Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/J1A8074-1-6v6pn9pyckfozphjveqdc71n9h9lqfjbj7abdwlmdkw.jpg

“Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн зочноор ОБЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Г.Бат-Эрдэнийг урилаа. Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 15 дахь жилдээ ажиллаж байна. Эрхзүйч мэргэжилтэй. ОБЕГ-ын нөөц, санхүү, гал түймэртэй тэмцэх газраас бусад бүтцийн нэгжүүдэд мэргэжилтнээс газрын дарга хүртэл дэвшин ажиллаж байгаа удирдах ажилтнуудын нэг билээ.

Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?

– Ер нь нойрондоо харам хүн шүү дээ /инээв/. Ор дэрээ хураахгүй бол өдрийн ажил бүтдэггүй гэж бидний багад сургасан ахуйн хүмүүжлээс л өглөөг эхлүүлдэг дээ. Тэгээд гэр бүлийнхэнтэйгээ ширээ тойрч суугаад, өглөөний цайгаа ууцгаагаад ажилдаа гардаг.

Хүний сонирхол хязгааргүй. Таны хувьд амьдралдаа хийж үзэх юмсан гэж хүсдэг зүйл байдаг уу. Яагаад?

Их сонин асуулт байна. Яагаад ч юм яг одоо ийм зүйл хүсдэг гэж хэлэх зүйл санаанд орохгүй байна. Гэхдээ надад боломж, авъяас хоёр зэрэг заяаж, нөхцөл байдал сайнаар эргэвээс Онцгой байдлын албаныхаа онцлог, алба хаагчдынхаа ажил амьдралын талаар зохиол бичиж, найруулж кино хийхийг хүсдэг болоод байгаа. Яагаад гэвэл, энэ албаны онцлог, залуучуудын эх орон, байгаль дэлхий, хүн ардын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа чин хүсэл, сэтгэлийн галыг харах, мэдрэх бүрт ямар нэгэн зүйлээр хариу барих өр сэтгэлд, зүрхэнд үүсдэг.

Та өөрийнхөө бодсоноор амьдарч чадаж байна уу,эсвэл?

Тиймээ, би их азтай хүн. Гэр бүл, ажил, хамт олон гээд миний мөрөөдөж амжаагүй их аз завшаантай амьдралыг туулж байна. Миний эцэг, эх дандаа сургаал үгээр үр хүүхдээ хүмүүжүүлдэг байсан. Үүний дотроос миний сэтгэлд ямагт явдаг үг бол “Өлсгөлөн боловч цатгалангийн дайтай, өнчин боловч өнөрийн дайтай амьдарч яваарай” гэж захисан захиас үг. Мэдээж ийм юм дутуу, тийм юм дутуу гээд хорвоогийн бүх гоё, эрээн мяраан зүйлст дурлаад, өөрийн тавган дахь хоолоо голж өрөөлийн таваг руу өнгийгөөд байвал бүх зүйлээр хангадаг бирд энэ дэлхий дээр байхгүй учир энэ нь өөрөө сэтгэлийн зовлон юм.

Нас, насны мөрөөдөл өөр байдаг гэх нь бий. Таны мөрөөдлийн өнгө хэр өөрчлөгдсөн бэ?

Нас, туулсан амьдрал, агшин хором бүрт хүний амьдралын эрээн бараан, жаргал, зовлон ээлжилсээр хүсэл, сонирхол, тэмүүлэл түүнийг дагаж байнга хөгжиж, өөрчлөгдөж байдаг. Миний бага нас сумын төвд өнгөрсөн. Зургадугаар анги төгссөн жилээ хүүхэд харах томилолт авч анх Улаанбаатар хотод хөл тавьсанаа огт мартдаггүй юм. Тэр үед л хичээл, сурлагадаа анхаарч энэ гоё газар амьдрах, хэрэв чадахгүй бол талбайн цэвэрлэгч ч болтугай хийгээд энэ газарт амьдрах ёстой гэсэн хүсэл, мөрөөдөлтэй болсон минь миний энэ насны амьдралыг чиглүүлэх луужин, харгуй болсон.Миний мөрөөдлийн өнгө ямагт цагаан байдаг. Одоо бол үр хүүхдүүд минь өвчин зовлонгүй өсч, амар амгалан нийгэмд амьдаасай гэж л хүсэх нь миний мөрөөдөл болоод байна. Сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг харж, уншиж байхад хар тамхины хэрэглээ үнэхээр сэтгэл эмзэглүүлж байна. “Гутранги үзэлтэн бол боломж бүхэн дотроос хэцүүг нь олж хардаг, харин өөдрөг үзэлтэн бол хэцүү бүхний дотроос байгаа боломжийг олж ашигладаг” гэж У.Черчилл хэлсэнчлэн залуучууд маань сайхан, хүмүүнлэг нийгмийг цогцлоох, зөв амьдрах арга барилыг эзэмшээсэй гэж мөрөөдөж байна.

Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг хүн амжилтад хүрдэг гэсэн үг бий. Энэ тухай таны бодол?

Үүнийг зөвхөн удирдлагаас өгсөн гэдэг утгаар нь ойлгох хэрэггүй болов уу. Бид гэр орондоо, үр хүүхэддээ ажил хуваарилахдаа насанд нь тохирсон чадах ачааг үүрүүлдэг шиг төрийн ажил, түмний итгэлийг мөн л ачаа даах ноён нуруутай хүнд үүрүүлж, тэр чинээгээрээ зүтгэлийг нь үнэлдэг. Төрийн албаны тухай хуулийн дагуу тангараг өргөж, тухайн ажлыг хариуцсан хүн ажил үүрэгтээ хандахдаа лангуунаас худалдан авалт хийж байгаа мэт сэтгэлээр хандах, энийг хийнэ, тэрийг хийхгүй гэсэн хандлагатай байж таарахгүй.

Магтаал, шүүмжлэл хоёрын аль нь таныг “хурцалдаг” вэ?

Уг нь болдогсон бол магтаал нь жаахан илүү байвал… Хүн бол сэтгэлийн амьтан. Чухамдаа өөрийн санаа сэтгэлээр амьдрал ахуйгаа залж зурдаг бөгөөд өвчин зовлонг ч бас дууддаг гэдэг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж үг байдаг даа, мэдээж магтаал, шүүмж бодитой байх нь хамгийн чухал.

Аз жаргал бидэнд хэр ойр оршдог бол?

Хорвоод ирэхдээ хүн заллагагүй ирж буцахдаа зардалгүй явдаг гэдэг. Тиймдээ ч аз жаргал ямагт дэргэд байдаг гэж боддог.

Таны бахархал?

Хүмүүнлэг сэтгэлийн цугларалт болсон албаараа бахархаж явдаг.

эх сурвалж: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх