. Тухайлбал, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.9 хувиар буурч 2503.5 тэрбум төгрөгт хүрч, 2019 оны жилийн эцсийн ДНБ-ий дүнд харьцуулахад 6.8 хувьтай тэнцэж байна. Түүнчлэн ТОП-20 индекс өмнөх оны мөн үеийн байдлаас 4577 нэгжээр буурч 16208 хүрсэн.

Түүнчлэн энэхүү цар тахлын улмаас ачааны даатгал, гадаад зорчигчдын гэнэтийн ослын даатгал, агаарын хөлгийн даатгал зэрэг хил дамнасан үйл ажиллагаатай холбогдох даатгалын бүтээгдэхүүнүүдийн хураамжийн орлого ихээхэн буурсантай холбоотойгоор ердийн болон урт хугацааны даатгалын нийт хураамжийн орлого өмнөх оны мөн үеэс  8.5 хувиар буурч 94.8 тэрбум төгрөгт, давхар даатгалын хураамж өмнөх оны мөн үеэс 26.5 хувиар буурч 24.8 тэрбум төгрөгт хүрч, даатгалын салбарын гол үзүүлэлт болох гүнзгийрэлт 0.07 пунктээр буурч 0.57 хувьтай байна.

Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 19.2 хувиар өсөж 1.3 их наяд төгрөгт хүрсэн. Коронавирусын нөхцөлтэй холбогдуулан холбогдох журамд өөрчлөлт оруулсны үр дүнд зээлийн өрийн үлдэгдлийн 86.5 хувийг хэвийн зээл, 4.8 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 8.7 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байгаа бөгөөд зээлийн сарын жигнэсэн дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.4 пунктээр буурч 2.9 хувьтай болсон.

Энэхүү нөхцөл байдалтай уялдуулан ХЗХ-ны зохицуулалтын холбогдох журамд ч өөрчлөлт оруулсны үр дүнд ХЗХ-дын нийт зээлийн үлдэгдлийн 92.6 хувийг хэвийн зээл, 3.1 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 4.3 хувийг  чанаргүй зээл эзэлж байна. Хоршооны гишүүдийн мөнгөн хадгаламжийн сарын жигнэсэн дундаж хүү 1.5 хувьтай, зээлийн хүү 2.9 хувьтай байна.

Хөрөнгийн зах зээл дээр хийгдэж буй онцлох ажлын хүрээнд

 “Төлбөрийн эсрэг нийлүүлэлт/T+2” горимд шилжүүлэх шийдвэрийг гаргаж,  энэхүү горимд шилжсэнээр хөрөнгө оруулагчид өөрийн эрсдэлийг үнэлүүлсний үндсэн дээр 100 хувийн эх үүсвэрээ байршуулалгүйгээр тодорхой өөрийн эрсдэлд уялдсан байдлаар захиалгын дүнгийн 30 хувь хүртэл бууруулсан хэмжээгээр эх үүсвэр байршуулан захиалга өгч арилжаанд оролцох, захиалга биелсэн нөхцөлд үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх боломж бий болохын зэрэгцээ, дэд бүтцийн байгууллагууд брокер, дилерийн компаниудаас авдаг шимтгэл хураамж буурах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Цар тахлын нөхцөлтэй уялдуулан хувьцаат компаниудын ногдол ашгийг түргэн шуурхай, хувьцаа эзэмшигчдэд чирэгдэл багатайгаар хуваарилах үүднээс ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоож зөвхөн эрх бүхий байгууллага болох Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан тараах шийдвэрийг гаргаж хувьцаат компаниудад үүрэг болгосноор хувьцаат компаниуд жил бүр өөрийн байранд ногдол ашгийг тараах явдал зогсож, хувьцаа эзэмшигч нэг удаа үнэт цаасны данс нээлгүүлж, мөнгөн гүйлгээ хийх дансаа баталгаажуулснаар орон зай харгалзалгүйгээр өөрийн харилцдаг банкнаасаа ногдол ашгаа авч, цаашлаад энэ дансаараа дамжуулан арилжаанд оролцох, эргээд хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах боломж бүрдсэн.

Түүнчлэн бодлогын арга хэмжээнүүдийн хүрээнд өмнө нь батлагдаад хэрэгжүүлэх шатанд засах шаардлага нөхцөл үүсээд байсан хоёр журмыг зах зээлийн бодит нөхцөл байдалд нь уялдуулан зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн байгууллагуудын санал, олон улсын зарчимд нийцүүлэх замаар өөрчлөлтүүдийг орууллаа.

Мөнгө угаах болон терроризмтой тэмцэх  талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд

ФАТФ-ын 2019 оны 10 дугаар сарын ээлжит хурлаар Монгол Улсыг МУТСТ стратегийн дутагдалтай улс орны жагсаалт буюу “Саарал жагсаалт”-д оруулж, 4 шууд хэрэгжилт 6 ажлын хүрээнд 2021 он хүртэл хийж хэрэгжүүлэх ажлын даалгавар өгсөн. Монгол улс нийт 2 удаагийн явцын тайлан болон Хамтарсан бүлэгтэй уулзсаны үр дүнд өгөгдсөн үүргүүдийн ихэнхийг биелүүлсэн үнэлгээ авч “Саарал жагсаалтаас” гарах нөхцөл бүрдсэн бөгөөд Хамтарсан бүлэг Монгол Улсад ирж газар дээрх хяналт шалгалт хийснээр эцсийн үнэлгээ гарч ФАТФ-ын дараагийн ээлжит хурлаар шийдвэрлэгдсэний дараа МУТСТ стратегийн дутагдалтай улс орны жагсаалтаар гарах боломжтой болох юм.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Мөнгө угаах болон терроризмтой тэмцэх тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт орсноор Хорооны тусгай зөвшөөрөлтэй зохицуулалтын салбарт шинээр үл хөдлөх хөрөнгө зуучлал болон үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч этгээдийн үйл ажиллагаа хамаарах болсонтой холбогдуулан шинээр холбогдох журмуудыг батлан ажиллаж, 103 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 275 хувь хүн, хуулийн этгээд тусгай зөвшөөрлийг олгож, бүртгэлжүүлээд байна.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх