Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/94031530_3293322564034844_3767781883144830976_n.jpg

Ковид-19 буюу титэм вирусийн тахалаас үүдэн дэлхийн хөлбөмбөгийн нийт лигийн 97 хувь нь зогсож зарим багууд санхүүгийн хүнд байдалд ороод зогсохгүй хөлбөмбөг сонирхогчид ч дуртай спортоо үгүйлсээр байна.

Тэгвэл Германы Бундеслиг, Италийн Сери А зэрэг томоохон лигүүд ирэх саруудад эргэн явагдахаар бэлтгэл ажлаа базааж байна.

Жишээ нь Боруссия Мюнхенгладбах болон Кельн багуудын үзэгчгүй тоглолтоор сүүл болгож лигээ завсарлуулсан Германы дээд лиг Бундеслиг ирэх сарын эхээр эргэн явагдаж магадгүй болсон. Германы канселлер Ангела Меркел тэргүүтэй дээд албан тушаалтнуудын хурал өнгөрсөн долоо хоногт явагдаж, хэлэлцэх асуудлуудын дунд лигийг дахин эхлүүлэх асуудал багтаж байсан ч энэ талаар ярилцсангүй. Харин олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахтай холбоотой хоригийг 4 сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан юм. Олон нийтийг цуглуулсан энэ мэт үйл ажиллагаа вирусийн тархалтыг дэгдээх магадлалтай учир 8 сар хүртэл хориг сунгагдах боломжтой талаар ч тус хурал дээр яригдсан. Гэсэн ч Бундеслигийн тэргүүн Кристиан Зайферт дээд болон доод лигийн тоглолтууд үзэгчгүйгээр 5-р сарын эхээр нээх боломжтой гэж үзэж байгаагаа хэлсэн. Одоогоор багууд өндөр хяналт шалгалт, эрүүл мэндийн үзлэгийн дор бэлтгэл сургуулилтаа хийж эхлээд байна.

Тэгвэл Францын дээд лиг болон доод лигийн тоглолтууд 6 сарын 17-ноос эхлэн явагдах болсон талаар дотоодын хэвлэлүүд дээр нийтлэгдсэн байна. 3 сарын 13-наас эхлэн зогссон тус лигийн багууд хэдийн бэлтгэлдээ гараад эхэлсэн бөгөөд хэрвээ лиг дахин эхэлсэн тохиолдолд бүх тамирчид болон албаны хүмүүсийг вирусийн шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн журмыг сахин биелүүлж, үзэгчгүйгээр тоглолт явуулахыг багууд зөвшөөрчээ. 7 сарын 25-ны өдөр лигээ дуусгахаар төлөвлөөд байгаа ч хэрвээ нөхцөл байдал хүндэрвэл энэ хугацаа дахин сунгагдаж эцсийн байдлаар 8 сарын 22 гэхэд лигийн сүүлийн тоглолт явагдахаар яригдаж байна.

Испанийн Ла Лигийн хувьд багууд мөн л эрүүл мэндийн үзлэг болон бусад журмуудыг баримтлан бэлтгэлээ хийхээр зөвшөөрсөн байна. Үүнээс гадна Испанийн Хөлбөмбөгийн Холбоо болон Ла Лигийн тэргүүнүүд вирусийн улмаас орлого нь хүнд байдалд орсон олимпийн болон паралимпийн спортын төрлөөр хичээллэдэг тамирчдад туслах зорилгоор 10 сая евро буюу 8.7 сая фунт стерлингийн санг бүрдүүлэхээр тохиролцсон байна.

Лигүүд ийнхүү завсарлаж, хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа учир УЕФА-гийн Аваргуудын лигийн хасагдах шатны тоглолтууд ч хэзээ явагдах нь тодорхойгүй байна. Гэсэн ч Европийн Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Александер Чеферин тун удахгүй нөхцөл байдал дээрдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд тоглолт болохгүй байснаас үзэгчгүй явагдсан нь дээр гэж бодож байгаагаа илэрхийлжээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх