Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/DSC_0726.jpg

“Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажил эхлээд удаагүй байна. Уг музей байгуулахтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган   “Чингис хаан” музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах үүрэг бүхий “Эрдэмтдийн зөвлөл” байгуулсан юм.

  ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлээр ахлуулсан тус Эрдэмтдийн зөвлөл өнөөдөр хуралдаж  ажлын хэсгийн танилцуулгыг сонсч, “Чингис хаан” музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах үүрэг бүхий Эрдэмтдийн зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ын төслийг хэлэлцэж баталлаа.

 Үүний дараа БСШУС-ын сайдын тушаалаар байгуулагдсан Соёл урлагийн газар, Чингис хааны өв соёлын хүрээлэн, ШУА-ийн түүх угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн,  Соёлын өвийн үндэсний төв, Монголын үндэсний музейн төлөөлөл багтсан  ажлын хэсгийнхэн төлөвлөгөөний дагуу хийгдэж буй ажлаа танилцуулсан юм.

Одоогоор  “Чингис хаан” музей нь нийт 15 танхимтай байхаар төлөвлөгджээ. Өнөөдрийн хувьд  зөвхөн  3-4, 5-6 дугаар давхруудын дэглэлтийг танилцууллаа. Ажлын хэсгийн танилцуулгаар бол музейн 3-4 дүгээр давхарт Эртний улсуудын танхимын үзүүллэг төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр давхарт Хүннү гүрэнтэй холбогдох үзмэрийг төлөвлөсөн юм байна. Харин 5-6 дугаар давхаруудад Эзэнт гүрний түүхтэй холбоотой дэглэлт хийхээр төлөвлөжээ.  

Эрдэмтдийн зөвлөлийн гишүүд “Чингис хаан” музей нь Үндэсний түүхийн музейгээс ялгарах онцлог нь юу байх. “Чингис хаан” гэсэн нэрээ бүх үзмэртэйгээ холбож ажиллахыг ажлын хэсгийнхэнд анхааруулж энэ чиглэлээр зөвлөмж гаргаж өгөхөөр тогтлоо.     

 Мэдээллийн төгсгөлд ажлын хэсгийн ахлагч  Д.Рэгдэл  “Өнөөдрийн бидний уулзалт “Чингис хаан” музейн гол дэглэлтийг  юун дээр  зангидаж явах тухай байлаа. Хүн бүр саналаа хэллээ. Жишээ нь, А.Цанжид гишүүн “Монголын түүх дээр зангидаад явья” гэж байна.  Бид энэ саналаа нэгтгэж зөвлөмж хүргүүлнэ.  Үүний өмнө бид Ерөнхий сайдтай уулзахад “Чингис хаан” музей  нь монголын төрт ёсны түүхийн музей байх юм шүү. Төрт ёсны түүхээ үзээд монгол хүн бахархаж байх ёстой гэж хэлсэн. Тиймээс бид төрт ёсны түүхээр ч юм уу, ер нь монголын түүхээр дамжуулаад  дэлхийн хүн төрөлхтний хөгжил дэвшилд монголчууд маань ямар хувь нэмэр оруулсан юм. Ийм сайн жишээ дэлхийд олон  байгаа. Үүнийг л “Чингис хаан”  музейн гол чиг шугам болгож авч явах учиртайг тодорхойлж өгье. Тэр жишээг музейн бүтээн байгуулалтын бүхий л ажилд анхаарах  нь зөв байх. Зөвлөлийн гишүүдээс гарсан бас нэг чухал санал бол Чингис хаан гэдэг нэрээ үзмэрийн сан бүрдүүлэхдээ  онцгой анхаарахыг хэлж байна. Чингис хааны өөрийн эдэлж хэрэглэж байсан зүйл хэдийгээр ховорч гадаадаас хуулбарлах, шинээр бүтээн байгуулах үзүүлэлт, дэглэлтдээ маш сайн холбогдуулж өгөх хэрэгтэй. 

“Чингис хаан” музейн барилга бол том биш, зай талбай багатай. Тиймээс  орчин үеийн технологи ашиглаж таарна. Виртуаль байдлаар 3D, 5D хэмжээгээр тухайн цаг үед очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлгэцүүдийг бэлдэх, 5 хэлээр тайлбараа хэлдэг байх зэрэг нь хүнд  асуудал биш байх. Гэхдээ бие даан хийхэд амаргүй байж мэднэ. Тиймээс  гадаадын энэ чиглэлийн томоохон  мэргэжилтэн урьж  ажиллуулах саналыг манай ажлын хэсгийнхэн ярилцаарай” гэсэн юм. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх