Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/103813651_610529822893287_7261097239631101606_n.jpg

Урин дулааны цаг эхэлж, иргэд аялал зугаалгаар явах нь ихсэж байгаатай холбогдуулан орон байрны хулгайн гэмт хэргийн гаралт ихээр үйлдэж болзошгүй байгаа талаар цагдаагийн газраас сэрэмжлүүлсээр байгаа билээ. Энэ талаар бид Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишигтэй ярилцлаа.

- Манай улсад орон байрны хулгайн нөхцөл байдал ямар байна вэ, тоо баримт дурдвал?

- 2020 оны зургаадугаар сарын байдлаар улсын хэмжээнд 3856 хулгайлах төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн бол өмнөх жилийн мөн үед энэ тоон үзүүлэлт 4962 үйлдэгдэж бүртгэгдсэн. Энэ нь 1106 нэгжээр буюу 22,3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа хулгайн гэмт хэргийн дийлэнх хувийг Улаанбаатар хотод үйлдэгддэг.

Нийслэл Улаанбаатар хотын хувьд авч үзвэл 2020 оны эхний хагас жилд 9064 гэмт хэрэг бүртгэгдсэний 2795 буюу 30.8 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Урьд оны мөн үеийнхээс 854 хэргээр буюу 23.4 хувиар буурсан.  Хулгайлах гэмт хэргийн 2463 буюу 88.1 хувийг хувийн өмчийн хулгай, 225 буюу 8.1 хувийг халаасны хулгайн гэмт хэрэг, 46 буюу 1.6 хувийг мал хулгайлах, 69 буюу 2.5 хувийг авто тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг байна

Үүнд цагдаагийн байгууллагаас ард иргэддээ сэрэмжлүүлэг мэдээллийг байнга өгч, түгээж ажиллаж байна. Мөн хэвлэл, мэдээллийн байгууллага та бүхний хамтын оролцоо, туслалцаа дэмжлэг, голлох үүрэгтэй байдаг.

- Ямар хүчин зүйлс орон байрны хулгайн гэмт хэрэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг вэ?

- Иргэдийн санамсар болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлүүд болон тэдний нэгдсэн зохион байгуулалтгүй байдал нь энэ төрлийн гэмт хэрэгт өртөх эрсдэлийг дагуулдаг. Мөн оршин сууж байгаа байр, гэр, гудамжны ойролцоо камер эсвэл дохиоллын систем хангалтгүй байдгаас орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэх  эрсдэл нэмэгддэг.

Түүнчлэн баяр наадам болж иргэд хөдөө гадаа явж аялж, амарч зугаалахаар тодорхой хугацаанд орон гэрээ удаан хугацаагаар эзэнгүй, хараа хяналтгүй орхиж явснаас хулгайд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Цахим сүлжээ их хөгжсөн өнөө үед иргэд өөрсдийгөө энд явж байна, тэнд явж байна, ийм газар, тийм зүйл үзээд явж байна гэх мэтээр өөрсдийнхөө хаана байгааг олон нийтэд дэлгэж нийтлэх үзэгдэл их болсон. Энэ нь заримдаа гэмт этгээдүүдэд өгөөш болж өгдөг.

Одоо үед хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд нарийн зохион байгуулалтад орсон. Тэд хулгай хийх айлуудаа тодорхойлж, сайтар судалсны үндсэн дээр эл гэмт хэргээ үйлдэж байна. Жишээлбэл, 2019 онд цагдаагийн байгууллагаас орон байрны гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг барьсан байдаг. Тэдний ярьж байгаагаар энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхдээ цахим олон нийтийн сүлжээг ашигласан байдаг. Бүгд хийж гүйцэтгэх үүргээ тодорхойлж, нарийн зохион байгуулалтад орсон байсан.

- Орон байрны хулгайн гэмт хэргийн гаралт хотын аль хэсэгт түлхүү үйлдэгддэг вэ, илрүүлэлт хэдэн хувьтай байдаг вэ?

- Улсын хэмжээнд авч үзвэл, энэ төрлийн гэмт хэргийн гаралтын дийлэнх хувь нь Нийслэл Улаанбаатар хотод үйлдэгддэг. Улаанбаатар хот дотроо аваад үзэхээр, Нийслэл хотын захын дүүргүүдийн гэр хорооллоор орон байрны хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж, бүртгэгдсэнийг статистик дүн мэдээ харуулж байна. Улсын хэмжээнд илрүүлэлтийн хувийг авч үзвэл, орон байрны хулгайн үйлдэгдсэн гэмт хэргийн 50-с илүү хувийг халуун мөрөөр нь илрүүлсэн тоо баримт байдаг. Илрүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.3 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан.

- Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэхэд хүндрэлтэй зүйлс байдаг уу?

- Аливаа гэмт хэргийг гарсан даруйд нь мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулбал хэргийн илрүүлэхэд давуу тал болдог л доо. Гэтэл иргэд орон байраа удаан хугацаагаар, хараа хяналтгүй орхиж явснаас болоод гэмт хэрэг үйлдэгдсэний 14-21 хоногийн дараа,  зарим тохиолдолд сарын дараа мэдэж цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл оройтож, хугацаа алдаж өгдөг. Тэр үед хэргийн газар дээр очиход, янз бүрийн байдлаар гэмт этгээдүүд ул мөрөө баллах, хэрэгт ач холбогдол бүхий эд мөрийн баримт устаж үгүй болох зэрэг хүндрэл бэрхшээлүүд гардаг. Жишээ нь гарын хээ, гутлын улны мөр тоосонд дарагдах, арилж алга болох гэх мэт.

Нөгөө талаас орон байрны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд хүний хөл хөдөлгөөн бага үед, дохиололгүй, камержуулалтгүй орчинг сонгон гэмт хэрэг үйлддэг тул сэжигтэй этгээдийг харсан үзсэн хүн буюу гэрч байхгүй,  хяналтын камерын бичлэг байхгүй тул илрүүлэхэд цаг хугацаа ордог.

- Гэмт хэрэг үйлдэгчдэд хүлээлгэх хариуцлагын тухайд?

- Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулгыг баталж, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу арван долдугаар бүлгийн 17.1 дүгээр зүйлд заасан хэсгээр хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

- Ингэхэд хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн нас, мэргэжлийн хувьд ямар байна вэ?

- Орон байрны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийн дийлэнх хувийг 14-30 насныхан эзэлдэг, боловсрол мэргэжлийн хувьд бага, бүрэн бус дунд, тусгай дунд, боловсролгүй, тодорхой эзэмшсэн мэргэжилгүй хүмүүс байх нь элбэг.

- Гэмт хэрэг үйлдэгчдэд хариуцлага хүлээлгэхээс гадна хохирогчдын хохирлыг хэрхэн яаж барагдуулдаг вэ? Мөн хохирлыг барагдуулах боломжгүй үед ямар арга хэмжэээ авдаг вэ?

- Орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд сайн дураараа барагдуулахыг санал болгодог. Мөн шүүгчийн захирамжаар тухайн этгээдийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгийг хураах арга хэмжээ авдаг.  Хохирлоо төлж барагдуулаагүй тохиолдолд  Монгол улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар авах ялын хэмжээ нь их байдаг.

- Ярилцлагын төгсгөлд иргэдэд хандаж сэрэмжлүүлэг хүргэхгүй юу?

- Нэгдүгээрт, Иргэд орон гэрээ аль болох удаан хугацаагаар эзэнгүй, орхиж явахгүй байх. Эзэнгүй орхиж явахаар бол хамаатан садан, найз нөхөд, хөрш айл, саахалт айлдаа сайн захиж явах, хаяа даа эргэж тойрч байх хэрэгтэй.

Хоёрдугаарт, Айл өрхүүд хөршийн холбоогоо сайжруулах хэрэгтэй байна. Хуучин айл өрхүүд бие биетэйгээ сайн харилцаатай байсныг бид мэднэ. Нэгнийхээр нь ямар хүн орж гарч байгааг их сүрхий, гярхай ажиглаж хардаг байсан. Гаднын хүн үзэгдвэл, юун хүн болох талаар нь, ямар айл сураглаж яваа талаар асуудаг байсан. Өнөө үед энэ байдалбага үэрэг алдагдчихаад байгаа. Өөрөөр хэлбэл нийгмээ дагаад хүний мөс чанар бас арай өөр болж байна л даа. Жишээ нь та хөдөө орон нутагт амьдардаг бол хол явахдаа саахалт айлууддаа захих, хотод орон сууцад оршин оршин суудаг байлаа гэхэд, хажуу хөрш айлдаа гэрээ захиад явах хэрэгтэй. Өөрийн холбоо барих утасны дугаарыг үлдээх, шаардлагатай тохиолдолд холбоо барих хүний дугаарыг гэх мэт. Энэ нь дан ганц хулгайн гэмт хэргээр зогсохгүй, үер ус, гал түймрийн аюул боллоо гэхэд түргэн шуурхай гэрийн эзэнд нь мэдэгдэж учрах эрсдэлээс сэргийлэх, хохирол багатай даван туулах ач холбогдолтой байдаг.

Гуравдугаарт, Оршин сууж байгаа газартаа аль болох камержуулалт, дохиоллын системийг бий болгох талаар санал санаачилга гаргах, байгаа бол чанарыг нь сайжруулах, тоог нь нэмэгдүүлэх.

Дөрөвдүгээрт, Цахим орчинг зөв хэрэглэж сурах хэрэгтэй байна. Удаан хугацаагаар гэр, орон байраа орхиж явлаа гэхэд, ядаж тэрийгээ олон нийтийн сүлжээнд мэдэгдүүлэхгүй байх, өөрсдийн байршлыг цахим ертөнцөд дэлгэхгүй байгаач ээ гэж хүсмээр байна. Та л өөрөө дэлгэхгүй бол хэн ч таныг гадуур гэрээсээ хол, гэртээ байхгүй байгаа гэдгийг мэдэх бололцоогүй шүү дээ. Мөн орон байр, гэрийн доторх байдлаа гэрэл зураг эсхүл видео хэлбэрээр аль болох цахим ертөнцөд дэлгэж тавихаас зайлсхийх хэрэгтэй. Иргэд өөрсдийн гэртээ байдаг эдэлж хэрэглэж буй алт мөнгөн эдлэл, хөөрөг, үнэт эдлэлээ харуулсан гэрэл зургийг цахим ертөнц, сэтгүүлд нийтэлж, энэхүү үйлдэл нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүдэд олз болж байсан тохиолдлууд ч байдгийг бодууштай.

Ярилцсанд баярлалаа. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх