Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/108071594_699770623904217_7106198099125690758_n.jpg

ТАХЛЫН ҮЕИЙН ХАРЬД ХАЯГДСАН МОНГОЛЧУУД ЖАГСАЖ БАЙНА

Европын 10 гаруй улсад гацсан 2500 гаруй иргэд эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлж ээлж дараалан жагсаал цуглаан зохион байгуулсаар байна. Тодруулвал Англи, Ирланд, Унгер, Герман, Франц, Латви, Швед зэрэг орнууд багтаж байна. Эдгээрээс Бүгд Найрамдах Ирланд Улс (БНИУ) дахь жагсаалаас бэлтгэсэн мэдээллийг онцлон хүргье.  

БНИУ-аас эх орондоо буцах  хүсэлтээ иргэд нэгдэж “Ирландаас ярьж байна” тайван жагсаалыг тус улсын нийслэл Дублин хотын төв талбайд зохион байгууллаа. Энэ ч үүднээс сургуулиа төгссөн оюутан залуус болон түр хугацаагаар зочилох визатэй очсон иргэд хил хааснаас хойш нийт 5 сарын хугацаанд тус улсад гацаад байгаа юм. Энэ хугацаанд тус улсаас нийтдээ 10 иргэн тусгай үүргийн онгоцоор эх орондоо буцсан байна. Харин Ирланд улсаас монгол буцах хүсэлтэй иргэд фэйсбүүк групп байгуулж нэгдсэнээр өнөөдөр ийнхүү тайван жагсаалыг зохион байгууллаа. Зохион байгуулагчдын  зүгээс тус улсаас чартер нислэгт хамрагдах иргэдийн тоо бага байгаад бухимдалтай байгаа бөгөөд энэхүү тайван жагсаалаараа тэд Европруу үйлдэх нислэгийн тоогоо нэмэгдүүлэх мөн чартер нислэгийн үнийг хямдруулах болон бусад шаардлагуудыг  холбогдох байгууллагуудад хүргэхийг зорьжээ.  Жагсаалд оролцогч зарим иргэдийн яриаг товчлон хүргье.

Иргэн Д.Очгэрэл: Би нэгдүгээр сарын 9-нд Ирланд улсад түр хугацааны зочилох визатэй ирсэн. Өнөөдрийг хүртэл өөрийнхөө дансыг хоослоод өрөөлийн дансруу ороод аргацаалж байна. Миний хувьд санхүү болон эрүүл мэндийн асуудалтай, богино хугацааны виза дууссан гээд нутаг буцах хүсэлтээ гаргаж чартер нислэгт багтахаар холбогдоогүй, хүсэлт гаргаагүй газар гэж үнэндээ алга. Иргэд чинь туйлдаж байна. Монгол төр гадаадад олон сар гацсан иргэдийнхээ санхүүгийн дарамтаас хуваалцахыг шаардаж байна.

Иргэн Б.Болд-Эрдэнэ: Европын 10 гаруй улсад гацсан нийт 2500 гаруй иргэдийг огт анхаарахгүй байна. Хил хааснаас хойш өнгөрсөн 4 сарын хугацаанд 3-хан чартер нислэг ирсэн 2500 гаруй хүн дунд шүү дээ. Жишээ нь миний байгаа Ирланд улсаас хил хааснаас хойш 10хан хүн л монгол буцсан байна. Сүүлийнх дээр ганцхан хүн авсан. Гэтэл эндээс 100 орчим иргэд буцах хүсэлтэй өгөөд 5 дахь сартайгаа золгоод хүлээж сууна. Бусад европын  орнуудаас мөн адил дундажаар 1-8 хүн л багтаж байна. Европруу үйлдэх нислэгээ нэмэгдүүлэхийг бид шаардаж байна.

Иргэн Б.Ундрах: Сургалтаар ирээд 3 сард буцах байсан боловч гацсан. Үнэхээр бухимдалтай байна. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд төр засгаас авч хэрэгжүүлж байгаа энэ худлаа шийдвэрүүдийг хараад үнэхээр бухимдаж байна. Хэнд нь үйлчлээд хэнд үйлчилдэггүй дүрэм журам бэ!!! Шудрага бус байна МОНГОЛ ТӨР, ил тод бус байна УОК. Харийн нутагт иргэд чинь үхэж байхад та нарын тэр шийдвэрүүд хэнд хэрэгтэй юм бэ! Монгол төр шудрага, ил тод байхыг шаардаж байна. Бид төрийнх нь үндсэн хууль нь иргэнээ хамгаалдаг ТЭГШ ялгаваралгүй хууль нь үйлчилдэг хүмүүнлэг, ардчилсан нийгэмд амьдрахыг хүсч байна.

Иргэн Б.Урансайхан: Би жирэмсэн. Сургалтаар ирээд 4 сард буцах байсан. Өдөр ирэх тусам л хэцүүдэж байна. Ирланд их өндөр өртөгтэй улс. Богино хугацааны визатай бас дээр нь визаны хугацаа дууссан. Жирэмсний хяналтанд ороогүй, эрүүл мэндийн үйлчилгээ одоо болтол авч чадаагүй байна. Ажил олж хийе гэхээр виза дууссан мөн энэ улсад 600 мянга гаруй хүн ажилгүй болсон гэж сонссон. Надад ч ажил олдсонгүй. Чартер нислэг бүрт л хүсэлтээ өгдөг ч одоог хүртэл багтаж чадаагүй л байна. Миат компанийг нислэгийн үнээ бууруулж энгийн үнээр үйлчлэхийг шаардаж байна.

Иргэн Г.Баярцэцэг: Би оюутны визатэй. Энэ 5 сард виза маань дууссан. Хоёр үрдээ очих гээд 3 сард буцах тийзээ авсан байсан. Өдөр бүр л ээжээ онгоц ирээд байна та яагаад ирэхгүй байгаа юм бэ? гэж асуух үрсээ хараад үнэхээр нулимсаа барьж дийлэхгүй юм. Үнэндээ л энэ төр засгийн харгис шийдвэрт гомдох зэвүүцэх зэрэгцэж байна. Ирланд улсаас нийтдээ 10хан хүн нутаг буцсан байна. Ирланд улсаас авах иргэдийнхээ тоог нэмэгдүүлэхийг шаардаж байна.

Иргэн Ч.Уян: Би энэ хавар сургуулиа төгссөн. Ирланд улсын засгийн газраас түр хугацааны визатэй иргэдийн визаны хугацааг 2 үе шаттайгаар 3.20-5.20, 5.20-7.20ны хүртэл автоматаар сунгахаар шийдвэрлэсэн. Харин өчигдрийн шийдвэрээр 7/20-ны өдрөөс хойш дахин сунгахгүй болохоо мэдэгдсэн. Тиймээс бид 7 сарын 20-ноос хойш хараар буюу бичиг баримтны зөрчилтэй иргэдийн тоонд орохоор болоод байна. Монгол улс иргэддээ хилээ нээхийг шаардаж байна.

Ирланд улсын хувьд ковид-19 халдварын анхны тохиолдол 2 дугаар сарын 27-нд бүртгэгдэж байсан ч тус улсын засгийн газраас яаралтай алхамуудыг авч хэрэгжүүлснээр хүндхэн үеэ ардаа орхиж “Бид цар тахлын 2-р давалгаанд бэлэн” хэмээн Ерөнхий сайд Врадкар мэдэгдэж хорио цээрийн дэглэмээ үе шаттайгаар сулруулсаар эргэн хэвийн амьдралдаа орсон байна. Гэсэн хэдий ч эх орондоо буцах хүсэлтэй монгол иргэдийн хувьд өдөр хоног өнгөрөс тусам нөхцөл байдал хүндсээр байгааг “Ирландаас ярьж байна” тайван жагсаалд оролцогчид хэлж байлаа.

Дашрамд дурдахад тэд Европид гацсан иргэдтэй цахимаар нэгдсэн байна. Тэдний зүгээс албан бичгээр шаардлагуудаа УОК болон холбогдох бүх шатны байгууллагуудад хүргүүлсэн гэлээ. Цаашид энэ тал дээр яаралтай арга хэмжээ авч ажиллахгүй аваас тухайн оршин суугаа улс орнуудынхаа Гадаад хэргийн яам болон хүний эрхийн холбогдох байгууллагуудад хандаж улмаар төрийн ордных нь гадаа суулт хийхээр дараа дараагийн үйл ажиллагаагаа төлөвлөөд байгаа гэнэ.

Таалагдахгүй байна

4
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.126.89.4]

2020-07-17 22:27:04

Иргэдээ хурдан татаж аваач, иргэддээ хилээ нээгээч.

Зочин

[64.119.19.217]

2020-07-17 09:47:18

Монгол улс чадлынхаа хирээр татаж байх юм.Миний монголчууд ямарч их олон оронд байх юм бэ.Монголдоо тархаагүй гаднаас зөөвөрлөхөд орж ирээд байх юм.Та нар маскаа сайн зүүгээрэй.гараа байнга угааж байгаа өдөр авах байхаа.Монголд гэсэн ажил багатайхан хагас хорионд ЭЗийн хувьд тааруухан л байна