etoim.mn
photos/таргалалт.png

Таргалалт гэж юу вэ?

Ихэнх хүмүүс таргалалтыг жингийн илүүдэл гэж ойлгодог. Харин мэргэжлийн ойлголтоор бол жингийн илүүдэл гэдэг ойлголтод булчин, яс, өөх, усны илүүдэл хэмжээ ордог. “Obesity“ буюу таргалалт гэдэг ойлголт нь биеийн өөхний хэмжээ ихсэхийг хэлнэ. Хүний биед шаардлагатай үед ашиглах өөхний нөөц гэж байх ба таргалах үед хэт их өөх хуримтлагддаг байна. Таргалалтын онцлогоос хамаараад эрэгтэй, эмэгтэй таргалалт гэж хуваадаг. Эрэгтэй таргалалт нь илүүдэл өөх нь гэдэс ба түүнээс дээш хэсэгт хуримтлагддаг бол эмэгтэй таргалалтын үед гуя, өгзөгний орчим хуримтлагддаг.

Таргалалт тэр тусмаа хүүхэд, залуусын дундах таргалалт хүн төрөлхтний санааг зовоосон асуудлын нэг болжээ. Манай улсад ч гэсэн таргалалт нэмэгдсээр байгааг эрүүл мэндийн байгууллагуудаас хийсэн судалгааны дүн харуулна. ДЭМБ, Мянганы сорилтын сан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран 2009 онд хийсэн судалгаагаар манай улсын 15-64 насны хүн амын 42.7 хувь нь илүүдэл жин буюу таргалалттай байсан бол жилийн дараахь судалгаагаар таргалалттай хүмүүсийн эзлэх хувь 54.4 хувь болж огцом өссөн байна. Дэлхий нийтэд бол долоон тэрбум хүний хоёр тэрбум орчим нь таргалалттай гэсэн судалгааг 2014 онд гаргаж байж.

Хөгжиж буй орнуудад  таргалалт нэмэгджээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Женев хотод Лондоны “Империал” дээд сургуультай хамтран хийсэн сүүлийн үеийн судалгааны үр дүнгээ өнгөрсөн аравдугаар сард олон нийтэд  танилцуулжээ. Өнгөрсөн 40 жилд дэлхий дахинд 5-19 насны тарган хүүхэд, залуусын 10 дахин нэмэгдсэн бөгөөд 2022 он гэхэд хэт таргалалттай хүүхэд залуусын тоо дунд зэргийн болон хэт туранхай хүний тооноос давах болно гэсэн судалгааны дүн гарсан байна.

ДЭМБ судалгааныхаа үр дүнг олон улсын анагаах ухааны “The   Lancet” сэтгүүлд нийтэлжээ. Судалгааны хүрээнд 5-аас дээш насны 130 сая орчим хүний биеийн өндөр ба жинд судалгаа хийсэн байна. Энэ нь хамгийн олон хүн оролцсон эпидемиологийн  судалгааны төсөл болжээ. 1000 гаруй судлаач 1975-2016 оны хооронд олон улсын хүмүүсийн биеийн үзүүлэлт, хэт таргалалт, өөрчлөлт ямар байсныг судалжээ.

Судалгааны дүнд 1975 онд олон улсын хүүхэд, залуусын таргалалт 1 хувьд хүрэхгүй, тухайлбал 5 сая тарган эмэгтэй хүүхэд, 6 сая эрэгтэй хүүхэд байжээ. 2016 онд эмэгтэй хүүхдийн таргалалтын хэмжээ 6 орчим хувь буюу 50 сая, эрэгтэй хүүхдийн таргалалтын хэмжээ 8 орчим хувь буюу 74 сая хүрчээ. Ерөнхийдөө 5-19 насны хүүхэд залуусын дунд тарган хүний тоо 10 дахин нэмэгдсэн байна. Мөн 2016 онд 213 сая хүний биеийн жин хэтэрсэн боловч тарганд тооцогдоогүй байна.

Тус төсөлд оролцсон ДЭМБ-ын мэргэжилтэн, доктор Фиона Булл “Таргалалт хүүхэд, залуусын өсөлтөд маш их сөрөг нөлөө үзүүлнэ” гэжээ. Мөн тэрээр “Таргалалтад олон талын сөрөг нөлөө бий. Юуны өмнө зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдар, булчингийн чадвар зэрэг асуудал байна. Ялангуяа хүүхдэд сэтгэл зүйн асуудал үүсгэдэг. Тарган хүүхдүүд өсч том болоод улам таргалах эрсдэл ихтэй учраас бид хойч үеийнхнээ таргалалтаас сэргийлэхийн тулд арга хэмжээ авах ёстой. Тулгарч буй бэрхшээл их бий” хэмээн ярьсан байна.

ДЭМБ-ын төслийн ерөнхий судлаач, Лондоны “Империал” дээд сургуулийн профессор Мажид Еззатти “Өнгөрсөн 40 жилд бага, дунд орлоготой улс орны хүүхэд, залуусын таргалалт илэрхий нэмэгдэж, өндөр орлоготой улс орны таргалалтын түвшин өндөр боловч нэмэгдэх хурд нь үндсэндээ тогтвортой  болсон” гэжээ.

эх сурвалж: Анагаахын иж бүрэн гарын авлага

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх