Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/StrictlyAleshaA460.jpg

Энэ бүжиг АНУ-ын Зүүн Өмнөд нутгийн негрүүдийн дундаас үүсчээ. Мөн Флорид нутгийн Семинол индианчууд дайнч бүжиг хийдэг байв. Зарим хүмүүс негрүүд энэ бүжгийг индианчуудаас хуулбарласан, харин зарим нь индианчууд энэ бүжгийг Африкаас авчирсан негрүүдээс хуулбарласан гэж үздэг байна. Гэхдээ сүүлийн санаа нь үнэнд арай ойртож очдог. Учир нь Баруун Африкийн Волоф хэлний "жев" буюу "үл ойшоон ярих" гэсэн үгнээс үүсэлтэй байж магадгүй. Мөн "жайв" гэдэг үг нь негрүүдийн этгээд үг болох "төөрөгдүүлсэн яриа, хэтрүүлэл", Английн "жайб" буюу "тохуурха" гэсэн үгнээс үүссэн байж магад гэдэг. Бас "эрээн мяраан", "марихуан", "бэлгийн харьцаа" ч гэсэн хувилбарууд байдаг.

1880-аад оны үест Өмнөдийн негрүүдийн дунд уг бүжгээр тэмцээн зохиож шагналд нь бялуу өгдөг байснаас"Бялууны алхаа" гэж нэрлэдэг байж. Бүжигт оролцогчид хамгийн сайхан хувцсаа өмсөн баяр ёслолын цуваагаар бүждэг байв. Хувцсыг "rag" буюу "даавууны өөдөс" гэж ёжилсноос үүдэн бүжгийн хөгжмийг Рагтайм гэдэг болсон байж магадгүй юм. Энэ бүжиг болон хөгжим хожим Чикаго, Нью-Иоркийн негрүүдийн дунд дэлгэрэв.

1901 онд хатан хаан Викториа нас эцэслэмэгц Англи хэлтний нийгэм эрчтэй бүжгийг илүү сонирхох нь илүү чөлөөтэй болж, ингэснээр негрүүдийн дундаас төрөн гарсан Янкийн орооцолдоо, Техасын даавууны өөдөс, Хөгжилтэй пижигнээн, Сайхан өгзөг, Явган суулт, Загатнаа, Нүдүүр, Хэсэлт г.м энгийн бүжгүүд цагаан арьстнуудын дунд орж иржээ. Тэдгээрийн олонхи нь Цацагт хяруулын шогшоо, Морин шогшоо, Бүргэдийн савлаа, Наймаалжны алхаа, Тасын үсрэлт, Загасны сэлэлт, Тэмээний алхаа, Хазгар галуу, Молтогчингийн үсрэлт, Кенгуруны цовхчоо, Хүрэн баавгай зэрэг амьтдын нэртэй байсан нь сонирхолтой. Жайвд одоо хэр нь Молтогчингийн үсрэлт буюу Banny Hug гэдэг стандартын алхмууд байдаг. Дээрхи бүжгүүдийг бүгдийг нь 2 ба 4-р цохилтон дээрээ хүчтэй Рагтайм хөгжмийн аянд бүжиглэдэг байв. Бүгд л алхалт, савчилт, үсрэлт, найгалт зэрэг төстэй хөдөлгөөнүүдтэй байсан ба хослон бүжиглэгчид нэлээд эрээ цээргүй, заримдаа эмэгтэйчүүд биеэ хааж байгаа ‘бамбай’-гаа ч тайлдаг байжээ.

1910-аад оны үед сонирхолтой өөрчлөлт болж, тус тусдаа байсан бүжгүүд нийлж, бүжигчдэд урам зориг өглөө. Бүх эрэгтэй бүжиглэгчид дэглээч болж , бүжгийн алхаанаас эхлээд хөгжмийн хэмнэл хүртэл өөрчлөгдөв. 1910 онд Ирвин Берлины ‘Александрын рагтайм хамтлаг’-ийн тоглолт дэлхийн хит болж байлаа.

1920-иод онд Рагтайм хөгжим Свинг болон хувирч, шинэ бүжгүүд дэлгэрэв. 1913 онд Харри Фокс Нью-Иоркийн тайзнаа Фокстротыг үзүүлэн, Кэйп Верди арал дээр Чарлестон үүсчээ. Чарлестоныг Чарлестоны онгоцны зогсоолын негр ачигчид түргэн эргэлддэг бүжиг болгон өөрчилсөн байна. Анх Жорж Вайт 1922 онд нэгэн шог гараан дээр бүжиглэжээ. Зэрлэгдүү шинжийнх нь улмаас бүжгийн танхимуудад нэг бол түүнийг хориглож нэг бол товчоор ‘PCQ’ (чарлестонгоо аядуу хийнэ үү) гэсэн бичиг тавих болжээ.

Жорж Вайтын "1926 оны шившигт явдал" тайзны тоглолтоос Блэк Боттом дэлгэрчээ. Блэк Боттомыг Нью-Иорк, Нью-Орлеанаас гаралтай гэж ярилцдаг ч Детройтын захын хороололд үүссэн бололтой.

1927 онд Фокстрот, Чарлестон, Блэк Боттом бусад амьтны алхалтуудтай нийлж Линди Хоп нэртэй болов. Тэр жил Чарлез Линдберг анх удаа Атлантын далайн эрэг хавийн орнуудаар тасралтгүй нислэг хийсний дараа түүний нэрээр ийн нэрлэжээ. Энэ нь бүжигчид маш их цагаа агаарт өнгөрөөдгөөс тэр биз. 1934 онд Каб Колловэй энэ бүжгийг солиорч буй бясаатай (juttering bug) адил гэснээс удалгүй Жаттербаг гэгдэх болжээ.

Жайвийн шассе (хажуу тийш, хаалттай, хажуу тийш) хэмээх үндсэн хөдөлгөөний алхалт бүрийн дараах хагас цохилтон дээр ташаа хөдөлж, алхалтууд өлмий дээр явагдах ба биеийн жин дагаж хөдөлнө. Шассег хийх үед эхний хөл өлмийгөөр өндөрт өргөгдөж, үлдэх хөл өлмий дээр эгцэрсэн байх нь бүжиглэгчийг жингүйдсэн мэт харагдуулдгаас түүнийг "саран дээрх алхалт" гэж нэрлэсэн байдаг.

Эхэндээ, 1927 онд зөвхөн залуучууд жайвыг сонирхож, настайчуул түүнийг дэвшилгүй зүйл, заалаар цагийн зүүний эсрэг чиглэлд тойрон бүжиглэдэг бусад бүжигчдэд саад учруулдаг хэмээн буруушааж, бүжгийн танхимуудад хориглохыг оролдож байлаа.

Гэвч залуучууд болон энэ бүжгийн хоорондын нөхөрлөл нь түүний дараачийн хувилбарууд болох Свинг, Бүүгий-Вүүгий, Б-Боп, Рок’н Ролл, Твист, Диско, Хастл, Серокийг дамжин үргэлжилсэн юм. Үеэс үед аль ч түүхэнд залуу үеийнхэн бүжгийг бишрэн шүтэн баяр баясгалантай байхыг хүссээр ирсэн. Бүжгийг бишрэн шүтсэнээр тэд нинжин сэтгэлтэй болж, өвчин эмгэг, гэмт хэрэг, элдвийн шашин шүтлэг, хар тамхи зэргээс холуур тойрч гардаг билээ.

эх сурвалж: МОНГОЛЫН БҮЖГИЙН СПОРТЫН ХОРОО

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх