Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/DSC00621.JPG

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд төвлөрсөн бус дулаан хангамжтай нийтийн болон хувийн орон сууцнууд халаалт дулаанаа дэвшилтэд технологи болох газан халаагуурт даатгадаг болсон.

Манай улс ч гэсэн дэлхийн жишгээр бие даасан халаалтын системийг хэрэглээндээ нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрсөн билээ. Үүний нэг жишээ нь: “Газком” компани нийслэлийн гурван дүүргийн зургаан сургууль, цэцэрлэгийн нам даралтын зуухыг хийн халаалтын системээр солих ажлыг гүйцэтгэсэн явдал юм. Үүнээс гадна 50 гаруй өрхийг тус дулааны системд холбож халаалтыг нь шийдвэрлэсэн байна. Тиймээс тус компанийн зүгээс өөрсдийн ажлыг улам өргөжүүлэн Улаанбаатар хотын агаарыг бохирдлыг бууруулж, төвийн дулаан дагаж чихэлдэж амьдрах иргэдийн тоог бууруулах зорилт тавьжээ.

Энэ ажлын хүрээнд УБТЗН-тэй хамтран “Туул зөрлөг”-ийн 14 өрхийг бие даасан халаалтын системд холбож өнөөдөр хүлээлгэн өглөө. Ингэснээр тус зөрлөгийн оршин суугчид дахин түлээ нүүрс болон дулаандаа санаа зоволгүйгээр төвийн орон сууцнуудаас дутахгүй хүссэн үедээ халаалтаа тохируулан тухтай амьдрах боломжтой болж байгаа юм.

ХОНХОР БОЛОН ТУУЛ ӨРТӨӨНД ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ДУЛААНЫ ШИЙДЛИЙГ ХАРЬЦУУЛЖ  ЭДИЙН ЗАСАГТ ХЭМНЭЛТТЭЙГ НЬ СОНГОНО

Төмөр зам, далайн тээврийн бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Б.Артур:  Хонхор, Туул зөрлөгүүд нь Улаанбаатар хотын ногоон бүст оршдог. Туул зөрлөгийн энэ ногоон байшинг анх 1982 онд УБТЗ өөрсдийн хүч хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулж байсан түүхтэй. Өмнө нь энд байрлах өрх бүр зуухаар галлаж өвлийн зутруухан өнгөрөөдөг байсан. Харин энэ жилээс УБТЗ өөрсдийн хөрөнгөөр тус байрыг бүхэлд нь бие даасан халаалтын системд холбож иргэд нь дулаанаа авч байна.

Мөн бид Хонхорт цахилгаанаар халаах туршилтын ажлыг эхлүүлсэн. Харин энд газаар халдаг узел нь ашиглалтанд орж байна. Энэ хоёрыг харьцуулж үзэн улмаар эдийн засагт хэмнэлттэй шийдлийг цаашид ашиглах зорилттой байгаа. Бидэнд өгсөн мэдээллээр өмнө нь Туул өртөөний өрхүүд ид хүйтний үед сардаа 280 мянга орчим төгрөгөөр түлш түлдэг байсан бол бие даасан дулааны системтэй болсноор ид хүйтний улиралд мкв-аас шалтгаалаад 150-180 мянган төгрөгийн зардал гарна гэсэн тооцоо байгаа юм билээ.

ДУЛААХАН, ТУХТАЙ СУУНА ГЭДЭГ ЧИНЬ  БИДЭНД МӨРӨӨДӨЛ ТӨДИЙ БАЙСАН

Туул зөрлөгийн оршин суугч өндөр настан Э.Булганцэцэг: Эгч нь сургууль төгссөнөөсөө хойш Улаанбаатар төмөр замд 29 жил ажиллаад насандаа суусан. Өнгөрсөн хугацаанд удирдлагуудаасаа халаалтыг шийдвэрлэж өгөхийг их хүсдэг байлаа. Тухайн үед боломж бололцоо нь бүрдэж өгдөггүй байсан юм шиг байгаа юм. Манай байр чинь өвөлдөө их хүйтэн. Анх 12 айл байсан ч хоёр том өрөөг хуваагаад одоо 14 өрх амьдардаг. Өрөөний том жижгээс шалтгаалаад жилдээ 10-15 тонн нүүрс түлдэг ч тухтай сайхан дулаахан сууж үзээгүй.  Бид нар гадуур хувцастайгаа л суудаг байлаа.

Дулаахан тухтай сууна гэдэг чинь бидний мөрөөдөл төдий байсан. Хүйтнийг тэсэхгүй залуу хүмүүс нь гэр барьж гарах эсвэл айлын хажуу өрөө хөлслөх зэргээр аргацаадаг байсан. 

Гэрийнхэн ажил, сургуульдаа яваад өгнө. Тэгээд эгч нь арын пингээс нүүрсээ зөөж оруулна. Энэ эмэгтэй хүнд энэ их хүнд заримдаа гар хагараад их хэцүү байсан. Бас их утаатай ямар сайндаа л угаар мэдрэгч байнга дуугараад үнэхээр хэцүү. Харин азаар Төмөр замын удирдлагууд минь халаалтыг шийдвэрлэж өгөөд эгч нь  их баяртай байна.  

Өчигдөр анх уда халууцаад гадуур хувцсаа тайлаад тухтай сууж үзлээ. Өмнө нь хот хүрээ орж айлд очихдоо л энэ мэдрэмжийг авдаг байсан. Үнэхээр баяртай байна. Үнийн хувьд боломжийн байгаа нь илүү их таалагдаж байгаа. Тиймээс Төмөр замын удирдлагууддаа болон Газком кампанийн хамт олонд талархлаа илэрхийлмээр байна.

ДУЛААНЫ ХОЁР ДАХЬ ЭХ ҮҮСВЭРТЭЙ БОЛСНООР ХОТ ТӨЛӨВЛӨЛТӨД ТОМООХОН ӨӨРЧЛӨЛТ ОРНО ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

“Газком” компанийн үүсгэн байгуулагч Д.Сэржбүдээ: Манай “Газком” компани энэ жил нилээн ажлууд төлөвлөсөн. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард УБТЗ-тай ярилцаад төвийн дулаанд холбогдох боломжгүй өртөөнүүдийн айл өрхийг бие даасан халаалтын системд холбох санал солилцсон юм. Улмаар энэ оны гуравдугаар сараас албан ёсоор эдгээр айл өрхүүдийг бие даасан халаалтын системд холбох ажлаа эхлүүлсэн. Ингээд өнөөдрөөс эхэлж энэхүү Туул зөрлөгийн айл өрхүүд төвийн дулаантай дүйцэхүйц дулааны системтэй болж байна. Цаашлаад бусад өртөөний айлуудыг хийн халаалтын системд холбох ажлыг шат шатаар УБТЗ-ын удирдлагуудтай ярилцаж хийх төлөвлөгөөтэй байгаа.

Ер нь энэ жил манай “Газком” компани санаачлага гаргаад Улаанбаатар хотын төвийн дулаанд холбогдох боломжгүй алслагдсан томоохон барилга байгууламжууд ялангуяа сургууль, цэцэрлэгүүдийг хийн халаалтад шилжүүлэх ажлуудыг НЗАА-тай шууд хамтран ажиллаж хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр Улаанбаатар хот дулааны ганц эх үүсвэртэй байсан бол одоо хоёр дахь эх үүсвэр бий болж байна. Улмаар хот төлөвлөлтөнд нилээд том өөрчлөлт орж төвлөрөлт саарна гэж харж байна.

Хийн халаалтын систем гэхээр иргэд аюулгүй байдалд ихээхэн санаа зовдог. Бид энэ асуудалд дээд зэргээр анхаарал хандуулж ажиллаж байгаа. Улсын хэмжээнд дагаж мөрдвөл зохих бүхий л аюулгүй ажиллагааны ноорм, дүрэм, журам, стандартаас гадна дулхийн шилдэг гэгдэх Япон улсын ISO14001 гэсэн олон улсын стандартыг Монгол улсад шууд нэвтрүүлэн ажиллаж байна. Мөн манай аюулгүй ажиллагааны тал дээр Японы гурван тэргүүлэх зэргийн хийн хангамжийн компаниуд зөвлөхөөр ажиллаж байгаа.

БИЕ ДААСАН ХАЛААЛТЫН СИСТЕМД 14 ӨРХ ХОЛБОГДОЖ УЛМААР АГААР БОХИРДУУЛАХ 14 ЯНДАН БАЙХГҮЙ БОЛЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Хүрэлбаатар: Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд утааг бууруулж, агаар орчныг цэвэр байлгах аянд дөрвөн чиглэлээр нэгдэн ажиллаж байгаа. Эхний ээлжид бид зорчигчийн вагонуудад бүрэн шаталтын тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан. Хоёрдугаарт Улаанбаатар хотын бүст амьдардаг 2000 гаруй өрхүүдэд түлшний хөнгөлөлт болох 30 хувь болох 60 мянган төгрөгийг 135 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн.

Гурав дахь томоохон ажил нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төв засварын үйлдвэрийн уурын зуух байдаг. Үүнийг НЗДТГ-тай хамтран санамж бичиг байгуулж зуухнаас салж үүнийг дулаан хувиарлах төв болгож өгөх гэж байгаа.

Дөрөвдүгээрт “Туул, Хонхор” гэх Улаанбаатар хотын ногоон бүст орших УБТЗ-ын ажилчдын технологийн сууцнуудын халаалтыг шийдэх асуудал. Дэд бүтцээс хол алслагдмал газар газ, цахилгаан гэсэн шинээр орж ирж байгаа халаалтын системээс сонголт хийж байгаад нэгдсэн халаатын системд холбоно. Энэхүү халаалтын системд холбогдохын өмнө манай орон сууцны ангийн зүгээс тус барилгыг подвол болон хананаас нь дулаалж дулаан алдагдлыг шийдвэрлэсэн. Ийнхүү бие даасан халаалтын системд 14 өрх холбогдож улмаар агаар бохирдуулах 14 яндан байхгүй болж байгаад баяртай байна.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх